Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр энэ бямба гарагт тохиож байна. Гэвч “Төр түмний минь их баяр” хэмээн хүндэтгэн дээдэлж, хүсэж хүлээдэг монголчууд улам л цөөрч, төвөг ихтэй, түмний халаасыг сэгсэрдэг, “ядаргаа ихтэй” баяр хэмээн үл ойшоогч үлэмж их болов. Цагаан сарыг хүнээр зүйрлэвэл 800 илүү жилийн настай, цагийн хэцүүд гадуурхал, хяслын зовлон шаггүй амссан, басхүү жаргалыг ч дээдээр нь үзсэн, хүндлэхэд нь баясдаг, зүхэхэд нь нулимсаа нууцхан арчдаг, Монгол түмний өв соёл бүхнийг биедээ бүтнээр нь уусгасан өвгөн буурал шиг..
Цагаан сарын түүхээ үл мэдэх атлаа хэдхэн жилийн өмнөх үл таних баяр байсан Сүнсний болон Валентины баярыг илүү өргөн дэлгэр тэмдэглэж, үүх түүхийг нь уг гарвалтай нь мэддэг нь харамсалтай. Тиймээс бид Цагаан сарыг хэзээнээс тэмдэглэж ирсэн, үүсэл, гарвал нь хаанаас эхтэйг хамгийн түрүүнд өгүүлье. Сар шинийн баярыг тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалыг олон янзаар тайлбарладаг ч Их Монгол Улс байгуулагдсан он цаг үеэс эхлэн тэмдэглэж ирсэн хэмээн үздэг.
“Монгол орны лавлах” номд дурдсанаар XIII зуунаас өмнө монголчууд шинэ жилийн баяраа намар цагт тэмдэглэж “Сүүн сар” хэмээн нэрлэж байжээ.
XIII зуунаас эхлэн “Хувь сар буюу Цагаан сар” гэж нэрлэж заншсан бөгөөд энэ тухай “Монголын нууц товчоо”, “Хуа И Ю”, “Цагаан түүх” зэрэгт тэмдэглэжээ. Цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн цаг үетэй ихээхэн холбоотой аж. XIII зууны эхэн улаагчин туулай жилийн Цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт биеэ ариутган, шинэ хувцас өмсөж тэнгэр, газарт ёсолж Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ.
Түүнээс хойш 1216 оны хулгана жилийн Сар шинийн нэгэнд өөрийн сан хөмрөгөөс мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж харьяат улсын 60-аас дээш настай хүмүүст хувь хүртээжээ. Чингис хаан ийнхүү Цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг эрдэг ёс тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ. Улмаар Монгол сар хэмээсний учир нь 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтоожээ.
СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ардын багш С.Дулам
"Түүхэн баримт дээр тулгуурлаад үзвэл, 1207 оны улаагчин туулай жилийн эхний өдөр Чингис хаан өглөө эртлэн босч тэнгэр хангайдаа мөргөж, өвөг дээдэстээ тахил өргөн, Өүлэн эхдээ золгосон гэдэг. Ингээд 1207 онд буюу Чингис хааны II онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёслодог “Цагаан сар” гэдэг ёслол эхэлж, төр ёсны баяр болсон."
Түүхийн ухааны доктор, судлаач Б.Баатархүү
"Цагаан сар 1206 онд Чингис хаан одоогийн Монгол Улсын үндсийг тавьсны баяр юм. Тиймээс Цагаан сар бол Төрийн баяр. Цагаан сарыг үгүйсгэнэ гэдэг Монгол төрөө үгүйсгэж байгаа хэрэг."
Хэлбэр, төрхөө үл ялиг өөрчилсөн ч түүхийн буурал хуудаснаа сааралгүй, 800 зууныг дамнаад ирсэн энэ баяраа бид энх цагт илүү үзэж байна. Гэтэл Цагаан сар түүхийн хугацаанд багагүй бартааг туулсан. Түүхийг өгүүлвэл,
-1952 оны нэгдүгээр 26-Сар шинийн битүүн байв. ОХУ-д эмчлүүлж байсан Монгол төрийн тэргүүн маршал Х.Чойбалсан Улаанбаатарын цагаар 23.50 цагт тэнгэрт дэвшиж, төрийн эрх барих дээд байгууллагаас орон даяар гашуудал зарлалаа. Ингэснээр нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэх байсан Цагаан сарын баяр албан ёсоор цуцлагдав.
