Хүссэн ажилдаа орох, нэр хүндтэй их, дээд сургуульд элсэхэд биднийг тодорхойлох ганцхан хуудас бол CV буюу хувь хүний намтар юм.
Үүнийг орчин цагийн мэргэжилтнүүд товч намтар гэж нэрийдэх болсон. Энэхүү намтар нь шинэ ажилд орох, ямар нэг тэтгэлэг, хөтөлбөрт хамрагдахад хэрэг болохоос гадна өөрийгөө сурталчлах нэг том хэрэгсэл болоод буй. Ийнхүү англи хэлнээ CV, Resume гэх хоёр нэршилтэй товч намтрыг хэрхэн зөв зүйтэй боловсруулах талаарх сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Шинэлэг шийдэл
СV гэдэг нь Curriculum Vitae буюу латинаар амьдралын замнал гэж тодорхойлогддог.
CV дээрээ хүмүүс ихэвчлэн хийж байсан ажил, гаргасан амжилт, эзэмшсэн боловсрол зэргээ харьцангуй товч байдлаар бичдэг. Тиймдээ ч ихэнхдээ хоёр хуудас, зарим тохиолдолд түүнээс олон хуудастай байж болдог.
Resume нь гол төлөв нэг хуудсан дээр ажлын туршлага, боловсролын зэргээ товчхон бичдэг хувилбар юм.
Тухайлбал, таны юу хийж бүтээснийг маш богинохон хугацаанд илтгэх зорилготой. Олон улсад ажил олгогч томоохон компаниуд ажил горилогчид CVгээс илүү Resume бичих сорилт тавьдаг болоод буй. Угтаа өмнөх ажлын намтрыг бодвол энэхүү хоёр хувилбарын аль аль нь товчхон байдлаар бичигдэх өгөгдөл юм. Гэсэн хэдий ч Resume бол нэгхэн хуудсанд багтах бүхэл агуулга гэдгээрээ шинэлэг шийдэл болоод буй. Иймд тухайн байгууллагаас аль төрлийн намтрыг танаас авах хүсэлтэй байгаагаас шалтгаалан төгс намтрыг бүтээх нь орчин цагийн мэргэжилтнүүдийн гол чухал чадвар юм.
Төгс CV бүтээх
Ажил олгогч тал эсвэл танилцуулгыг хүлээн авч байгаа мэргэжилтэн CV-г хараад 15-20 секундийн дотор нүдээрээ гүйлгэж хардаг гэх судалгааг Rochester Institute of Technology-ийн их дээд сургуулиас хийжээ.
Хэрэв тухайн хүний намтар товч бөгөөд эмх цэгцтэй, сонирхол татахуйц бол дараагийн шатанд уригдах олон улсын хөдөлмөрийн зах зээлийн жишиг бий. Ингэхийн тулд доторх агуулга чухал нөлөөтэй. Тухайлбал, ажил олгогч тал товч намтрын агуулгыг мэдэхээс өмнө эхлээд тухайн намтрын хэлбэрийг хардаг аж. Хэрэв намтар эмх цэгцгүй, унших сэдэл төрүүлэхээргүй бол алгасах нь элбэг аж.
Иймд тодорхой нэг төрлийн ерөнхий загварчилгаатай байх нь чухал. Товч намтрын ерөнхий загвар нь ажил олгогчийн сонирхлыг татах, сэтгэлд хүрэхээр бичигдсэн байх ёстой. Эхлээд өөрийгөө хэн гэдгээ танилцуулах, дараа нь боловсрол, ажлын туршлагаа бичиж болно. Харин үүний дараа авьяас чадвар болон бусад хамааралтай мэдээлэл дурдах нь зүйтэй. Хэмжээний хувьд төгс CV бүтээхэд хоёр нүүр A4 цааснаас хэтрэх ёсгүй.
Хэрэв товч намтар таны санасан шиг нэг хуудас ч дүүргэж дөнгөхгүй байгаа бол дараах аргыг ашиглаж болно. Үүнд дөнгөж сургуулиа төгссөн бол CV-ндээ аль болох их сургуульд байхдаа явдаг, оролцдог байсан үйл ажиллагааныхаа талаар бичиж болно. Тухайлбал, ямар клуб, бүлгэмд гишүүнээр элссэн, ямар уралдаан тэмцээнд оролцож байсан гэх мэт. Улмаар энэхүү уралдаан тэмцээнд хэрхэн амжилт үзүүлснээ дурдаж болох юм.
