
Иргэн А ажилгүй, гэхдээ сарын 1.4 сая төгрөгийн “цалин”-тай. 80 дөхсөн настай ээж, 0-18 насны таван хүүхэдтэй, өрх толгойлсон эх тэрээр эрхэлсэн ажилгүй ч хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдраад л байна. Яаж гэж үү. Халамжаар.
А-гийн гэр бүлийн сард авдаг халамжийг тооцъё. Таван хүүхдийн мөнгө 500 мянган төгрөг, цалинтай ээжийн 50 мянган төгрөг, өрх толгойлсны тэтгэмж сард 183 мянган төгрөг (улиралд 550 мянга). Дээрээс нь настай ээжийнх нь тэтгэмж, асаргаа сувилгааны мөнгө, хүнсний талон гээд төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг нийлүүлээд тооцвол энэ айл сард 1.4 сая төгрөгийн халамж авдаг.

Сар бүр цалин шиг авдаг эдгээр тэтгэмж, тусламж дээр нэмээд жилд 1-2 удаа хүртдэг алдарт эхийн одонгийн мөнгө, ахмадуудын насны хишиг, амралт сувиллын хөнгөлөлт гээд төрөөс олгодог бусад тэтгэмж тусламжийг нэмбэл энэ айлын авдаг тэтгэмж дахиад нэмэгдэнэ.
Ингээд болоогүй. Тэтгэмж гэж нэрлээгүй ч зүгээр сууж байхад өгдөг мөнгө бас бий. Сонгуулийн хүрд ойртохоор гэнэт “амилдаг” 1072 хувьцааны ногдол ашиг, эх орны хишиг зэрэг боловсон нэртэй ч хэдийнэ халамж тараадаг нэрийн данс төдий болсон хувь, хишгүүд байна. “Зүсээ хувиргасан” энэ халамжуудыг нийтэд нь тооцвол А-гийнх гэдэг айл сард бараг хоёр сая төгрөгийн халамж, татварын төлөгчдийн “хишиг”-ийг хөдөлмөрлөхгүйгээр хүртэж байна.
Багаар тооцоход хоёр сая гаруй төгрөг бол 20 жил ажилласан цэцэрлэгийн багш, хонон өнжин ажилладаг сувилагч, үйлдвэрийн жирийн ажилчин, өдөр бүр шал угаадаг цэвэрлэгчийн цалингаас ч өндөр дүн. Гэтэл улсын дундаж цалинтай (₮2 сая) дүйх хэмжээний мөнгийг халамжаар авч, Монголд ажил хийхгүй, амьдарч болоод байна. Ийм байхад иргэд ажил хийх үү, ажиллахыг хүсэх үү.

Иргэн А-гийн авдаг эдгээр тэтгэмж, тусламж бол татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс өгдөг 72 төрлийн халамжийн ердөө зургаа нь. Үүнээс өөр алдар цолтой ахмадуудад, онцгой тохиолдолд, алслагдсан тээврийн зардлын тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж гээд өч төчнөөн халамжийг төр иргэдэд өгдөг. Харин энэ халамжийн мөнгө нь төрөөс биш хөдөлмөр эрхлэгчдийн төлсөн татварын мөнгөнөөс гардаг.
Иргэн Б
Тэгвэл иргэн Б-тэй танилцъя. Иргэн Б ажилтай, сард цалингаасаа сая төгрөгийн татвар төлдөг. Эхнэрийн хамт амьдардаг Б уул уурхайн төсөлд ажилладаг ба сарын тэн хагасыг гэрээсээ хол, өмнийн говьд өнгөрөөж, үүрийн 5 цагт босож, үдшийн 18 цагт ажлаа дуусгадаг. Уурхайн гүнд өдөрт 12 цаг зогсолтгүй ажиллана. Наргүй, битүү хонгилд ажиллах нь дуу чимээ ихтэй, хэвийн бус, хүнд, хортой нөхцөлд тооцогддог. Дээрээс нь хэзээ ч нурж мэдэх аюул дунд өдрийг өнгөрөөх бөгөөд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, уурхайн гүнд шургална. Нэг өглөө газрын гүн рүү ороод, тэндээ үүрд үлдэж ч мэднэ. Ингэж бүхнээ дэнчин тавьж ажилласныхаа төлөө тэр сарын 4.8 сая төгрөгийн цалин авна. Үүнийхээ саяыг татварт төлдөг.

