Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 1, 2-нд “Монголын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” зохион байгуулах юм. Зөвлөгөөний урьдчилсан хэлэлцүүлгийг салбарын мэргэжилтнүүд, улс төрийн манлайлагчдын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хангайн бүсийн онцлог, хөгжлийн оновчтой бодлогын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгаас тодрууллаа.

-Хангайн бүс буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудал юу вэ?

-Монгол Улсын нийт хүн амын есөн хувь буюу 302 мянган иргэн Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт амьдарч байна. Эдгээр иргэдийн 40 орчим хувь нь 10-44 насны залуус. Энэ нь ажиллах хүчний хувьд маш том давуу тал. Тус бүс нутагт мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, рашаан, сувилал, био-анагаах ухааны салбарыг хөгжүүлж чадвал иргэдийн орлого 2-3 дахин нэмэгдэх боломжтой харагддаг. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар хангайн бүсийн иргэдийн дундаж орлого улсын дунджаас хоёр дахин бага байна. Энэ зөрүүг арилгах нь бүсчилсэн хөгжлийн бодлогын суурь зорилт байх ёстой болов уу.

-Хангайн бүс нутгийн иргэдийн гол орлого мал, аж ахуйгаас бүрддэг байх?

-Хангайн бүс нутгийн малын тоо сүүлийн 30 жилд 8.5 сая буюу 2.6 дахин өссөн. Гэвч мах, сүүнээс бусад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл дорвитой хөгжихгүй байна. Нийт 48 мянган өрх энэ бүсэд мал маллаж амьдардаг бөгөөд жилийн 1800-2800 ам.доллар буюу 10 сая хүртэл төгрөгийн орлоготой байх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Энэ нь мал аж ахуйн салбарт тулгуурласан бусад улс орнуудтай харьцуулахад чамлахаар үзүүлэлт. Жишээ нь, Өвөр монгол дундаж малчид монгол малчдаас дөрөв дахин их орлоготой байна. Мөн уг бүс нутгийн эдийн засгийн хэмжээ зарим томоохон компанийн нэг жилийн ашгаас ч бага дүнтэй байна.

“Тавантолгой” компанийн ашиг өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 3 орчим их наяд төгрөг гарсан бол хангайн бүс буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн эдийн засгийн хэмжээ 2022 оны байдлаар 2.2 их наяд төгрөг байх жишээтэй.

-Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Нэн түрүүнд малчдыг нийлж, хоршин хамтран ажиллах чиглэлээр тогтолцооны өөрчлөлтүүд хийх нь чухал болов уу. Мөн монгол малын мах эрүүл гэдгийг олон улсад богино хугацаанд баталгаажуулах шаардлагатай. Монгол малчдын орлого тогтвортой бус, эмзэг. Үндсэндээ жилд хоёр удаа л орлого олж байна. Хавар ноолуураа тушаадаг, намар махаа борлуулдаг орлогын хоёрхон эх үүсвэртэй. Цаашдаа энэ байдлаар удаан явах боломжгүй. Тиймээс өөрчлөлт хэрэгтэй. Малчдын дунд хийсэн судалгаанаас үзэхэд, дараах гол тогтолцооны асуудлуудыг шийдэх шаардлагатай байгаа юм. Үүнд:

-Малчид нэгдэж, хоршиж ажилласнаар ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдэд бага хүүтэй, урт хугацаатай, Засгийн газрын хүүгийн татаастай, нэн хөнгөлөлттэй нийт 830 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэвч мал аж ахуйн салбарт зээл олголт бага зэрэг чамлалттай байна. Гол шалтгаан нь малчдад барьцаа хөрөнгө байхгүй, банкны шаардлага хангаж чадахгүй зэрэг цөөнгүй асуудал байна. Хэрэв бид зохион байгуулалт дээрээ анхаараад, нэгдэж, хоршиж ажиллахыг нь дэмжээд өгвөл  малчид тогтмол орлоготой байх нөхцөл бүрдэх юм. Мөн хамтарч, нэгдэж ажиллаж чадвал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй холбогдож, үр ашигтай хамтран ажиллаж чадна.