Камерын улирал
Монгол орон зуд турхантай амаргүй өдрүүдийг өнгөрүүлж буй ч хэдийнэ хаврын урь оржээ. Жавартай, жихүүн ч ирж яваа цаг учир цаанаа л нэг дулаахан.
Харин гурван саяулаа шаагилдан оршдог сошиал ертөнцөд улирал хавраас өвөл рүү шилжиж, хахирган хүйтэн орчин нэгэнт бүрджээ. Зуны сонгуулийг угтан нэгнийхээ булай бичлэгийг дэлгэх мода дэлгэрэн, жихүүн хүйтэн жавар хургуулж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий камерууд нь эргээд хүний эрхийн зөрчил үүсгэж, нэгнээ намнах, бусдын мууг үзэх зорилго бүхий хэрэгсэл л болж хувирлаа.
“Камерын улирал” нэгэнт эхэлж, сонгууль дөхсөнийг сануулан камергүй хандив, камергүй тусламж, камергүй сэтгэл алга болж, “хайрыг татах уралдаан” ч эхэллээ.
Төмөр замын дарга нар ба Цэцийн гишүүн
“Тавантолгой төмөр зам” ХХКийн дарга нар оройн цагаар ажлын байран дээрээ архидан согтуурч, завхайрч байна” хэмээх бичлэг цахим орчинд 2024 оны хоёрдугаар сарын 20-нд цацагдсан. Бичлэг цацагдсан даруй улс орон даяар шуугиан тарьж, цацагдсан өдөр нь “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдэгдэл гаргаж, тус компанийн Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Ж.Б, нягтлан бодогч Ж.Н, Сургалтын мэргэжилтэн Ц.Б, Захиргаа удирдлагын газрын дарга М.Г, Захиргаа хэлтсийн дарга Ц.Ц нарыг ажлаас нь халж буйгаа мэдэгдсэн юм. Уг нь бичлэгт гарч буй үйл явдал 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний шөнө болсон гэдэг. Гэвч энэ цагт гаргаж ирж, халагдсан хүмүүс нь сайдын хүмүүс байсан гэх бор шувуу нисгэх нь огтоос санаандгүй зүйл биш юм.
Үүний дараагаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Баясгалангийн ажлын байран дээрээ согтуу байгаа бичлэг нь цацагдаж мөн л нийгэмд дуулиан тарилаа. Энэ мэтчилэн “Бичлэг дэлгэх мода” цааш түгэх нь. Хаана, хэзээ, хэрхэж буй хэчнээн ийм бичлэг тарахыг таашгүй.
Эрүүгийн ялтай ч
Хувь хүний зөвшөөрөлгүй дуу, дүрс, бичлэг түгээснээр Эрүүгийн гэмт хэргийн дагуу ял хүлээдэг. Зөрчлийн хуулийн дагуу ч шийтгэгддэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасны дагуу орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуудүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдэг. Мөн Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, бусдад дамжуулсан, бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээжээ. Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгох аж. Харин Зөрчлийн хуулийн 6.22- д “Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.
Бүртгэгддэггүй гэмт хэрэг
Гэвч харамсалтай нь, энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2022 онд ч тэр, 2023 онд ч бүртгэгдээгүй байна. 2023 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг шүүж үзвэл хүн худалдаалах 11, хүн хулгайлах нэг, хүнийг хүчээр алга болгох гурав, заналхийлэх 62, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох 34, хууль бусаар мөрдөж мөшгих 9, албадан хөдөлмөрлүүлэх хоёр хэрэг бүртгэгджээ. Шалтгааныг нь хуулийн фирмүүдээс тодруулахад, ихэнх нь гомдол гаргадаггүй, дахин олны анхаарлыг татахыг хүсдэггүй, хуулийн мэдлэггүй, бичлэг дээрх үйлдэл үнэн учраас прокурор хэрэг нээхээс татгалздаг гэсэн тайлбарыг хэлж байсан юм.
"Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах гэмт хэрэг бүртгэгдэхгүй байгаа нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, зөвшөөрөлгүй дуу бичлэг нь түгээгдсэн иргэдийн олонх нь цагдаагийн байгууллагад хандах сонирхолгүй байдаг. Хоёрдугаарт, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах гэмт хэрэг нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийн дагуу ял шийтгэл хүлээдэг гэдгийг иргэд мэддэггүй. Хуулийн мэдлэг хангалтгүй гэсэн үг. Гуравдугаарт, бичлэг үнэн учраас прокурор хэрэг бүртгэгдэхээс татгалздаг тохиолдол байдаг."
Буруутай ч гэсэн эрхтэй
Хүний нэр төр, алдар хүнд, нийгмийн байдлыг Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хамгаалснаас гадна Иргэний хуулиар ч хамгаалсан байдаг.
