Ахлах ангийн эмэгтэй сурагчид нэгнээ зодож, үгийн муугаар доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хэрэг хэзээ, хаана, юунаас болсон зэрэг шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Нэгэндээ хүч хэрэглэж, нүүр нүдгүй зодож нүдэх шалтгаан юу ч байлаа гэсэн хүн хүндээ, хүүхэд, хүүхдэдээ ингэж хандана гэдэг халаглах багадахаар асуудал мөнөөс мөн. Ялангуяа, нинжин сэтгэл, нандин хүсэлтэй байх учиртай охид биенээ “үхээрэй” гэж хараагаад, үхэхээс наагуур болтол нь зодож, элдэвлэнэ гэдэг анхаарахгүй орхиж болохгүй асуудал юм.
10 хүүхэд тутмын 8 нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг
Үе тэнгийн дээрэлхэлт сүүлийн жилүүдэд гаарч байгааг салбар яамнаас эхлээд мэргэжлийн байгууллагууд ч анхааруулаад буй. БШУЯ-наас Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Тэгэхээр 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд өртдөг байна. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь ахлах ангийн хүүхэд 47.6 хувь, багш 15 хувь байдаг аж. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн дундах амиа хорлолтын шалтгааны 80 орчим хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтээс шалтгаалсан нь судалгаагаар тогтоогджээ. Түүнчлэн хүүхэд дээрэлхэлтэд өртөх нь хичээлээс хоцрох, завсардах, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь муудах зэрэг олон сөрөг үр дагавруудыг дагуулдаг байна Үе тэнгийн дээрэлхэлт ганц манай улсад бус олон улсын хэмжээнд тулгамдаж буй асуудал юм. НҮБ-аас хийсэн судалгаагаар дэлхий нийтэд гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийнхнийхээ хүчирхийлэл дээрэлхэлтэд өртдөг гэж гарсан байдаг. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоож, илүү энэрэнгүй, нөхөрсөг ирээдүй бэлтгэхийг улс орон бүр чармайж байна.
Гэтэл манай улсад үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэгдсэн дүрэм, журам ч байдаггүй. Сурагчид сургуулийн орчинд ялгаварлан гадуурхагдлаа гэхэд хариуцах алба хаагч, хариуцлага тооцох механизм ч хангалтгүй байгаа юм. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас бие, сэтгэл зүйгээрээ хохирсон хүүхдэд тусламж үзүүлэх боломж ч хязгаарлагдмал. Үүний улмаас өсвөр насныхны дунд амиа хорлолт өндөр байна.
Охидын хүмүүжлийг анхаарах цаг болжээ
Хуучин цагт сургууль, ангийн атаман нь хөвгүүд голдуу байв. Зодоон, цохион, дээрэлхэлт ч ихэвчлэн хөвгүүдийн дунд өрнөдөг байлаа. Харин одоо цаг өөр болж. Охид илүү дошгин, дээрэлхүү болж хувирсныг олон тохиолдол гэрчилнэ. Энэ суурийг бэхэлж, охидыг дархан эрх, бурхан ухаантай мэт залсан түмэн буруутны нэг нь охидын нэрээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд юм. Охидын эрхийг хамгаална, хангана гэж тунхаглаад, элдэв үйл ажиллагаа зохион байгуулж буй тэдгээр байгууллага эрх нь зөрчигдөж буй охидод тусламж үзүүлдэг сайн талтайг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэр хэрээр охидыг соён гэгээрүүлж, зөв хүн байх талаас нь хөгжүүлж, хүмүүжүүлэх шаардлагатай юм. Охид бүгдээс илүү эрхтэй мэт суртал ухуулга хийсний гор одоо гарч байна гэхэд ч хилсдэхгүй.
Тиймээс охид, хөвгүүд ижил эрхтэйг сануулж, охидын эрхээс гадна хүмүүжилд бүх нийтээрээ анхаарах цаг болжээ.