
Улаанбаатарынхан Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг, хамгийн сайхан дурсамж нь юу болохыг энэ удаагийн “Улаанбаатарын хүмүүс” буландаа онцоллоо.

-Идээ, шүүсээ бэлтгэж, ирсэн зочдын алга өөд нь харуулж гар цайлгах гэх мэт үндсэн байх ёстой уламжлалыг дээдэлж Сар шинээ тэмдэглэдэг. Гэхдээ хэт хавтгайрч, айл өрхөөр золголт хийхэд таатай бус ханддаг.
“Дээл өмс” гэж тэр болгон үр хүүхэддээ тулгахгүй ч өглөө нар мандахаас өмнө бурхан шүтээндээ мөргөх, зүг мөрөө гаргах, аав ээж, ахмад настандаа түрүүлж золгох, цайны дээж амссаны дараа идээ шүүсэндээ хүрэх гэх мэтчилэн алив үйлийн дарааллыг ном журмын дагуу баримтлахыг, өөрийн хэмжээнд үлгэрлэхийг хичээдэг.
Миний аав Б.Дэлгэрсайхан гэж уламжлалаа маш их дээдэлдэг, тун нямбай хүн байсан. 1980-аад оны үед аав маань цагдаагийн хүн байлаа. Гэсэн хэдий ч шөнөөр ч болтугай ирж, ах дүү нараараа орж гарч уламжлалаа бүтэн байхад их анхаардаг хүн байсан. Тиймдээ ч би Цагаан сар нь тухайн үндэстнийг илэрхийлэх гол утга учир гэж бат ойлгосон хэрэг.
Цагаан сартай холбоотой дурсамж гэхээр сэтгэлд ойр олон дурсамж байна. Бидний бага үед Цагаан сараар хөл хорьдог байсан тул шөнөөр аавдаа үүрүүлээд ах дүү нарынхаараа очиж нууцаар золгодог байсан нь одоо их дотно санагддаг. Сонинд боодолтой тал ул боов, хэдэн чихэр, ёотон тухайн үеийн нэг төгрөгийн дэвсгэрт маш нандин бэлэг байсан.
Бид ер нь цаг наашлахад итгэлтэй байх нь маш чухал. Яагаад Цагаан сарыг чухалчилж эрхэмлэдгийг бидний монголчууд ойлгох тэр цагт аливаа үнэн зөв торойх байх гэж би ойлгодог. Тиймийн тул ирэх цагт бүтэн бүхэн бүтэн байж, дэвжин дээшлэх нь биднээс л хамаарна. Монгол гэж хий омогшлоос илүүтэйгээр сайн сайханд сэтгэлээ гүн зориулах ирэх цагт аливаа зүйл дэлгэрэхийн үндэс хэмээн ойлгох хэрэгтэй.
Нийт Монгол түмэндээ Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөн, эрүүл энх байж, аз жаргалаар дүүрэн байхыг хувийн зүгээс болон Монгол Улсын Морин хуурын чуулгын эвсэг хамт олны зүгээс хүсэн ерөөе.

-Цагаан сар бол Монгол түмний өв соёл, зан заншил, соёлыг авч үлдсэн маш сайхан баяр. Ээжтэйгээ хамт байдаг учир Сар шинийн баярыг жил алгасалгүй тэмдэглэн өнгөрүүлдэг. Ээжийг маань Тэрбишийн Жүгдэр гэдэг, Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, сайхан настай буурай бий.
Цагаан сар, Үндэсний их баяр наадам бол монголчуудын үндэсний баяр. Монголд гаднаас орж ирсэн олон баяр ёслол бий. Залуучууд, бүсгүйчүүд, хүүхдүүд, эрчүүдийн гээд тус, тусдаа тэмдэглэдэг олон баяртай. Харин настангуудын маань хувьд аз жаргалаар умбах ганц баяр нь Цагаан сар гэж боддог. Тиймээс энэ баяраар ээжийгээ сайхан баярлуулах юмсан гэж бид хичээж, үүнийгээ ч сайн биелүүлдэг. Хамгийн халуун дулаан, дотно, аз жаргалтай уур амьсгалыг бүрдүүлж, үр хүүхэд, ач зээгээрээ цуглан Цагаан сарыг тэмдэглэдэг.
Багш нар маань “Хилэнт эх” хэмээх сүрлэг сайхан жил эхэлж байгаа учир луу жилээ угтуулаад засал номоо хийлгээрэй гэж зөвлөсний дагуу засал, номоо хийлгэж байна. Гэр орон цэвэрхэн сайхан байхаас гадна сэтгэл, оюунаа хиргүй тунгалаг байлгаж, Сар шинээ угтах нь хамгийн чухал зүйл гэж боддог.
Миний хувьд төдийгүй ээж, ах, дүүсийн маань хувьд Цагаан сар бол насан туршийн хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн баяр. Аав маань Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Бадарчийн Даваасүрэн гэдэг хүн байсан. Амьд ахуйдаа зургаан хүүхдээ тойруулж суулгаад хамтдаа хэвийн боов, буузаа хийдэг. Хэвийн боов хийх үйл явц манай гэрийн ёслол, уламжлал, өв соёл болж үлдсэн. Манай гэр бүлийн хамгийн том гурав нь эрэгтэй. Бага гурав нь эмэгтэй. Тиймээс аав маань тавгийнхаа идээг хийсний дараа гурван хүүдээ болон өөртөө дөрвөлжин, голоороо сүлжмэлтэй, зүсэлттэй хэвийн боов хийж өгдөг. Харин хань болон гурван охиндоо зориулж дугуй хэлбэртэй, хээ хуартай хэвийн боов хийж өгдөг байсан. Найман хэвийн боовоо бурхны тахил дээрээ өрж, Цагаан сарын турш хамгийн гоё тавгаа чимэглэж, идээгээ өнгөлөг байлгаж чадсан нь аав, ээжээсээ маш том шагнал авдаг, ийм гоё уламжлал байсан. Энэ нь манай гэр бүлийн хамгийн нандин дурсамж.
Эрдэм номтой, мэргэн хүмүүс “Хилэнт эх” хэмээх луу жилийг их сайхан жил хэмээн айлдсан. Тиймээс Сар шинээ сайхан угтаарай. Монгол ахан дүүсдээ, тив дэлхийгээр тархан суурьшсан бүх монгол угсаатан, ястнууддаа ирэх жилдээ эрүүл энх байгаарай гэж хүсэн ерөөе. Эрүүл биетэй хүн бүхнийг хийж, бүтээж чадна. Ирж буй луу жилдээ хотлоороо энх амгалан, түмнээрээ саруул сайхан байгаарай.

