Эхнэрээ хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа Казакстан улсын эдийн засгийн сайд асны шүүх хурал даваа гарагт эхэлжээ. Казакстан улсын Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан 43 настай Куандык Бишимбаев гэгч 31 настай эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гарсан. Энэ хэрэг гэр бүлийн хүчирхийллийн талаар тэр бүр нийтэд ил тод мэдээлээд байдаггүй төв Азийн Казакстан улсын ард иргэдийг багагүй цочирдуулсан юм. Тэгвэл гэмт этгээдийг шүүх хурал энэ долоо хоногт эхэлсэн байна. Казакстаны нийслэл Астана хотод эхэлсэн шүүх хурал хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулахгүй хаалттай болж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон хэрэг явдлыг эргэн сийрүүлбэл сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагийн хамт Астана дахь тансаг зэрэглэлийн VIP зоогийн газраар үйлчлүүлж байжээ. Энэ үеэр Нукенова харилцаанаасаа залхаж, нөхрөөсөө салах хүсэлтэй гэдгээ хэлснээр маргаан эхэлсэн байна. Учир нь, нөхөр нь эхнэрийнхээ гар утасны бүх дуудлага, хаашаа явах хэнтэй уулзах зэргийг нь хянадаг ба эхнэрээ гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ уулзах, тэр ч бүү хэл холбоо барихыг нь хориглодог байжээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд удалгүй маргалдаж, энэ үеэр сайд асан Бишимбаев эхнэрийнхээ толгой руу хэд хэдэн удаа цохисон байна. Энэ явдлын дараа айж сандарсан Нукенова угаалгын өрөөнд орж хаалгаа дотроосоо түгжжээ. Үүр цайх үеэр Бишимбаев угаалгын өрөөний хаалгыг эвдэн орж, амь насыг нь хороосон байна.
Казакстаны эдийн засгийн сайдаар ажиллаж байсан төдийгүй Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын ойрын хүрээллийн туслах гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн явдал улс орныг ихээхэн цочирдуулсан юм. Бишимбаев нь өмнө нь авлигын гэмт хэргээр яллагдаж 2018 онд 10 жилийн хорих ял сонссон боловч жилийн дараа өршөөлөөр суллагдсан байна. Энэ удаад түүнийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 15 жилийн хорих ял сонсох юм байна.
Казакстаны одоогийн Ерөнхийлөгч Кассим Жомарт Токаев уг хэрэг гасны дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд ял шийтгэл оноох хуулийг илүү чангатгахыг эрх баригчдад хандан уриалсан. Мөн Казакстан улс даяар эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөсөн. Хэдийгээр Ерөнхийлөгч уриалга гаргасан ч гэр бүлийн хүчирхийллийг зогсоож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд Засгийн газар илүү их зүйл хийх ёстой гэж хүний эрхийн байгууллагууд шаардаж байна. НҮБ-ын судалгаагаар Казакстан улсад жилд 400 орчим эмэгтэй бусдын гарт амь насаа алддаг гэжээ.