
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын амралт өчигдөр дуусч, өнөөдөр луу жилийн ажлын өдрүүд эхэллээ. Үүнтэй зэрэгцэн иргэдийн зүгээс цахим орчинд Цагаан сарын баярын амралтын хоногийг нэмэх санаачилга гаргаж эхэллээ. Уг санаачилгыг олон нийт ч дэмжиж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, “Цагаан сарын баяр өмнө нь бэлтгэл их шаарддагаас гадна баярын өдрүүдэд бүгд алжаадаг. Тиймээс ядраад бус амраад ажилдаа ордог байх хэрэгтэй”, “Өргөн уудам нутагт тархан суугаа монголчууд аав ээж, эмээ өвөөдөө очиж золгодог. Ингэхдээ давчуухан хугацаанд яаран явж байна. Үүнээс болж орон нутгийн замын ачаалал нэмэгдэж, осол гарах нэг шалтгаан болж байна” гэв.
2013 оноос өмнө Цагаан сарын баяраар хоёр хоног буюу шинийн нэгэн, хоёронд амардаг байв. Харин 2013 онд УИХ-ын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсөл санаачлан батлуулж байлаа. Ингэснээр Цагаан сараар гурван өдөр амардаг болсон юм. Цагаан сарын баярын амралтын хоногийг сунгах тохиолдолд заавал Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах учиртай.
Цагаан сар, Үндэсний их баяр наадам бол монголчуудын эртний уламжлалт баяр. Наадмаар долоодугаар сарын 10-15 хүртэл зургаа хоног амардаг. 2022 онд хуульд өөрчлөлт оруулж 11-15 хүртэл амардаг байсныг өөрчилсөн юм. Яг үүнтэй адил иргэд “Битүүний өдрийг амралтын өдөр болгох хэрэгтэй” гэсэн санал гаргаж эхэллээ. Энэхүү санаачилга нь ажил хэрэг болж ирэх жилийн Цагаан сараас өмнө УИХ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй нь.