Тиймээс эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн дуу, дүрс бичлэгийг ашиглан олон нийтэд худал мэдээлэл тараасан гэж Иргэний шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх боломжтой байдаг аж. Мөн сэтгэл санааны хохирлоо ч нэхэмжлэх эрхтэй. 2022 оны арванхоёрдугаар сард баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилсан байдаг аж.
Үүнээс гадна бичлэгийг нийгэмд түгээснээр зөвхөн тухайн бичлэг дээрх хүнийг шонд өлгөдөггүй. Ар гэр, найз нөхөд, хамт олныг хамт дүүжилж байдаг. Жишээлбэл, нохойгоо хөтлөн яваа охиныг нэгэн эрэгтэй өшиглөж буй бичлэг цацагдан нийгэм даяараа жигшсэн. Гэвч энэ хэрэг явдлын дараа түүний эхнэр ярилцлага өгөхдөө яагаад ийм үйлдэл гаргах шалтгааныг тайлбарлаж “Аав аа, та яаж байгаа юм бэ” гээд охин маань уйлаад байгаа. “Манай аавын зургийг хүн болгон тавьсан байна” гээд л. Битгий үз гэж байхад яагаад үзэж байгаа юм бэ гээд надад загнуулсан” хэмээн өгүүлсэн билээ.
Сэвэлзүүр төр
Ер нь, яагаад нийгэмд бичлэг, зураг “од” болдог болчихов. “Нүд үнэн, чих худал” гэгчээр харсан зүйлдээ л итгэдэг нь үүний учиг байж мэдэх. Бас буруутай үйлдлийг нь илчлэхээр “Би байгаагүй”, “Би биш”, “Би буруугүй” гэж улайм цайм худал хэлж, халгаадаггүй дөжир эрх мэдэлтнүүдийг хашраах хэрэгсэл ч байж мэдэх. Тэднийг бичлэг л байранд нь тавьж байгаа болохоор яалт ч үгүй хүчтэй байна.
Гэхдээ энэ бүхний хамгийн суурь, цаад шалтгаан нь “сэвэлзүүр төр”. Монголын төр сошиалаар ажлаа явуулдаг болоод багагүй хугацааг үдэж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд хороо, хорины Засаг дарга хүртэл их, бага, дунд түвшний бүхий л төрийн байгууллагууд ийнхүү сошиалаар ажлаа явуулж байна. Бичлэг, зураг нийтлэхгүйгээр, нийгэмд сэвэгдэхгүйгээр ажил явахаа, бүтэхээ больжээ.
"Манайхан аливаа нэг акцыг нохойд мод хаяж байгаа юм шиг сошиал болон нийгэмд шидчихээд хариу реакц нь яаж байна гэдгээс улбаалан шийдвэр гаргадаг болчихжээ. Фэйсбүүк, твиттер, сошиал ертөнцөөр аливаа асуудлыг тавиад буцаад хариу реакц дээр нь яаж тоглолт хийх вэ гэдэг л чухал болчихож. Энэ парламент гэлтгүй дараа дараагийн парламент зарчмын дагуу, цагаан дээр хараар бичигдсэн хуулийнхаа дагуу шийдвэрээ гаргадаг, шийдвэртээ бат зогсдог, хариуцлагаа үүрч чаддаг соёл руу явахгүй бол болохгүй. Хэрвээ эсрэгээрээ явбал бид цахим авторитар дэглэм рүү явж байна гэсэн үг. Сошиал ертөнц яаж хандана, яг л тэр реакцыг хүлээж авна."
Хамгийн сүүлийн жишээг өгүүлэхэд, Өсвөр насны охид нэгнээ бүлэглэн зодсон бичлэг хоёрдугаар сарын 20-нд олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн. Гэвч энэ хэрэг хоёрдугаар сарын 8-нд гарсан бөгөөд зодуулсан охин аавынхаа хамт маргааш нь цагдаад мэдүүлсэн ч энэ хугацаанд огт хариу өгөөгүй аж. Тиймээс бичлэгээ олон нийтэд цацаж, хэрэг анхаарлын төвд орсон юм.
Иймээс л ухаалаг утастай бүхэн зураглаачийн ажил хийж, өөрт буй үнэгүй мэдээллийн хэрэгслээрээ түгээж үр дүнд хүрч байна. Хууль шүүх, төр захиргааны байгууллагууд шударга, бүгдэд эрх тэгш үйлчилдэг, сошиалаар сэвүүлэхээс ч өмнө ажлаа хийдэг байсан бол Монголын иргэн бүр 3.5 сая камер болохгүй байлаа.