Дундаж цалинтай ажил эрхэлдэг хүмүүстэй харьцуулахад арай өндөр энэ цалингийн ард амь нас, эрүүл мэнд, хөлс хүч, золиос, эргэж ирэхгүй цаг хугацаа урсаж байдаг. Гэхдээ түүний төлж байгаа энэ бүх төлөөсийг нийгмийн дийлэнх хэсэг нь гүйцэд харж, бүрэн ойлгодоггүй. Уурхайд ажилладаг иргэн Б-г өндөр цалин, их мөнгөтэй гэж хардаг. Ер нь уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэл гээд эдийн засгийн гол салбарынханд ажиллахгүйгээр, зүгээр суух нь бүү хэл хэсэг хором ч зогсох эрх байдаггүй. Тасралтгүй ажиллаж, зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Яагаад гэвэл тэд зогсвол эх орны эдийн засаг ч зогсоно, энэ нийтлэлийн эхэнд өгүүлсэн иргэн А-д сар бүр өгөх халамж зогсоно. Ингээд ажилгүй, орлогогүй, амьдралаа аваад явж чадахгүй олон олон иргэн А уурлаж, бухимдана, бусдад гомдоно...
ухимдана, бусдад гомдоно... Үнэндээ өнөөдөр Монголын нийгэмд иргэн Б-гийн төлсөн татвар, бүтээсэн баялгаар иргэн А-г тэжээж, хүүхдийн мөнгө, хүнсний талон олгож байна. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх боломжтой хоёр сая гаруй иргэн байдаг ч энэ хүмүүсийн 1.2 сая хөдөлмөр эрхэлдэг. Харин давхардсан тоогоор 2.5 сая иргэн халамж хүртдэг. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг нэг хүн амар хэвтэж, халамж хүртдэг хоёр хүний амьдралыг нуруу дээрээ давхар үүрч явна. Сонирхолтой нь, ингэж тэжээж, ам руу орох хоолыг нь бэлдэж байгаа баялаг бүтээгчдэд халамж хүртэгсэд дургүй.
Төрийн зарим хэсэгт буй авлигачдыг эс тооцвол өнөөдөр Монгол Улсад тэр тусмаа бизнесийн орчинд амар сууж байгаад ахиу цалин авдаг хүн тун ховор. Бараг л байхгүй. Цаг наргүй ажиллаж, сунаж унатлаа хөдөлмөрлөж байж, сэтгэл зүрхээ зориулж байж, ахиу цалин авч, амьдралаа өөд татах боломж бүрддэг. Гэтэл ингэж бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүсийг зүгээр хэвтэгсэд “мөнгө” л гэж хардаг, ах дүү, тойрон хүрээлэгсэд нь аль болох ашиглачих гээд зүтгэнэ.
Ер нь монголчууд өөрөөсөө илүү хүнд дургүй. Хэн ахиу цалин авч, өмч хөрөнгө арвижуулна, түүнд дургүй. Бүр бүдэрч унавал бараг баярлаж, бахадна. Жишээ нь, тэтгэвэр, тэтгэмж тавих мөнгийг олон жил татвар хэлбэрээр төлж ирсэн, олсон орлогоороо Монголд дээгүүрт бичигддэг нэг компанийн захирал бүсгүй гадаад оронд дээрэмдүүлсэн тухай мэдээ гарахад ямар олон монгол хүн баярлаж, бах тав нь ханалаа. Бараг л гадаадад мөнгөтэй явсан нь буруу гэж түүнийг чичилж, шүүсэн. Хөдөлмөрч хүнд, хөрөнгөтэй, мөнгөтэй хүнд нийгмийн дийлэнх нь дургүй.
