Нохойд барьдаг мод
Улстөрчдийн хувьд нохойд барьдаг мод нь сонгуулийн амлалт. Тэр мод нь их гоё. Нохой бүхэн дурлах амттаны дүр, зурагтай. Эрт үед нохойд барьдаг модоо гоодож, урлаг соёлын тоглолт, тэмцээн наадгайтай явдаг байв. Дараа нь энэ аргыг хорьсноор элдэв бэлэг, сугалаа руу хүчтэй орсон. Арай хойхно улстөрчдийн амин хувийн амлалтууд гаарч, ёстой л дуртай модоо барьдаг болсон доо. “Бороог зөвхөн шөнөөр оруулна, цасыг цагийн байдалд тохируулан будруулна” гэдгээс л бусдыг хэлсэн байх. Тэр үед нэр дэвшигчтэй уулзаад гар бариад салахад л амин хувийн асуудал аман байдлаар шийдэгдэж байв шив. Дохиур модных нь аясаар дохилзож байдаг нохойтой эгээ л адил үзэж сонгогчдоор дураараа тоглож байв. Ашгүй, тэдний үздэг ноход нь зөв зүг рүү боргох болж нохойд барих модыг нь мухарлаж орхисон. Ингээд нэр дэвшигчид тойрогтоо зөвхөн намынхаа хөтөлбөрийг ярих эрхтэй үлдэв. Гэхдээ “Алтан гадас” тараадаг, айлын хойморт зураг дүртэй цаг хуанли залуулдаг, эгээ л тахин шүтүүлэх давтан сонгогдох хүсэл нь хэвээр ажээ.
Номхон нохой ноолоход амар
Улс төрд данстай бүхэн улнаас толгой хүртэл өөрийн хүрээлэлтэй, бүлэглэлтэй байхыг бодно. Ингэхийн тулд амин хувийн алба бүрэлдэхүүнийг уяа, хоолоор торгооно. Өөрөө бас ийм уяа, хоолоор торгоогдож өөр нэгний хүрээллийн хэсгийн хэсэг явсан болохоор яг л сурсан эрдмээ уламжлуулж яваа нь энэ. Харин арай ядан торниулж буй хүрээллээ бат бөх байлгахын тулд уяагаа суллаж нэг, чангалж нэг лавшруулна. Нэгэнт атга арганд нь ороод ирсэн бол ёстой л нэг номхон нохой ноолоход амар гэгчээр гарынхаа аясаар зална даа. Нам болоод даргынхаа төлөө сонгуулиар амраг хань, авга нагацтайгаа ч түнжин ташихад цайхааргүй болгож сургана. Том хуралд жалга довны үзэл гэх ерөнхий нэрээр дуудчихаад ачир дээрээ гарынхаа хүмүүсээр залж байгаа нутгийн улс төрийг ингэж л цэцэглүүлдэг.
Нохой зассан хүндээ янаг
Өөрийгөө улстөрч гэж бодоод өөдөө хамраа сөхсөн бүхэн дээрээ хэн нэгний үнэнч “нохой” шиг явсан үес бий. Түүн лугаа одоо өөрөө боллоо гэсэн үедээ доороо, дэргэдээ үнэнч сүрэг үүсгэхийг бодно. Дээр хэлсэнчлэн тэр бүлэглэлээ нохой мэт үнэнч, сурмаг болгоод авбал модоор нүдэж чулуугаар нүүлгээд ч эргэж боргоод эзнээ өмөөрөх хүчин болно. Анхнаасаа нохой гэдэг сурах чадвар өндөртэй, тоглох дуртай, сайхан зан авираараа алдартай. Төрөл бүрийн зориулалтаар тусгай үүлдрийн нохойг үржүүлсэн хүн төрөлхтний түүх ингэж хүн дээр давтагддаг юм. Яг түүхэн энэ хөгжлийн дагуу улстөрчдийн “ноход” үүлдэрлэг байдал, хэмжээ, өнгө зангаараа маш олон янз. Зарим нь эзнээ, хотоо хамгаалдаг бол зарим нь тойрон хуцалдаж даргынхаа үг хэл, үзэл бодлыг зөвшөөрүүлэх нийтийн сэтгэлзүйг бэлтгэнэ. Ан агнах, маллах, ачаа татах, хамгаалах, троллдох олон янзаар бэлтгэгдэнэ. Эцсийн бүлэгт тэдний эзнээ өмгөөлөх авир янз ижил билээ.
