“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн. Энэхүү булангийнхаа зургаа дахь дугаарт А.Аданы “Жизель” балетын тухай өгүүлж байна.
1841 онд Францын Эзэн хааны хөгжмийн академик театрт анх тогложээ
“Жизель” балетыг анх 1841 онд Францын Эзэн хааны хөгжмийн академийн театрт тоглож байжээ. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Т.Готье сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн байна.
1884 оноос Мариус Петипагийн дэглэлт илүү өргөн хүрээтэй дэлгэрсэн бөгөөд одоогийн бидний үзэж буй хувилбар юм.
Өнөөг хүртэл “Жизель” балет нь дэлхийн олон оронд өөр, өөр балетмейстерүүдийн тавилтаар тоглогдож буй гайхамшигт сонгодог бүтээл бөгөөд манай улсад анх 1979 онд тайзнаа амилжээ. Тодруулбал, 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд ОХУ-ын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэн тавьж, ерөнхий удирдаачаар БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваа, туслах удирдаачаар Ж.Бүрэнбэх, тайзны зураачаар А.Морозов, туслах зураачаар ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх, Б.Төмөрхуяг нар ажиллаж байжээ.
“Жизель” балетын анхны бүрэлдэхүүн
Жизель /тариачин бүсгүй/
Ю.Оюун-БНМАУ-ын гавьяат жүжигчин
Т.Туул-БНМАУ-ын гавьяат жүжигчин
Б.Энхээ
Альберт /гүн/
О.Ганбаатар БНМАУ-ын ардын жүжигчин
О.Батсайхан
Ч.Энх-Амгалан
Ханс /ойн захирагч/
Б.Батхүрэл
Ж.Ганбат
Берта /Жизелийн эх/
Ц.Тоомой
Дуламжав
Ван /Батильдын эцэг/
Н.Баатар-БНМАУ-ын гавьяат жүжигчин
Р.Батсайхан-БНМАУ-ын гавьяат жүжигчин
Батильда /Альбертын сүйт хүүхэн/
А.Навчаа-БНМАУ-ын гавьяат жүжигчин
Д.Энхтуяа
Вильфрид /Альбертын зэвсгийн даамал/
А.Батдэлгэр
Б.Очирбат
Мирта /их сүнс/
А.Навчаа-БНМАУ-ын гавьяат жүжигчин
Б.Энхээ

Монголын тайзнаа 44 дэх жилдээ
Монголын сонгодог урлагийн ертөнцөд өөрийн орон зайгаа тунхагласан ардын жүжигчин, XX зууны манлай балетчин Ю.Оюун бол Монголын анхны Жизель юм. Түүнтэй хамт гавьяат жүжигчин Т.Туул, Б.Энхээ нар гоцолж байв. Харин Альберт гүнгийн дүрийг ардын жүжигчин О.Ганбаатар, Монголын балетад тод гэрэлтсэн од О.Батсайхан, балетын жүжигчин Ч.Бат-Амгалан нар бүтээжээ.
Ю.Оюун дэлхийн балетын өлгий болсон Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд “Онц” дүнтэй дүүргэж ирсэн даруйдаа 1973 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас”-ын Хандармаа, 1974 онд Л.Минкусын “Кихот ноён” балетын гол дүр Китрид бүжиглэж чадалтай балетчин гэдгээ анх удаа үнэлүүлсэн түүхтэй. 1990-ээд оныг хүртэл бүжигчнээр ажиллахдаа 25 бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээж, Монголын тайзнаа Болгарын И.Дрангажав, ОХУ-ын алдарт бүжигчин М.Лиепа, Швейцарийн Х.Мейстер нартай “Хунт нуур”, “Дон Кихот”, “Жизель” бүжгийн жүжгүүдэд гоцлон тоглож, Москва, СанктПетербург, Львов, Новосибирск, Будапешт, Кабул, Тбилиси, Ереван, Ханой, Улаан-Үүд, Бээжин, Хөх хотуудад айлчлан тоглож байсан юм.
“Жизель” 45 жил Монголын тайзнаа амьдрахад 10 хүрэхтэй үгүйтэй Жизель төрөн гарсан. Ю.Оюун гуай хамгийн анхных бол одоогоор М.Нандинцэцэг хамгийн отгон нь юм.

“Жизель” бүжиглэж байгаа хүнээсээ маш өндөр мэргэжлийн ур чадвар шаардсан бүжгэн жүжиг. “Жизель”- ийг хийж чадах хүн гэж байна, чадахгүй ч хүн гэж байна."
Шинэхэн “Жизель”
1979 онд тайзнаа анх толилуулснаас хойш огт гар хүрэлгүй байж, 2022 онд 43 жилийн дараа шинэчлэн тавьсан юм. Шинээр тавьж буй “Жизель”-ийг УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар гурван өөр бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны дөрөвдүгээр сарын 15, 16, 17-нд толилуулсан. Харин тариачин охин Жизелийг энэ цагийн тэргүүн гоцлоочид болох гавьяат жүжигчин О.Анужин, соёлын тэргүүний ажилтан Г.Батчимэг, М.Нандинцэцэг нар тайзнаа амьдруулсан юм.