-1953 оны нэгдүгээр сарын 26-Маршал Х.Чойбалсан тэнгэрт одсоны нэг жил болов. Энэхүү гашуудалт өдрийг тохиолдуулан Төрийн эрх байгууллагын тэргүүлэгчид Цагаан сарын өдрийг ажлын өдөр болгох зарлиг гаргав. Уг зарлиг нь хойшид хаврын тэргүүн сарын шинийн нэгний Цагаан сарыг тэмдэглэхийг Монгол Улсад хориглосон албан ёсны шийдвэр байв. Долоо хоногт даваа гарагаас баасан гарагт тус бүр ажлын найм, бямбад зургаа, нийт 46 цагийн ажилтай төрийн албан хаагч, үйлдвэр аж ахуйн газрын ажилтан ажилчид Цагаан сарын өдөр амрахгүй ажиллах ёстой болсон байна.
Тэднийг хууль биелүүлж Цагаан сарын өдөр ажиллаж байгааг нь цагийн бүртгэлээр хянаж байсан бөгөөд тухайн өдөр ажилдаа ирээгүй бол ажил тасалсанд тооцож байжээ. Үүнээс гадна хууль зөрчиж Цагаан сар тэмдэглэсэн хэрэгт холбогдуулж нэмэлт шийтгэл хүлээлгэдэг байж. Гэвч хөдөө орон нутагт, ажлын өдрийн найман цагийн хуваарьгүй хувийн аж ахуйтай малчид хөдөлмөрчид Цагаан сарыг жил бүр уламжлалын дагуу өргөнөөр тэмдэглэж байжээ. Хуулиар хориглосон хаврын тэргүүн сарын шинийн нэгний Цагаан сар 1953-1959 онд хэдэн сарын хэдэнд тохиосныг танилцуулъя.
1953 оны хоёрдугаар сарын 5,
1954 оны хоёрдугаар сарын 4,
1955 оны хоёрдугаар сарын 23,
1956 оны хоёрдугаар сарын 12,
1957 оны нэгдүгээр сарын 31,
1958 оны хоёрдугаар сарын 19,
1959 оны хоёрдугаар сарын 8.
-1960 оны нэгдүгээр сарын 22-Төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүлэгчид зарлиг гаргаж жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний Цагаан сарыг “Нэгдэлчдийн өдөр” нэртэйгээр тэмдэглэх, гэхдээ зөвхөн хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдад амралтын өдөр байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, төв суурин газрын иргэдэд урьдын адил уг баярыг тэмдэглэх хориотой, харин хөдөө орон нутагт нэгдэлч малчдад Цагаан сар хийхийг албан ёсоор зөвшөөрсөн алхам байв.
-1988 оны арванхоёрдугаар сарын 23-Ж.Батмөнх даргатай эрх баригч МАН-аас хойшид “Билгийн улирлын хаврын тэргүүн сарЦагаан сарын шинийн нэгнийг бүх ард түмний амралтын өдөр болгох” тогтоол гаргажээ. Тогтоол гарснаар хязгаарлагдмал түвшинд “Нэгдэлчдийн өдөр” нэртэй байсан Цагаан сар нь 1989 оноос эхлэн жил бүр хуучин уламжлал ёсоор бүх нийтээр тэмдэглэх баяр болсон юм.
Цаг хэцүү, Цагаан сар тэмдэглэснийхээ төлөө ял хүлээдэг байсан ч харанхуй үдшийн цагаар ахмад настнууддаа ёсчлон золгож, өв уламжлалаа таслахгүй хэмээн өвгөд маань хичээсээр энэ цагт залгуулсан. Гэвч улс түмнээрээ нийтээрээ гурав хоног амрахыг хуульчилсан энэ цагт бид ад шоо үзэх нь дэндүү эмгэнэлтэй. Эсрэгээрээ Боловсролын сайд нь Сүнсний баярыг хориглосны төлөө үр хүүхэдтэйгээ хамтран эсэргүүцдэг ийм л нийгмийг бүтээж байна, бид.
СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ардын багш С.Дулам
"Монгол угсаатны хувьд олон мянган жилийн өмнөөс өдий хүртэл уламжилж ирсэн бэлгэдлийн цогцлол болсон цорын ганц үндэсний баяр бол Цагаан сар. Тийм ч учраас монгол үндэстэн гэж оршмоор байвал жилдээ ганц удаа ёсолдог баяраараа ёсолсон шиг ёслоод, байр баясгалан болгож магнайгаа тэнийлгэж болно биз дээ. Үүнийг л би залуучуудаас хүсэж байна."
МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш С.Бямбадорж
"БНМАУ-ын маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барахад албан ёсоор Цагаан сарыг цуцалж байсан. Бүх нийтийн гашуудлын өдөр болж байгаа юм. Тухайн үеийн төр засгийн бодлогын дагуу Цагаан сарыг хэт хувийн шинжтэй баяр байна ч гэж үзсэн. Бүр устгаж чадахгүй ч энэ бол малчдын баяр, нэгдэлчдийн баяр хотод сууж байгаа улсуудад бараг хамаагүй гэсэн ийм байдлаар зарлаж хорьсон. Намайг бага байхад, социализмын үед Цагаан сарын баяраар аав, ээжийг минь заавал ажиллуулж, цагийг нь яс бүртгэнэ. Амралтын өдөр таарах юм бол цасны баяр, зугаалгад явна. Хандгайтад очиж гулгана. Тэрэнд очоогүй хүнийг намын бодлого шийдвэрийг эсэргүүцэж, ажил тасалсанд тооцож, энгийн үеэс илүү шийтгэл онооно. Тэгэхээр тэр үед бодлогоороо хавчиж л байсан байгаа юм."

Сар шинийн баяр бол бидний соёлоосоо алсарч холдохгүй байхын хамгийн том дархлаа. Өдөр өдрөөр биднээс алсран одож буй өв соёл, зан заншил, уламжлал гээд бүхнийг өөртөө шингээсэн онцгой баяр. “Hi” хэмээн мэндчилдэггүй мэндлэх, хүндлэх ёстойг мэдүүлдэг, нөмгөн дээл нөмрөх болсон өнөө цагт үндэсний дээл хувцсаа ёс төртэй, цэвэр цэмцгэр өмсөх ухааныг, солонгос, хятад хоолыг нийтээрээ тамшаах болсон цагт идээ, ундааны ямар агуу соёлтойг, гар утасны тоглоомд нийтээрээ донтсон энэ үед монголчууд өөрсдийн гэсэн уламжлалт тоглоом наадгайтайг, бүр тоглох ёс дэгтэйг таниулдаг баяр юм. “Хол л баймаар санагддаг” ураг удмынхантайгаа мэнд мэдэх нь цус ойртолтоос сэргийлэх хамгийн энгийн алхам. Бие биесээ харж учран золгохдоо хэн нь сайн сайхан явж буйг, олуулаа болсныг мэдэхээс гадна хэнд нь ямар тус, дэм хэрэгтэй гэдгийг ч таньж мэдэх ач холбогдолтой.
Хэрвээ бид үндэсний уламжлалт баяраасаа алсарч, соёлоосоо тасарсаар байвал өвгөдийн минь бидэнд үлдээсэн түүх өөрөөр бичигдэх хувь тавилан хүлээж байна.
Монгол утга соёл судлалч, боловсролын шинжлэх ухааны доктор Д.Баттогтох
"Жилд зөвхөн нэг удаа тэмдэглэх Цагаан сарын өдөр бол жинхэнэ монгол ёс заншил, эд өлгийн зүйлс цөм бүрсэн тараг шиг бүрэлдэх, монгол соёл, зан суртахуунаа дээдлэх, өв уламжлалаа өвлөх, үг яриа, үйлдэл хөдөлгөөн, хувцас зүүсгэл, идээ зоог, эд эдлэл бүхэндээ хүндэтгэл, бэлгэдэл шингээсэн байдаг учир улс, үндэстнээрээ бахархах, зан заншлаа дагаж мөрдөх, үг яриа, үйлдэл бүхнээ хянаж, бие, сэтгэл, хэлээ цэвэр ариун байлгах, нүглийг бус буяныг хураах хамгийн бэлгэдэлт сайн, утга төгөлдөр өдөр."
МУБИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар
"Монгол нутагт монголчууд урт удаан хугацаанд оршин тогтнож, аж төрөхийн тулд өв уламжлалаа зайлшгүй сахин, хамгаалах ёстой. Өв уламжлалын зангилаа болсон Цагаан сарын баярыг үндсэн утгаар нь цааш авч явахгүй бол ард түмний түүх, соёл ч өөрчлөгдөх эрсдэлтэй."
