Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсан болохыг түүний хоригдож байсан шоронгийн захиргаа баасан гарагт зарласан. Алексей Навальный нас барснаас хойш хоёр хоногийн дараа түүний цогцос хаана байгаа болон хэрхэн нас барсан талаар Оросын эрх баригчид тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан хэвээр байгаа юм. Навальныйн ээж Людмила Навальная болон өмгөөлөгч нь түүний хоригдож байсан IK-3 хорих ангид очсон ч шүүх шинжилгээний хариу гарсны дараа шарилыг өгнө гэж шоронгийн удирдлага мэдэгджээ.

Амралтын өдрүүдэд Навальныйн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ Оросын олон хотод өрнөж, цагдаа нар хүчээр тарааж байгаа юм. Тухайлбал, Оросын 32 хотод болсон дурсгалын арга хэмжээнд оролцсон 350 гаруй хүн саатуулагдсан гэж хүний эрхийн OVD-Info байгууллагын мэдээлэв. Зөвхөн Санкт-Петербургт л гэхэд 154 хүнд 14 хүртэл хоног хорих ял оноосон байна.