2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 15-ныг хүртэл эх хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл, ЭЕШ-ын бүртгэлтэй зэрэг эхэлж байна.

Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат "Энэ жилийн тухайд ЕБС-ийг 35 485 суралцагч сурч, төгсөж байна. Түүнчлэн үүн дээр нэмэгдээд өмнөх оны шалгуулагчид мөн хамрагдах юм. Ойролцоогоор 5000-6000 орчим шалгуулагч нэмэгддэг.

12 дугаар анги төгсөж байгаа сурагчдаас мянга орчим нь ямар нэгэн байдлаар шалгалт өгдөггүй гэх судалгаа бий. Энэ жилийн хувьд 40000 орчим хүүхэд ЭЕШ-д хамрагдах урьдчилсан тооцооллыг гаргаж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчаас монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо нь 400 байдаг. Монгол хэл, бичгийн шалгалтын гол зорилго нь суралцагчдын эх хэлээрээ унших, ярих, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах чиглэлээр авдаг. Тодруулбал,

  • Уншиж ойлгох чадвар
  • Зөв бичих чадвар
  • Үндэсний бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулан бичих чадварын агуулгын хүрээнд байна.

Шалгуулагч нь “Монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго онооны болзол (400 оноо) хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин “Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их дээд сургуульд элсэхгүй" гэлээ.

Монгол хэл бичгийн шалгалтын хуваарь:

Дөрөвдүгээр сарын 6-нд буюу бямба гарагт 10:00-11:40 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулна. Монгол хэл бичгийн дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор мэдээлнэ.