Гэр Контент группийн харьяа Movie Box, Asian Box суваг болон Боловсрол суваг телевизүүд сонгуулийн сурталчилгаа явуулах уу гэх асуулт хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл энэ талаар “Гэр Контент” группийн Бизнес хариуцсан захирал Д.Батбаяраас тодрууллаа.

-Гэр Контент группийн харьяа телевизүүд сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой байгаа юу?

-Манай Гэр контент группийн харьяанд үзэгчдийн хамгийн их үздэг Movie Box, Asian box сувгууд болон Боловсрол суваг телевизүүд багтдаг. Бид хуулийн дагуу СЕХ болон Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлтээ илгээж, холбогдох материалуудаа хүргүүлж, зөвшөөрлөө авсан. Тэгэхээр манай телевизүүд Сонгуулийн хуулийн холбогдох зүйл заалтын дагуу сонгуулийн сурталчилгааг эфирээрээ олон нийтэд түгээх боломжтой.

-Movie Box, Asian Box, Боловсрол сувгууд телевиз үзэгчдийн рейтингээр хэддүгээрт жагсдаг вэ?

-Телевизүүдийн үзэлтийн рейтингийг тогтоодог “Максима Медиа”-ийн 2016 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 5-ны хооронд явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар Боловсрол телевиз нэгдүгээрт, хоёрдугаарт Asian Box гуравдугаарт Movie Box суваг эрэмбэлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, үзэгчид оргил цагаар манай гурван сувгийг хамгийн их үздэг.

-Тэгэхээр хуулийн дагуу нам, эвслүүдийн сурталчилгаа өдөрт 60 минутаас илүүгүй байгаа. Энэ хугацаагаараа явах уу?

-Сонгуулийн хуулийн дагуу телевизүүд УИХ-ын сонгуулийн сурталчилгааг өдөрт 60 минут, НИТХ-ын сурталчилгаа мөн 60 минут ногдож байгаа. Энэ дагуу сурталчилгааг олон нийтэд хүргэнэ. Ингэхдээ 15, 15 минутаар тэнцвэртэй хуваарилж, үзэгчдэд сонгуулийн үйл ажиллагааг аль болох хүртээмжтэй хүргэхийг зорьж ажиллаж байна.