XXI зууныг тодотгох шинэ хүч болох AI буюу хиймэл оюун ухаан бараг бүх салбарт хүч түрж орж ирлээ.
Өнөөдөр амтай бүхэн л хиймэл оюун ухааны тухай ярьж, ач холбогдол өгөх болсон. Эрдэмтэн, судлаач нар түүний сайн талыг нь хүлээн зөвшөөрч байгаа ч мөн аюул дагуулах талаар санаа зовсоор буй. Тэгвэл хүн төрөлхтний ажлыг хөнгөвчлөх ухаалаг энэ технологи бидний амьдралд болон улс төрийн салбарт хэр хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар хүргэе.
Хиймэл оюун ухаан нь хүмүүсийн амьдралыг сайжруулах чадалтай хэдий ч аюулгүй байдалд заналхийлж, иргэний эрх, хувь хүний нууцад халдаад зогсохгүй улс төрийн салбар тэр дундаа сонгуулийн үр дүнд нөлөөлөх болсон талаар Германы хиймэл оюун ухааны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
Тухайлбал, хүмүүс аль хэдийнэ хиймэл оюун ухааныг худал мэдээлэл тараах зорилгоор ашиглаад эхэлсэн. Яг л бодит мэт зураг, дүрс, хоолой гээд хийгээгүйг хийсэн мэт харагдуулах нь хиймэл оюун ухаанаас гарах овжин санаа юм. Үүнээс үүдэж цахим орчинд тархах хуурамч мэдээлэл нь ялгаж, салгахын аргагүй төвөгтэй болж байгаа нь эрсдэл дагуулж буй.
Бодит мэт харагдах хуурамч дүрс
Сүүлийн жилүүдэд цахим орчинд хиймэл оюун ухаан ашиглаж хэн нэгнийг царайг эвгүй дүр төрхөд хувиргаж хандалт авагчид олширсон. Үүнийг “deep fake” гэж нэрлэдэг бөгөөд тухайн хүний дүрсийг яг л бодит юм шиг харагдуулж элдэв царайны хувирал үзүүлэх нь үүний гол зорилго. Үүнтэй холбоотойгоор судлаачид 2024 оныг “deep fake” сонгууль болно хэмээн таамаглаж буй.
Хуурамч мэдээлэлтэй тэмцэх алба болох АНУ-ын “DeepMedia” компанийн мэдээлснээр энэ жил дэлхий даяар “deep fake” дүрс бичлэгийн тоо гурав дахин ихэснэ гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
Интернэт хэрэглэгчдийн дунд улстөрчдийг хооронд нь үнсэлцүүлэх, гар бариулах, дайсагнуулах, элэглэх зэргээр “deep fake”-ыг ашиглаж буй. Үүнийг зарим улстөрчийн пиар багийнхан овжноор ашиглаж сонгогчдын санаа бодлыг өөрчлөхөд ч ашиглаж байна. Жишээ татвал, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл сонгуулийн кампанит ажилдаа “deep fake”-ийг ашигласан нь сонгуульд ялахад нөлөөлсөн хэмээн улс төр судлаачид үздэг. Тэдний үзэж байгаагаар, сөрөг хүчний “Ардын хүч” намыг төлөөлөн сонгуульд оролцохдоо Юн Сог Ёл хүмүүсийн асуултад хариулж, өрсөлдөгчидтэйгөө мэтгэлцэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан өөрийн хувилбарыг гаргасан гэж үздэг байна. Тэрээр хиймэл оюун ухаанд суурилсан өөрийн хувилбараар дамжуулан яриа хөөрөөтэй, зөөлөн дүр төрхийг бүрдүүлсэн аж.
Уг дүрс бичлэгээ цахим ертөнцөд байршуулж 14.5 сая гаруй хүний анхаарлыг татаж чаджээ. Үүний үр дүнд залуучуудын дунд нэр хүнд нь 10 гаруй хувиар өсөж, улмаар залуучуудын саналыг авснаар сонгуульд ялалт байгуулсан гэж үздэг.
Энэ бол эерэг байдлаар хиймэл оюун ухааныг ашигласан жишээ юм. Харин үүнийг эсрэгээр нь буюу тархи угаалт байдлаар ашиглавал үр дүн нь ихээхэн сөрөг үр дагавартай. Жишээ нь улс орон хооронд талцал үүсгэх хэмжээний хуурамч мэдээлэл нь цаашлаад геополитикийн хүнд нөхцөлд хүргэх эрсдэлтэй юм. Иймээс АНУ-ын Холбооны сонгуулийн хороо сонгогчдыг сонгуулийн хуурамч мэдээллээс хамгаалах зорилгоор 2024 оны сонгуулиас өмнө хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн улс төрийн зар сурталчилгааг зохицуулах ажлыг эхлүүлэх зэргээр арга хэмжээ авч байна.
