“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн. Энэхүү булангийнхаа найм дахь дугаарт Ж.Пуччинийн “Тоска” дуурийн тухай өгүүлж байна.
1900 онд Италид анх тогложээ
Ж.Пуччини нэг удаа В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, энэхүү алдарт дууриа бүтээсэн гэдэг. В.Сардугийн драмаас сэдэвлэн Л.Иллика, Ж.Жакоза нар цомнолыг бичсэн бөгөөд хамгийн анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт уг дуурийг толилуулж байжээ.
Энэхүү дуурь нь хайр дурлал, аллага, өс хонзон, чин үнэнч сэтгэлийнхээ төлөө амиа хорлосон эмгэнэлт түүхийг өгүүлсэн бөгөөд дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтдаг алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Тиймдээ ч үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна.
1982 онд Монголын тайзнаа
1982 оны нэгдүгээр сарын 9-нд Монголын тайзнаа амилсан бөгөөд анх тавигдсанаасаа хойш огт өөрчлөгдөөгүй юм. Л.Иллика, Ж.Жакоза нарын цомнолыг соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа орчуулан хүргэж, найруулагчаар Л.Эрдэнэбулган, удирдаачаар ардын жүжигчин Ч.Жамсранжав, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх, найрал дууны багшаар, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, О.Олийнык, концертмейстрээр В.Шерстюк, Д.Халиунсүрэн, гэрлийн мастераар Д.Иш, тайзны машинчаар Ж.Цогбат, хувцасны мастер Ш.Цэвэлмаа, барималчаар Ц.Амгалан, туслах найруулагчаар Н.Жаргал ажиллажээ. Харин гол дүрүүдэд дараах уран бүтээлчид гоцолсон байна.
“Тоска” дуурийн анхны бүрэлдэхүүн
Флория Тоска (дуучин эмэгтэй)
-БНМАУ-ын ардын жүжигчин
Х.Уртнасан
Жүжигчин Б.Банзаржав
Марио Каварадосси (зураач) - БНМАУ-ын гавьяат жүжигчин
Д.Банди
Г.Бэх-Очир
П.Суръяа
Гүн Скарпья (Нууц цагдаагийн газрын дарга)
-БНМАУ-ын ардын жүжигчин
А.Хавлааш
БНМАУ-ын гавьяат жүжигчин
Д.Жамъяанжав
Ж.Гантөмөр
Чезаре Анжелотти
Д.Баатар
С.Баянбилэг
Ж.Гантөмөр
Тахилч
БНМАУ-ын ардын жүжигчин
Д.Жаргалсайхан
О.Лувсандамдин
Б.Готов
Сполетто, мөрдөгч
Д.Баясгалан
Д.Намжил
Шаррон шүүгч
Ц.Дагванамдал
Шоронгийн харуул
С.Баянбилэг
Б.Готов
Малчин хүү
Ц.Оюунчимэг
Хамба лам, хотын иргэд, мөргөлчид, цэргүүдэд ДБУАТ-ын найрал дууны жүжигчид.
Төрийн шагнал хүртсэн гурван дүрийн нэг нь “Тоска”
Монголын анхны Флория Тоска бол Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан юм. Монголын сонгодог урлагийн түүхэнд өөрийн тод мөрөө үлдээсэн тэрээр ээжээрээ хөтлүүлэн Хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай сайхан эмэгтэй Л.Цогзолмаад шавь орж, урлагийн зам мөрөөр алхсан байдаг. Улсын ардын дуу бүжгийн чуулгад дагалдан жүжигчнээс ажлын гараагаа эхлүүлсэн тэр Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдавын санаачлагаар байгуулагдсан дуурийн студид элсэн суралцаж анхны дээд мэргэжил эзэмшсэн 12 дуучны нэг болсон юм. Мөн үүний дараа 1970- 1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн сонгодог урлагийн нэрт мастер байв. 1963 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа энэхүү тайзнаа тавигдсан үндэсний болон дэлхийн сонгодог 20 шахам дуурийн гол дүрүүдийг бүтээсэн түүхтэй. Тухайлбал, Монголын театрын тайзнаа Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, “Тоска” дуурийн Тоска, Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолетта, “Отело” дуурийн Дездемон, П.И.Чайковскийн “Евгений Онгегин” дуурийн Татьяна, А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Наташа, А.Бородины “Игорь ван” дуурийн Яраславна, Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа зэрэг гол дүрүүдийг бүтээснээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд хүндтэй үүрэг гүйцэтгэсэн.
