Дрийм телевиз нь 2011 оноос бие даасан суваг болж үйл ажиллагаагаа явуулж буй Хүүхдийн контентоор төрөлжсөн Монголын цорын ганц суваг юм. Тус телевиз үндсэн контентуудаас гадна монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон гадаад, дотоодын контентуудыг албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэдэг билээ.
Энэ удаад алдарт Уолт Дисней компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Диснейн цаг”-ийг гуравдугаар сарын 4-нөөс толилуулж эхлээд буй. Дрийм телевизийн “Диснейн цаг”-аар даваагаас баасан гараг бүр 18:00 цагаас цуврал хүүхэлдэйн кино, бямба, ням гараг бүр 10:00, 17:30 цагаас бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног тус тус хүлээн авч үзэх боломжтой.
Дрийм телевиз нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үзэгч хүүхдүүдийн сайшаалыг хүртэж, шимтэн үздэг өөрсдийн уран бүтээлүүдтэй болсноос гадна уран бүтээлийнхээ чанарыг улам бүр сайжруулсаар иржээ. Тухайлбал Америк, Герман, Франц, Орос, Норвеги, Япон, Солонгос, Хятадын үнэлгээ өндөр, чанартай бүтээлүүдийг үзэгч хүүхдүүдэд зохиогчийн эрхийн дагуу хүргэсээр байна.
Хүүхдийн контентоор төрөлжсөн Дрийм телевиз Уолт Дисней компанитай зохиогчийн эрхийн албан ёсны онцгой гэрээ байгуулжээ. Уг гэрээгээ алдарт Уолт Дисней кино компанийн үүсгэн байгуулагдсан 100 дахь жилийн ой тохиолдсон өнгөрсөн онд хийж, бүрэн хэмжээний шилдэг нэг ангит хүүхэлдэйн кинонуудыг үзэгчиддээ хүргэж эхлээд байна. Дрийм телевиз тус гэрээний дагуу “Диснейн цаг”-тай болж, охид хөвгүүдэд тусгайлан сонгосон алдарт “Танглэд” хүүхэлдэйн киноны цуврал, “Хүн аалз найзуудын хамт” цуврал хүүхэлдэйн кинонуудыг өдөр бүр 18:00 цагаас хүргэж байна.