“Жизель” балет анх тоглогдоход арай өөр хувцас өмсдөг, тайзан дээрх жүжиглэлтийн хөдөлгөөн, хөгжим бага зэрэг удаан байсан байх. Харин өнөөдөр шинэчлэн найруулснаараа орчин, өнгө төрх хийгээд хэмнэл, хөдөлгөөн арай хурдтай болсон болов уу. Шинэ найруулга, тавилт бүхий “Жизель” өнөөгийн нийгэмд амьдран буй хүмүүсийн сэтгэхүйд арай ойр хүрэх байх."
Гэвч сонгодог урлагийн үнэнч үзэгчийн зарим нь шинэчилсэн найруулгыг огт таашаадаггүй. 1979 онд тайзнаа тавигдсан хувилбараар үзмээр байгаагаа ч илэрхийлдэг. Гэхдээ “Жизель” УДБЭТ-ын тайзнаа амилах бүр үзэгчид танхим дүүрэн угтан авдаг.
“Жизель” балетын либретто
“Жизель” балетын цомнолыг, хуримлаж амжилгүй нас нөхцсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэжээ. Шөнө дөл охидын сүнснүүд, сарны гэрэлд гарцгааж, хар үхлээс болж амьд ахуй насандаа бүжиж, цэнгэж амжаагүй аз жаргалаа нэхэн үргэлжлүүлэх гэсэн мэт ухаан жолоогүй эргэлдэн бүжнэ. Тохиолдсон хэн боловч тэдний өширхүү бүжигт өөрийн эрхгүй хөтлөгдөн орж тамир тэнхээ тасран үхэтхийн унахаас нааш салдаггүй гэж домогт өгүүлнэ. Энэ домгийн сэдвээр Германы их яруу найрагч Х.Хайне зохиол бичсэн байдаг. Уг зохиолоос Т.Готье, Ж.Сен-Жорж нар санаа авч “Жизель" балетын цомнолыг бичжээ.

Нэгдүгээр бүлэг
Наран гиймэл тайван газар бяцхан гацаа байна. Энэ гацаанд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Тариачин бүсгүй Жизель цэнхэр огторгуй, шувууны жиргээ болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлийн жаргаланд умбан баясаж байжээ.
Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ханс, Жизелийн хайрт хүн Альберт бол тариачин хувцас өмссөн язгууртан гэж итгүүлэхийг оролдоно. Ойн захирагч, гацаа дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй, мөнгөн туялзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ. Ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтана.
Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд сүйт хүүхэн Батильда нь байгаад их л тэвдэн сандарч, тэднийг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ханс олны өмнө түүний нуусан сэлмийг нь үзүүлж, заль мэхийг нь илчилнэ. Жизель хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд гайхаш алдран гомдоод, сэтгэл, итгэл мөрөөдөл нь балран унасанд солиорон амь алдаж байгаагаар нэгдүгээр бүлэг дуусна.
Хоёрдугаар бүлэг
Шөнийн нам гүмд, гацааны оршуулгын газар сарны гэрэлд сүүтгэнэх сүнснүүд гарч ирцгээнэ. Хуримын хувцас, цэцгэн эрхитэй сүнснүүд, сарны туяанд гайхам агаад сэтгэл сэрдхийм харагдана.
Мөс мэт хүйтэн авсандаа орохын өмнө, амжих юмсан гэх мэт... улам ч шуурхай бүжнэ. Гэтэл ойн захирагч Ханс уй гашууд автан өөрийнх нь буруугаар сэтгэлийн зовлонд унаж амь алдсан Жизелийн булшийг эргэхээр ирж явааг сүнснүүд харцгаан, өршөөлгүй хатуу толгойлогчийнхоо зарлигаар түүнийг тойрон бүжиж, унан тусан бүжиглүүлж амийг нь алдуулна.
Бас Альберт гүн, хөөрхийлэлтэй үрэгдсэн Жизелийг үл мартан шөнө дөлөөр түүний булшин дээр ирнэ. Сүнснүүд түүнийг тэр даруй тойрон бүжиж эхэлнэ. Харин энэ мөчид Жизелийн сүнс сүүдэр түүний цэвэр ариун, өөрийгөө гарздахаас үл шантрах хайр нь Альбертыг догшин сүнснүүдийн хилэнгээс аварна.
Мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад хонх дүнгэнэхэд сүнснүүдийн сүүдэр дүр ч ид шидээ алдаж замхарна. Жизелийн хөвөлзөх сүүдэр ч мөн арилан одно. Гэвч Альбертын сэтгэлд Жизель мөнхөд оршин, үхлээс хүчтэй түүний хайрыг нэгэнт алдсанаа санан, санан харууссаар энэ балет төгсөнө.