Тэрээр мөн УДБЭТ-д ажиллах хугацаандаа Ж.Пуччинийн “Чио Чио Сан”, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”, Б.Ямпиловын “Шидэт ваар”, Д.Лувсаншаравын “Хархорум”, “Их хааны хотод” зэрэг том хэлбэрийн дууриудыг найруулан тавьж байсан юм.
1994 оноос СУИС, Монгол Улсын консерваторийн тайзны хөдөлгөөн, уран чадварын багш, дуулах ур зүйн багш, зөвлөх багш, дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа олон арван шавь, мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа.
Түүний театрын тайзнаа бүтээсэн дүрүүд нь зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж, Москвагийн Их театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Плевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байсан юм.
Х.Уртнасангийн Монголын болон Европ, Азийн орнуудын дуурийн урлагийн хөгжилд оруулсан гавьяа, үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэл, уран бүтээлийн их амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, 1976 онд гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цолоор шагнаж, 2018 онд Монгол Улсын Консеваторийн профессор цол хүртээсэн.
Монгол Улсын хэмжээнд Төрийн шагнал хүртсэн дуучин гарын таван хуруунд хүрэхгүй байдаг. Түүний нэг нь Х.Уртнасан. 1951 онд Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаад Төрийн шагнал хүртээсний дараагаар дуучдад огт олгоогүй байж, хоёр дуучинд нэгэн зэрэг Төрийн шагнал хүртээсэн. Түүний нэг нь зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан бол нөгөө нь Зууны манлай дуурийн дуучин Н.Норовбанзад байсан юм. Түүнийг Ж.Вердийн “Травиата”, Ж.Пуччинийн “Чио чио Сан”, Ж.Пуччинийн “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул 1984 онд Төрийн шагнал хүртээсэн билээ.
"Тоска” дуурийн либретто
(гурван үзэгдэлт дуурь)
Нэгдүгээр үзэгдэл
Рим хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагины хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно.
Энэ үед сүмд Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэний улмаас шоронд хоригдож байгаад оргож гарсан Чезаре Анже Анжелотти нуугдсан байна. Каварадосси Анжелоттитай уулзаж түүнд туслахад бэлэн байгаагаа хэлнэ. Гэтэл алсад дохиолох их бууны дуу нүүргэлж, хоригдол оргосныг зарлана.
Каварадосси, Анжелотти хоёр яаравчлан гарах гэтэл хаалга цохиж, Тоска орж ирнэ.
Зураач Анжелоттийн оргосон тухай үл хэлнэ. Тоска зурсан хөргийг харангуут сурвалжит бүсгүй Аттавантитай төстэй болохыг ажиж хардах сэтгэл төрнө. Каварадосси, сэтгэлт бүсгүйгээ тайтгаруулан, зөвхөн түүнд үнэнч хайр сэтгэлтэйгээ батална.
Тоска тайвширч, орой учрах цагаа болзоод гарч явна. Зураач Анжелоттийг дагуулан гарна. Энэ үеэс, Скарпья дагуулынхаа хамт сүмд дайран орж ирээд, Аттавантийн овгийн сүлд бүхий дэвүүрийг олно. Мөн эх дагина Магдалена, Аттавантитай төстэй болохыг ажна. Аттаванти бол Чезаре Анжелоттийн төрсөн дүү бөгөөд түүнийг оргоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ.
Үүнээс үндэслэн Скарпьяд, Каварадосси Анжелоттитой холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрнө.
