“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаа Монгол орон даяар явагдаж байна. Хоол тэжээлийн байдлын судалгааг өмнө нь 1992, 1999, 2004, 2010, 2016 онд хийж байсан бөгөөд хамгийн сүүлийн буюу тавдугаар судалгааны дүнгээр монголчууд далд өлсгөлөнд өртөж эхэлснийг НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга, хоол шим судлалын ухааны доктор Ж.Баясгалан хэлсэн юм.
НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга, хоол шим судлалын ухааны доктор Ж.Баясгалан: -Хүн өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодис шим тэжээлийг авч чадахгүй байхыг далд өлсгөлөн гэдэг. Бид үндэсний хэмжээнд хүн амын дунд хоол тэжээлийн судалгааг таван жил тутамд хийдэг. Хамгийн сүүлд, 2017 оны судалгааны тайлан бий. Тоо баримтаас харвал, хүн амын 90 гаруй хувь нь Д амин дэмийн дутагдалтай байна. Мөн төмрийн болон A амин дэмийн дутагдалтай. Эдгээр нь хүний бие организмын өсөлт хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Цар тахал хоёр жил үргэлжилж, хүнс барааны үнэ тэнгэрт хадаж, өл залгуулах хэмжээнд ихэнх монгол өрх амьдарч буй нөхцөлд бид “далд өлсгөлөн”-гөө давж чадах эсэх эргэлзээтэй.
Үндэсний зургаадугаар судалгаагаар “Хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөмтгий хүн амын бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдал, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, ариун цэвэр, усан хангамж, хүнсний баталгаат байдал, өрхийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үндэсний хэмжээнд судлан тогтооно” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан мэдэгдсэн. Зургаадугаар судалгааны дүн гарахаас өмнө тавдугаар судалгаанд монголчуудын хоол, тэжээлийн байдал ямар байсныг эргэн саная.
Хүүхдийн 90 орчим хувьд Д аминдэмийн хангамж хангалтгүй
Монгол Улсын 6-59 сартай хүүхдийн 61 хувь Д аминдэм дуталтай. 28.9 хувь нөөц багатай буюу нийт хүүхдийн 90 хувь орчим нь Д аминдэмийн хангамж хангалтгүй байна. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол 16 шинжийн аль нэг шинж илэрсэн нь ужиг, хүнд хэлбэрийн Д аминдэм дутал түгээмэл байгааг харуулж байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэм дуталтай, 20 хувь нөөц багатай буюу нийт эмэгтэйчүүдийн 95 хувьд Д аминдэм хангалтгүй түвшинд байна.15-49 насны эрэгтэйчүүдийн 80 илүү хувь нь Д аминдэм хангалтгүй, үүнээс 40 хувь нь уг аминдэмийн дуталтай байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Хүүхдүүдийн 20 хүрэхгүй хувь нь гүн ногоон навчит ногоо хэрэглэж байна
Манай улсын 6-59 сартай хүүхдүүд А аминдэмээр баялаг хүнсийг хангалтгүй хэрэглэж байна. Нийт хүүхдийн 20 хүрэхгүй хувь нь гүн ногоон навчит ногоо, А аминдэмээр баялаг жимс, малын элэг, өндөг зэрэг хүнсийг хэрэглэж байв. 6-23 сартай хүүхдүүд тэдний хэвийн өсөлт, хөгжилтөд нэн шаардлагатай А аминдэмээр баялаг хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэж чадахгүй байгааг судалгааны дүн нотолж байна. Тухайлбал, 36-59 сартай нийт хүүхдийн 72.5 хувь судалгаанаас өмнөх 24 цагийн хугацаанд А аминдэмээр баялаг хүнсийг хэрэглэсэн бол 6-11 сартай хүүхдийн зөвхөн 35.7 хувь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байв.
Жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн иоджуулсан давс хэрэглэж, иодын хэрэгцээгээ хангах боломжгүй
Монгол Улсын нийт өрхийн 78.9 хувь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байна. Үүнийг 2010 оны “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгааны дүн (75.7 хувь)-тэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өөрчлөлт гараагүй байна. Зохистой түвшинд иоджуулсан давсны хэрэглээ хөдөө орон нутаг (73.7 хувь)-аас хотод (81.6%) харьцангуй илүү байна.
Сургуулийн бага ангийн сурагчдын шээсээр ялгарах иодын дундаж голч хэмжээ зохистой түвшинд буюу 144.6 мкг/л, харин жирэмсэн эмэгтэйчүүдийн иодын хангамж хангалтгүй буюу шээсэн дэх иодын дундаж голч хэмжээ 120.5 мкг/л байна. Жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн иоджуулсан давс хэрэглэж, иодын хэрэгцээгээ хангах боломжгүй байгааг "Хоол тэжээлийн үндэсний V судалгаа"-ны дүн илтгэж байна.