Гэтэл ажилгүй, орлогогүй, гэр оронгүй нэг иргэн нийгмийн сүлжээнд хамаг зовлонгоо тоочиход бид нийтээрээ яаж өрөвдөж, хайрладаг билээ. “Эвий минь, хөөрхий минь” хэмээн хошуу дэвсээд мөнгө цуглуулж, хандивын аян хийж сүйд болдог. Мэдээж, тусламж хэрэгтэй нэгэндээ гар сунгасан, сайн санааны үйлсийг буруутгахгүй ч баялаг бүтээгчид болон халамж хүртэгсдэд хандаж буй бидний хандлага газар, тэнгэр мэт ялгаатай.
Үнэндээ, өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж, валют олж ирж, татвар төлж байгаа хүмүүс тэр халамж болгож тараагаад байгаа мөнгийг чинь бүтээж, бий болгож, олж ирж байгаа. Түүнээс төр биш. Төр зөвхөн татвар төлөгчдийн мөнгийг хурааж аваад, буцаагаад хувааж, хуваарилах ажлыг хийж байгаа зуучлагч төдий. Харин халамжийг бий болгож буй жинхэнэ эзэн нь хөдөлмөр эрхлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгөтнүүд...
Нөгөө талд, нийгмийн эмзэг хэсгээ халамжлах үүрэг төрд бий. Гэтэл төр халамжийг зорилтот бүлэгт нь чиглүүлэхгүйгээр халамжийг ард иргэдийг авлигадаж, сонгуульд санал авах арга хэрэгсэл болгон ашигласаар ирсэн нь өнөөдөр ийм эмгэнэлт байдал үүсгээд байна. Монголд ажил хийх шаардлага үнэндээ алга. Халамжид амташсан иргэд ажил хийх хүсэл ч үгүй болсон, улс орондоо нэмэргүй, өөртөө арчаагүй бүхэл бүтэн давхарга бий болгочихоод байна.
Бид чөлөөт зах зээлийн эдийн засгаар замнаад 30 гаруй жил болж байгаа ч энэ замынхаа гол зарчмыг бүрэн ойлгоогүй л байна. Зах зээлийн эдийн засгийн гол тоглоомын дүрэм нь хэн хичээнэ, тэр сайхан амьдрах учиртай. Монголчууд өмч эзэмших эрх чөлөөг дээдэлсэн, хөдөлмөрлөөд сайхан амьдрах боломжийг хувь хүнд олгосон хөрөнгөтний нийгмийг сонгосон атлаа хөрөнгөтэй хүнд дургүй, хичээж буй хүмүүст таагүй. Өөрийн хөдөлмөрөөр амжилтад хүрсэн хүмүүсийг төртэйгөө нийлж адалдаг. Сүүлдээ бүр ард түмний нэрийг бариад хөдөлмөрчид, хөрөнгөтнүүдийн өмч хөрөнгө рүү халдах гэж оролддог болсон. Гэхдээ халамж хүртэгсэд ч, төр ч тэр залхуу, идэвхгүй, бүтээмжгүй, урагшгүй. Тийм атлаа арчаатай, авхаалжтай, ажилсаг хүмүүст дургүй. Хувь хүн чөлөөт эдийн засгийн нийгэмд өөрөө хичээгээд амжилтад хүрнэ гэдэгт бид итгэхээ больсон.
XX зууны сүүлийн хагасаас эхлээд дэлхийн зарим оронд дэлгэрсэн халамжийн бодлогын горыг өнөөдөр цөөнгүй орон амсаж байна. Тийм учраас Аргентин, Грек зэрэг орнууд халамжаас эрчтэй татгалзаж, энэ “өвчнөөсөө” салах гэж оролдож байна. Гэтэл бид энэ “өвчиндөө” улам л шигдсээр байх гэж...