Хүзүүвч
Улстөрчдийн тэжээсэн “ноход” гялгар төмрийн хараал тусах нь элбэг. Ийм хүзүүвч нэг зүүвэл дараагийн шагнал ойрхон доо гэсэн үгэнд урамшин урагшилдаг. Улс даяар нь гялгар төмрийн хараал тусгасан коммунист зан сэтгэлгээг эгээ л үүрч яваа хүмүүс. Бүгд л авах ёстой юм байх. Баяр ёслолоор нэгийгээ авчихаар атаархаж одоо тэр л ёстой авах ёстой гэж өөд нь шиднэ. Сонгууль дөхөхөөр улстөрчдийн халаасанд шажигнаж явдаг “Алтан гадас”-аас эхлээд шагналын нэр хүнд унасан. Энгэр дээр нь шахцалдах одон бүрийг гавьяа байгууллаа гээд өгдөг байх. “Ийм их гавьяа байгуулсан байхад энэ улс орон нь яагаад ийм байгаа юм” гэж эгэл хүмүүс нь гайхна. Энэ солиорол төрийн хүндэтгэл уламжлалд ч нэвтэрч, бөх уяач нар хүртэл том тэмдэг, урт залаагаараа өрсөлдөх боллоо. Урьдын ёсонд хүн нь хүн шиг, төр нь төр шиг байж энгийн олны дунд ялгарал гаргахгүй гэж цөөн хэдэн цолоор хүндэтгэл олгож, амжилтыг үнэлж байснаас тэмдэг болоод урт урт залаагаар өрсөлдүүлдэггүй байв. Одон медаль тарааснаараа бид мандах биш олон улсад хөгжлөөрөө оройлох юмгүй сүүл мушгиж байна.
Төр нь хямралтай, түмэн нь ядууралтай ч төмөржүүлэх аян 300 хувьтай биелж байна. Удаа дараагийн шагналтнууд улсаар дүүрэн байхад урагшлах хөгжил нь яагаад арагшлах араанд гацсаныг гайхмаар.
Эсгий хийх газар Нохойн замаар Дарга томрохыг л хүсдэг. Томорсон ч дахиад л томрохыг хүсдэг. Аль ч шатаар ахихад өнөө л муу үнэнч хүрээлэл нь дэмжсээр, түлхсээр, хамгаалсаар, хавьтсан ойртсонд боргосоор, бүр заримыг нь урсаар. Эцсийн бүлэгт дарга өндөр даваанд нэг гарвал “За даа, одоо ч эсгий хийх газар нохой хэрэггүй дээ” гээд өнөө муусайнуудаа өөрөөсөө түлхээд арай өндөр түвшний хүрээлэлд орно. Ингэж өндөрт гарчихаад буцаж боргуулаад хэн ч биш болсон хүн олон. Гэхдээ нэг дээш гарчихвал ааш зан, авир байдал, төрх янз эрс хувирна. Тэдэнд өндөр дээд хүрээлэл, мяндаг сайтуудын манлай болох хүсэл л нуугдана.
Ертөнцөөс тасарч эхэлж байгаа нь тэр. Бодит амьдрал биш тамгатай гүүшийн ертөнц ингэж эхэлдэг. Ер нь, ямар нэг тамга л чухал. Тамгаа атгах эрх нэг авчихвал ёс уламжлал ч хамаагүй. Юм үзээгүй царайлж, шийдвэр гарангуут нь шөнө дөлөөр яам, Тамгын газар дээр очоод тамга суудлаа авдаг явдлыг бүгд харсан. “Ёс ёмбогор, төр төмбөгөр. Нарны идэрт сайн цагт нь төрийн өндөр дээд албан тушаалтай түмний төлөөх ажлаа авахгүй” гээд шогшроод л үлдэнэ. За нэг дарга болбол, албан тушаал нь хувийн өмч мэт. Бүр сүүлдээ ажлаа авлаа, ажлаа өглөө гэцгээх болж. Эгээтэй л хувийн эд агуурсаа барьж, тавьж байгаа аятай. Уг нь ажилд томилогдлоо, сонгогдлоо, ажлаасаа халагдлаа, огцорлоо, чөлөөлөгдлөө гэдэг байсан бол одоо албан тушаал гэгч хувийн агуурс болжээ.
Нохойн замаар
Ноёнтой шөргөөцөлдвөл толгойгүй л гэдэг. Гэхдээ бид иргэний оролцоотой, ардчилсан улс байгуулж байгаа болохоор элдэв шүүмжид дарга мяндагтнууд ажил хэрэгч ханддаг болох вий. Харин ч эсрэгээрээ тээр дээр гарчихаад ертөнцийн амьдралаас тасарч одвол дороос нь ноцох хүн олон. Тийм ч болохоор “нохой”-той шөргөөцөлдвөл хормойгүй гэдэг байх. Нэгэн цагт даргынхаа төлөө үхэн хатан зүтгэж, боргож туулгаж, хазаж зууж хавь зуураа өөртөө дайсан бэлдэж даргынхаа замыг засаж явсан хүмүүст нэг л тийм хаягдаж байгаа мэдрэмж төрөхөд эргэж ноцох нь их. За даа, тэгээд юмс өөрчлөгдөж байна. Эцсийн бүлэгт нохойн замаар л орж болдоггүй юм шүү. Ажил мэргэжилдээ тод сайхан залуус төрийн ажилд ороод нэг намчинд мөргүүлээд л ажлаа орхиж, гадагш оддог. Эс бөгөөс нэг даргын “нохой” болно. Одоо бүгдээрээ улстөрчдийн хувьд “нохой” шиг биш хүн шиг амьдармаар. Тэдний цацсан шавхруу, шидсэн гинжинд нь гавлуулж болохгүй. Алдагдсан боломжийн өртөг гэх аугаа мэргэн тодотгол эндээс үүссэн байдаг. Алдахыг нь бид алдаж, авахыг нь тэд авсаар ирсэн. Одоо болно доо.