Ядуу өрхийн гурван хүүхэд тутмын нэг нь цус багадалттай
Монгол Улсын 6-59 сартай хүүхдийн 20.7 хувь төмөр дуталтай, 23.8 хувь цус багадалттай, 10.9 хувь ТДЦБ-тай байна. Мөн 6-59 сартай хүүхдийн 12.9 хувь төмөр дутлын бус, архаг үрэвслийн гаралтай цус багадалттай байв.
Төмөр дутлын болон архаг үрэвслийн шалтгаантай цус багадалтын тархалтын түвшин бага насны хүүхдийн дунд хамгийн өндөр, харин 2-оос дээш насанд эрс буурч байв. Тухайлбал, 36-59 сартай хүүхдийн 9.4 хувь, 6-11 сартай хүүхдийн 45.2 хувь тус, тус цус багадалттай байна.
Аж байдлын түвшингээр доогуур өрхийн хүүхдийн дунд цус багадалт, ТДЦБ-ын тархалт өндөр байгаагийн зэрэгцээ чинээлэг өрхийн хүүхдийн дунд ч цус багадалтын тархалт харьцангуй түгээмэл, тэдний 18.5 хувь цус багадалттай байв. Ядуу өрхийн гурван хүүхэд тутмын нэг нь цус багадалттай, тэдний талаас илүү нь төмөр дутлын шалтгаантай. Жирэмсний сүүлийн гурван сард нийт эмэгтэйчүүдийн тал орчим хувь (47.5 хувь) төмөр дуталтай, 28.5 хувь цус багадалттай байгааг судалгаагаар илрүүлсэн байна. Харин 15-49 насны эрэгтэйчүүдийн дунд цус багадалт ба төмөр дутлын тархалт маш бага байна.
Дөрвөн сурагч бүрийн нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай
Хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнгээс харахад Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн бүх насны хүн амын дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт өндөр байна. Тухайлбал, 5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (46.2 хувь), 15-49 насны эрэгтэйчүүдийн (48.8 хувь) тал орчим хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна. Мөн сургуулийн бага ангийн дөрвөн сурагч бүрийн 1 нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, 5 хүртэлх насны 8 хүүхэд тутмын 1 илүүдэл жин ба таргалалттай байгаа нь биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл байгааг гэрчилж байна.
Илүүдэл жин ба таргалалтын тархалт 2010 оны хоол тэжээлийн IV судалгааны түвшингээс нэмэгдсэн байв. Тодруулбал, 2010 онд 15-49 насны эмэгтэйчүүдийн 32.9 хувь илүүдэл жин ба таргалалттай байсан бол уг үзүүлэлт 40 хувиар нэмэгдэж, 15-49 насны эхчүүдийн бараг тал (46.2 хувь) хувь илүүдэл жин ба таргалалттай байна.
Сургуулийн хүүхдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт огцом нэмэгдсэн байна.Тодруулбал, “Хүн амын хоол тэжээлийн үндэсний IV судалгааны дүн (7-11 нас)-ээр сургуулийн насны хүүхдийн илүүдэд жин, таргалалт 4.3 хувь байсан бол энэхүү судалгаа (6-11 нас)-аар 28.6 хувь болж нэмэгдсэн байна.
Илүүдэл жинтэй 5 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь өмнөх түвшингээс төдийлэн өөрчлөгдөөгүй, 2013 оны “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-гаар илүүдэл жинтэй хүүхдийн тархалт 10.5 хувь байсан бол өнөөгийн байдлаар 11.7 хувь байна.
28 хувь идэхийг хүссэн хоол хүнсээ хэрэглэж чаддаггүй
Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар хүнсний баталгаат байдал /ХББ/ алдагдсан өрхийн үзүүлэлт харьцангуй өндөр байгааг илрүүлжээ. Нийт өрхийн 65 хувь ХББ нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, тэдний 14 хувь “өрхийн хүнс хүрэлцэхгүй нь” гэж санаа зовнидог буюу ХББ бага алдагдсан, 28 хувь идэхийг хүссэн хоол хүнсээ хэрэглэж чаддаггүй буюу ХББ дунд зэрэг алдагдсан, 23 хувь шаардлагатай хэмжээний хоол хүнс байхгүй буюу ХББ ноцтой алдагдсан байна.
ХББ алдагдсан өрхийн үзүүлэлт нийт бүс нутагт түгээмэл, Хангай бүс (80 хувь) болон Улаанбаатар хот (68 хувь)-д хамгийн өндөр, Улаанбаатар хотын 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 27 хувь ХББ ноцтой алдагдсан байгаа нь анхаарал татаж байна. Өрхийн ХББ-ын алдагдлыг тэдний аж байдлын түвшингээр харьцуулан үнэлэхэд ядуу өрхөд хамгийн өндөр байсан хэдий ч, ХББ алдагдал аж байдлын аль ч түвшинд байгаа өрхөд бүртгэгдсэн бөгөөд чинээлэг өрхийн 56 хувь ямар нэг хэмжээгээр ХББ нь алдагдсан байгааг илрүүлсэн юм.