-Цагаан сар бол их сайхан баяр. Сар шинийн баяраар үндэснийхээ сайхан хувцсаар гоёж, аав, ээжүүддээ эхлэн золгож, дараа нь ахмад буурлууд, эмээ өвөөдөө очиж золгон монгол ёс заншлынхаа дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг. Битүүний өдөр ёс журмаараа битүүлнэ. Хэдийгээр залуу гэр бүл ч Сар шинэдээ зориулж, хэвийн боовоор идээгээ засаж, өвчүү чанаж утуулан, бууз, баншаа бэлтгэдэг. Хүүхдүүд маань ид өсөж яваа насан дээрээ байгаа болохоор жил бүр л монгол цамц юм уу дээл авч байна. Зочдынхоо гар цайлгах бэлгэнд бэлэн мөнгө дугтуйлаад өгдөг.
Бидний хүүхэд нас социализмын үед өнгөрсөн. Энэ үед Цагаан сараар золгохыг хориглодог байлаа. Өглөө 08.00 цагт хичээл ордог байсан юм. Тэгэхэд өглөө 07.00 цаг болоогүй байхад босож суугаад “Хажуу айлд очиж золгож бэлгээ авчихаад явна гээд сургуульдаа явдаггүй. Бэлэг өгөхгүй бол хичээлдээ явахгүй” гэдэг хүүхэд байсан тухай аав, ээж минь хэлдэг. Энэ дурсамж маань одоо их хөөрхөн санагддаг юм.
Монголчууд бидний үндэсний баяр учир ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, бүх муу муухай зүйлээ Цагаан сараар цайруулаарай. Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй. Ирэх луу жилдээ хамгийн гол нь эрүүл энх байж, аз жаргалтай, эд баялгаар арвин байгаарай гэж уншигч олондоо ерөөе.

-Миний хувьд Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өглөө эртлэн аав, ээждээ очиж золгоно, дараагаар нь ахмадууддаа очиж золгоно. Өрх гэрийн тэргүүн болсноосоо хойш Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон.
Цагаан сардаа бэлтгэж ахан дүүсээрээ цуглан хэвийн боовоо өөрсдийн гараар бэлтгэдэг. Манай аав их сайхан хэвийн боов дардаг, их гоё хийдэг хүн байлаа.
Миний хүүхэд нас сумын төвд өнгөрсөн. Бага байхад студень буюу царцаамгийг баяртаа зориулан бэлтгэдэг, түлээ, усаа ихээр бэлддэг байлаа. Шинийн нэгний өдөр дуусахад сумын айлуудыг бүгдийг нь “дуусгадаг” хүүхэд байсан. Бэлэг бэлгээс онцгой сайхан бэлгийг эмээ, өвөө маань өгдөг. Сар шинэ ойртох тусам энэ сайхан дурсамжуудаа санадаг. Шинийн нэгний өглөө аавтайгаа хамт морь унаж, нутгийн хайрхандаа гардаг байсан нь миний хүүхэд насны, Сар шинийн хамгийн сайхан дурсамж юм.
Монгол түмэндээ удахгүй болох Сар шинийн мэнд хүргэж, гарч буй луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй гэж ерөөе.