“Муу”-гийн дохио
Монголчууд хиймэл оюун ухааны салбарт хурдтайгаар түрж орж ирж байна. Өнөөдрийн байдлаар манай ихэнх залуучууд технологи, хиймэл оюун ухааны салбарыг илүүтэй сонирхдог болжээ. Түүнчлэн хүнийг хиймэл оюун ухаанаар орлуулах ажил ч зарим салбарт ид өрнөж байна. Тухайлбал, Монголын онгоцны тасалбар борлуулалтын “Airlink” компани “Ариа” гэх хиймэл оюун ухаанд суурилсан хэвлэл мэдээллийн ажилтантай болсон. Мөн Онцгой байдлын ерөнхий газар “Nemaka” гэх хэвлэлийн төлөөлөгчтэй. Түүнчлэн хиймэл оюун ухаанаар олон төрлийн бизнесээ хөгжүүлэх зэргээр хөрөнгийн зах зээлд ч тоглож байна. Үүн дээр нэмэгдээд нийслэлээс танилцуулсан Монгол Улсын хамгийн анхны дижитал иргэн болох “Эгүнэ” гэх мэт манай хиймэл оюун ухааны хөгжил дэлхийн жишигт хүрээгүй ч тодорхой хэмжээнд хөгжиж, дэвшиж явна.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн саруудад дээр дурдсан “deep fake” хуурамч дүрс манайд сөрөг байдлаар ашиглагдах болов. Тухайлбал, өнгөрсөн сарын 19-ний өдөр БНХАУ-ын тикток орчинд “Цахим ертөнц” нэртэй хаягаас deep fake буюу хуурамчаар хүний царай болон дуу хоолойг өөрчилж засварлах боломжтой программ ашиглаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны есдүгээр сарын 1-нд нийтэлсэн “Дэлхийн нийслэл Хархорум” нэртэй теле хичээлийн үеэрх дүрс бичлэгийг өөрчилж, хятад хэлээр ярьж байгаа мэтээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн 38 секундийн бичлэг цахим орчинд цацагдсан билээ.
Тус асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Уг бичлэг нь үндэсний эв нэгдэл, Монгол Улсын тусгаар тогтнолд хүртэл халдах эрсдэлтэйг Тагнуулын ерөнхий газраас анхааруулсан.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатарын царай, хоолойг ашиглаж гудамжаар давс цацуулж явах гэх мэтээр элэглэж, шүүмжилсэн бичлэг ч цахим орчинд хандалт авах боллоо. Энэ бол яавч сайны жишиг биш. Хэрэв энэхүү хуурамч мэдээлэл нь манай цахим орчинд тархаад эхэлбэл жинхэнэ худал, хуурмаг, тархи угаалтын түймэр дэгдэнэ. Учир нь 2024 оны сонгууль дөхөж буйтай холбоотойгоор иргэд үнэн зөв, худал хоёрыг ялгахад хүндрэл учирч сонгуулийн үр дүнд ч нөлөөлөх эрсдэлтэй. Иймд хяналт, хариуцлагыг тогтоох нь чухал болоод буй.

"Сонгуулийн үйл ажиллагаанд том гүрнүүд хүртэл хөл алдаж байна. Үүнд АНУ, Европын орнуудыг дурдаж болно. Манайд Кибер аюулгүй байдалтай тэмцэх төв байгуулагдсан. Нэр дэвшигчдийг төрхийг дуурайлган хийсэн хуурамч бичлэг тарахыг үгүйсгэхгүй. Үүнд бид бэлтгэлтэй байна уу гэдэг эргэлзээтэй."
Шийдэгдэх асуудал
Дэлхийн улс орнууд хуурамч мэдээллийн тахалд нэрвэгдэхээс сэргийлж тодорхой хэмжээний зохицуулалтыг хийж байна. Ингэхдээ цахим орчин дахь худал мэдээллийг хянаж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх зэргээр арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Жишээ нь, Ирланд улс хуурамч хаяг ашиглан системтэйгээр худал мэдээлэл тараах байдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болсон байна. Хариуцлагын тогтолцооны хувьд 25-аас дээш тооны хуурамч хаяг үүсгэн худал мэдээлэл тараасан иргэнд тав хүртэлх жил хорих ял эсвэл 10000 еврогоор торгох арга хэмжээ авах зохицуулалтыг хийдэг байна.
Харин Герман улс цахим орчин дахь “Hate Speech” буюу бусдыг доромжилж, гүтгэх байдалд хуулийн хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлж эхэлсэн аж. Тухайлбал, Германы Засгийн газар “Facebook”, “Twitter”, “YouTube” зэрэг хоёр саяас дээш хэрэглэгчидтэй цахим нийгмийн сүлжээний платформд бусдыг доромжилж, сэтгэл санааны хямрал учруулахуйц агуулга бүхий хууль бус контентыг 24 цагийн дотор илрүүлж устгах төрийн хяналтын бүтцийг бий болгосон бөгөөд хууль зөрчсөн иргэнийг 50 сая хүртэлх еврогоор торгох арга хэмжээ авдаг болжээ.
Энэ мэт сонгуультай холбоотойгоор элдэв хуурамч бичлэг задарч, ардчиллын үндсэн суурь болох шударга сонгуулийн зарчим алдагдахаас эмээж, хиймэл оюун ухааныг ашиглан улс төрийн сонгуульд хөндлөнгөөс оролцох явдлыг хязгаарлах хууль тогтоомжийг дэлхийн улс орон бүр батлахыг зорьж байгаа аж. Иймд манайд ч гэсэн энэ тогтолцоо өгүүлэгдэж буйг сүүлийн саруудад болж буй сенсацууд анхааруулсаар байгаа юм.