Монголчууд ганц Цагаан сар ч биш Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх тусгаар тогтнолын баярууддаа ч ээлгүй. Монгол Улсын минь тусгаар тогтнолтой салшгүй холбоотой үндэсний баярууд болох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Бүгд найрамдах улс тунхагласан өдөр Монголд хамгийн үнэ цэнгүй, зарим иргэдийнхээр бол “утга учиргүй”, шагнал л гардуулдаг, бөх барилддаг амралтын өдөр болсон гэхэд хилсдэхгүй. Туурга тусгаар тогтносон Монгол Улсын иргэн хэмээн овоглочихоод үндэсний баяруудаа шоовдорлож, харийн баярыг хоймортоо, үндэсний бүхний хаяавчиндаа шоовдорлосоор л байдаг нь бидний үнэн.
Сар шинийн баярын өмнө тохиох шинэ жилдээ бэлтгэн хэдэн зуун мянга, сая саяар үрэх атлаа үндэсний баяр болохоор гар нь татаж, гэртээ хэдэн арав, зуугаар нь ашиглах бараа, гоо сайхны бүтээгдэхүүн захиалах хэрнээ Цагаан сар болохоор минимал байх тухай сургааль айлдаж, Сүнсний баярын хувцас хэрэглэлийг газрын гаваас эрэн олж, Шинэ жил бүхнээр санта, цаа бугын зурагтай хувцсаар нэг удаа гоёх атлаа Сар шинээр шинэ дээл оёулахаасаа төвөгшөөдөг байж болохгүй.
Монголчууд бид ахмад настнууддаа хэзээнээсээ хүндэтгэлтэй хандаж ирсэн. Монголын гэр бүлийн гишүүн бүр өөрсдийн гэсэн баяртай. Бүсгүйчүүд, хүүхдүүд, эрчүүд гээд тус, тусдаа тэмдэглэдэг олон баяртай. Харин азай буурал настангуудын хувьд хүсэн хүлээдэг ганц баяр нь Цагаан сар. Бусад бүхий л баяраар өөрсдөө баярлаж байж, төрүүлж өсгөсөн ижий, аавынхаа ачийг санан Цагаан сараар ганцхан удаа туслах нь тийм ч хүнд ял биш байлтай.
Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид нэгдэн орсноос хойш Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад дараах өвүүдийг бүртгүүлсэн байдаг.
Монгол тууль: Бүртгүүлсэн он 2009 он
Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг: Бүртгүүлсэн он 2009 он
Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг: Бүртгүүлсэн он 2009 он
Монгол уртын дуу тоглох уламжлалт арга битүү амьсгаа: Бүртгүүлсэн он 2011 он
Монгол уран бичлэг: Бүртгүүлсэн он 2013 он
Ботго авахуулах зан үйл: Бүртгүүлсэн он: 2015 он
Уул овоо тахих монгол зан үйл: Бүртгүүлсэн он: 2017 он
Эдгээр өвүүд нь бүгд бүх монголчуудын өв байсан. Гэвч цагийн аяс, түүхийн нугачаанд цар хүрээгээ хумьсаар үндэстэн, ястны л өв болон үлдсэн. Жишээлбэл, XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгарсан. XX зуунд Монгол оронд болсон нийгмийн олон өөрчлөлтийн явцад үгийн урлагийн хүрээнд бичгийн уран зохиол давамгайлах болж, аман зохилын нийгмийн үнэлэмж бүдгэрч, Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д бүртгүүлсэн түүхтэй.
Үндэсний статистикийн хорооноос 2019 онд танилцуулснаар монголчуудын 64 хувь нь Цагаан сар тэмдэглэдэг гэсэн тооцоо гаргасан. Таван жилийн өмнөхөөр тооцвол гурван хүн тутмын нэг нь Сар шинийн баярыг тэмдэглэдэггүй.
шинийн баярыг тэмдэглэдэггүй. Хэрвээ бид Цагаан сарын баяртаа энэ хэрээр хүндэтгэлгүй хандсаар байвал түүхийг давтаж, эхэндээ хөдөөнийхний баяр, аажимдаа цөөхөн ястны баяр болж, эцэс сүүлд нь яаралтай хамгаалах өвийн жагсаалтад багтаж, үндэснийхээ бахархалт баяраа энэ өвд бүртгүүлсэн өрөвдөм улс болох вий.