Гэтэл Тоска эргэж ирнэ. Скарпья, дэвүүрийг Тоскад үзүүлж, зураач Аттаванти хоёр нууц холбоотой гэж итгүүлэхийг, чадах ядахаараа оролдоно. Тоскагийн хардах сэтгэл дахин хөдөлж, Каварадоссийг байгаа газраас нь олохоор явна.
Хорон санаат Скарпья, түүний араас цагдаа нарыг мөшгөн явуулаад, үзэсгэлэнт Тоскаг өөрийн эрхэнд оруулж авах, далд муу санаа өвөрлөн хоцорно.
Хоёрдугаар үзэгдэл
Скарпьягийн ажлын өрөө. Анжелоттийг олохоор явуулсан цагдаа нар, барьцаанд нь Каварадоссийг баривчилна. Орой болж гудманд хөгжим эгшиглэж, дарангуйлагч Бонапартыг ялсны баяр эхлэхэд бэлэн болж байгааг илтгэнэ. Энэ баяр дээр ялалтын ёслолын дууг Тоска дуулах ёстой. Скарпья, Тоскаг ирсэн дор өөрийнх нь өрөөнд оруулахыг тушаагаад Каварадоссийг байцаахаар шийднэ.
Зураач, хүнд тамлалыг зоригтойгоор тэсвэрлэн, Анжелоттийн нуугдаж байгаа газрыг үл хэлнэ.
Тоска ирнэ. Тэрээр хайрт хүнийхээ тамлагдан зовж байгаа дууг сонсоод, тэсвэр нь алдагдан Анжелоттийн нуугдаж байгаа газрыг зааж өгнө.
Каварадосси Тоскаг жигшин зэвүүцнэ. Зураачийг цагдаа нар авч явах бөгөөд түүнд цаазын ял тулгах нь илт болно. Тоска, Скарпьягаас Каварадоссийн амийг аврахыг гуйна. Скарпья өөрийн эртний хүслийг биелүүлэхээр шийдэж, Каварадоссийн амийг аварсны хөлсөнд Тоскагийн бие сэтгэлийг шаардана.
шаардана. Тоскад энэ доромжлол үнэхээр хүнд байвч хайртыгаа аврахын тул, өнгөндөө зөвшөөрнө.
Скарпья зураачийг, хуурамчаар буудах тушаал өгөөд, Тоскагийн хүсэлтээр, түүнийг Каварадоссийн хамт Римээс чөлөөтэй гарч явах зарын бичиг олгоно.
Скарпья Тоскаг тэврэн таалах гэтэл, ширээн дээр байсан хутгыг авч амжсан Тоска, хорон санаатын амийг хөнөөнө.
Гуравдугаар үзэгдэл
Шоронгийн өрөө. Каварадоссийн амьд байх хугацаа бага үлджээ. Тэр Тоскадаа захидал бичиж, сэтгэлдээ салах ёс гүйцэтгэнэ. Гэнэт Тоска гарч ирнэ. Скарпья алагдсан тухай, оргох боломж олдсон тухай Тоскагийн яриаг Каварадосси сэтгэл догдлон сонсоно.
Тоска хайрт хүнээсээ хуурамчаар буудах үед нь болгоомжтой унаж, хөдлөхгүй хэвтэхийг caнуулна.
Харуулынхан ирж Каварадоссийг авч явна. Буун дуу нүүргэлнэ. Тоска хайрт дээрээ хурдан очиж уулзахыг яарна. Харуулын цэргүүдийн хөлийн чимээ тасарна. Тоска гүйсээр хүрч очно. Гэтэл... Тоска Скарпьяд хэрхэн мэхлэгдсэнээ сая ойлгов. Хамгаас хайрт хүнийхээ шарилыг тэврэн суугаа, хөөрхий бүсгүй, Скарпья алагдсан тухай зарлах шуугианыг сонсоно.
Сполетто, цагдаа нарын хамт, бүсгүйг мөрдсөөр гарч ирнэ. Тоскад буцах газар, очих хайрт нь байхгүй тул цамхгийн тавцан дээрээс үсрэн, амь эрсдэнэ.