Монгол Улс өндөр насны тэтгэврийн насны доод хязгаарыг эрэгтэй 60, эмэгтэй 55 гэж тогтоосон. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага, БНХАУ-тай ижилхэн, ОХУ-тай ойролцоо байна. Дэлхийн бусад улс орнууд ихэвчлэн 65 ба түүнээс дээш насаар өндөр насны тэтгэврийн насны хязгаарыг тогтоожээ.
Мөн улс орнуудын тэтгэврийн насыг хүйсээс хамруулан тогтоосон байдлыг харьцуулахад 40 улс орноос 29 орон буюу 72.5 хувь нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг ижилхэн тогтоосон бол найман улс орон эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг эмэгтэйчүүдийнхээс 5 насаар илүү, Их Британи, Турк, Швейцар зэрэг улс орнууд 1-2 насаар тэтгэврийн насыг илүү тогтоосон байна.
Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт хамгийн бага байгаа нь анхаарал татах асуудал байна.
Мөн олон улс орнууд тэтгэврийн насыг хүйсээс хамааруулан ялгаатай тогтоохгүй байгаа нь өндөр насны тэтгэвэр авах боломжийг насаар нь ялгаварлахгүйгээр олгож байгаа сайн жишээ ажиглагдаж байна.

Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүн амын дундаж наслалт, улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёлын хүчин зүйлс, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, улс орнуудын сайн туршлага зэрэг олон хүчин зүйлтэй харьцуулан эргэн харах нь зүйтэй байна.
Өндөр насны тэтгэвэр гэдэг нь “сар бүр авч байсан цалин хөлстэй нь дүйцүүлэн, шимтгэл төлсөн хугацааг харгалзан нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас насан туршид нь олгож буй мөнгөн хөрөнгийг ойлгоно” гэж тодорхойлсон.
Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай” 102 дугаар конвенцын 29 дүгээр зүйлд “30 жил шимтгэл төлсөн даатгуулагчид өмнөх хөдөлмөрийн хөлс, орлогын 40 хувьтай тэнцэх өндөр насны тэтгэвэр олгоно” гэж заажээ.
Энэ хүрээнд Монгол Улс “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож, илүү шимтгэл төлсөн жил тутамд 1.5 хувиар нэмэгдүүлж тооцох”-оор зохицуулсан нь олон улсын эрх зүйн хэмжээтэй нийцсэн байна.