23 сум төмөр, 88 сум цагаан зудтай
Монголын хөдөө хахир өвлийг туулж, хүндхэн хавартай золгож байна. Олон удаагийн цас, цасан шуурга, гэнэт дулаарал зэрэг цаг уурын эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр олон суманд төмөр зуд нүүрлэх нөхцөлийг бүрдүүллээ. Хоёрдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрджээ. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрчээ. Мөн 17 аймгийн 88 сум цагаан зудын, 17 аймгийн 79 сум цагаанаар зудархуу байна.

Үүнээс гадна нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэээд байна.
Түүнчдэн улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байна. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1 хувь, Сүхбаатар аймаг 5.3 хувь, Хэнтий 2.8 хувь, Дорноговь аймаг 3.6 хувь буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давжээ.
Улмаар улсын хэмжээнд зудын байдал онц байдал зарлах хэмжээнд хүрч болзошгүйг холбогдох албаныхан мэдээлж байна. Тиймээс ндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, орон нутаг, малчдад 21.5 тэрбум төгрөгийг дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна.
83 жилийн 38 нь ган зудтай байжээ
Монгол оронд тохиолдсон ган зудын давтамжийн судалгаанаас харахад 1940-2022 он хүртэлх 83 жилийн өнтэй буюу хэвийн жил 45 буюу 55 хувь, ган, зудтай жил 38 буюу 45 хувь байжээ.
Эдгээрээс 2009-2010 оны өвөл одоогийнх шиг төмөр зуд нүүрлэсэн бөгөөд манай орны нутаг дэвсгэрийн 80.9 хувь буюу 18 аймгийн 175 суманд 97.5 малчин өрх нэрвэгдэж байв. Нийт малын 23.4 хувь буюу 10.3 сая толгой мал хорогдож, зах зээлийн дундаж үнээр 570 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тухайн үед зудын гамшгийн улмаас 8711 өрх айл малгүй болж амьжиргааныхаа эх үүсвэрээс салж, 32756 мянган малчин өрх айл малынхаа 50-иас дээш хувийг алдаж, 1400 малчин өрх айл төв суурин газрыг бараадаж нүүжээ.
Улмаар дөрвөн аймагт нөхөн төлбөр өндөр тооцоологдож нийт 2.5 тэрбум төгрөгийн нөхөн олговроос Баянхонгор аймагт 1.9 тэрбум, Говь-Алтай аймагт 274 сая, Дундговь аймагт 174 сая, Өвөрхангай аймагт 108 сая төгрөгийг олгосон байна.
2000-2001 оны өвөл Монгол оронд тохиолдсон зуд хохирол 4.8 сая толгой мал хорогдсон нь 2009-2010 оны зуд (10.3 сая толгой мал хорогдсон), 1944-1945 оны зуд (9.2 сая толгой мал хорогдсон)-ын дараа гуравдугаар бичигдсэн ба нийт хохирлын хэмжээ 162.5 тэрбум төгрөгт хүрчээ.