CV нийтлэг хэлбэр:
- Үсгийн фонтын хувьд Arial, Calibri, Times New Roman зэрэг мэргэжлийн, цэгцтэй, уншихад хялбар үсгийн фонт сонгох нь чухал.
- Фонтын хэмжээний хувьд толгой хэсэгт CV эсвэл curriculum vitae гэх мэт шаардлагагүй мэдээлэл бус нэрээ бичих нь зүйтэй. Фонтын хэмжээ нь бусад хэсгээс арай том буюу 14 эсвэл 16 байх нь оновчтой. Мөн тодруулсан (bold) байвал зохимжтой. Толгой хэсгээс бусад текстийн хэмжээ 10-12 хэмжээтэй байна.
- Харагдцын хувьд хүний нөөцийн мэргэжилтнүүд маш олон CV-тэй танилцдаг учир гол мэдээллийг гүйлгэж хардаг. Иймд CV-гээ маш цэгцтэй байдлаар буюу сум татаж доошоо жагсаасан хэлбэрээр бичих нь оновчтой. Түүнчлэн он цагийн дарааллаар нь хамгийн сүүлд хийсэн ажил, гаргасан амжилтыг жагсаан бичих нь чухал.
- Файлын форматын хувьд тухайн байгууллага өөр хэлбэрээр илгээхийг шаардаагүй л бол CVгээ үргэлж PDF хэлбэрээр илгээх хэрэгтэй юм.

Гээгдэх ёсгүй агуулга
CV -ийг хамгийн бодитой харагдуулах чухал зүйл бол үнэн, зөв мэдээллээр, бүрэн дүүрэн хариулт өгөхүйц бичсэн байх чадвар юм. Учир нь зарим туршлагатай хүний нөөцийн мэргэжилтэн интернэт орчноос багахан хайлт хийж тухайн хүний мэдээлэл үнэн зөв эсэхийг нягталж чадна. Түүнчлэн CV-д оруулж буй бүх мэдээлэл нь өргөдөл гаргасан ажлын байр, түүнд шаардагдах ур чадвартай холбоотой байх ёстой. CV-д олон төрлийн агуулга багтаж болно. Үүнээс заавал багтах үндсэн зургаан хэсэг бий.
Profile буюу хувийн мэдээлэл
Энэхүү хэсэг нь таныг бусдаас ялгарахад туслах товч танилцуулга юм. Тус хэсэгт карьерынхаа цаашдын зорилгоо илэрхийлэхийн зэрэгцээ чухал сертификат, ур чадвар зэргээ дурдаж болно. Товч танилцуулгаа 100 үгэнд багтаан тодорхой бөгөөд анхаарал татахуйц бичих хэрэгтэй.
Work experience ба ур чадвар
Энэхүү хэсэг бол тухайн хүний горилж буй ажлын байранд тэнцэх хэмжээний дадлага туршлага, мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг бататгах хэсэг юм. Энэ хэсгийг он цагийн дараалалтай бичсэнээр хүний нөөцийн мэргэжилтнүүд тухайн хүний ажилласан төсөл, хөтөлбөр түүнээс бий болсон бодитой үр дүнг тодорхой хэмжээнд таньж мэдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хийж байсан сайн дурын ажлаа энэ хэсэгт дурдах нь хамгийн оновчтой.
Education - Эзэмшсэн боловсрол, үндсэн мэдлэг
Боловсрол бол тухайн хүнийг тодотгох хамгийн чухал үнэ цэнтэй зүйл юм. Үүнээс тухайн хүний эзэмшсэн үндсэн мэдлэг, ажлыг хийх суурь мэдээлэл байгаа эсэх нь шууд харагдана. Энэ хэсэгт дүүргэсэн дунд сургууль, дээд сургуулийн мэдээлэл болон мэргэшил дээшлүүлэх сургалт, зэргийг буурах дарааллаар жагсаах нь оновчтой.
Skills буюу ажиллах арга барил
Энэ хэсэгт өөрийн ажиллах арга барил, арга зүй нь горилж буй ажлын байранд зайлшгүй нийцнэ гэдгийг онцлон харуулах юм. Ихэнх ажил горилогч нар энэ хэсэгт манлайлах ур чадвар, нийтэч, багаар ажиллах чадвар сайтай гэх мэтээр хэтэрхий ерөнхий байдлаар бичсэн байдаг. Харин үүний оронд программ хөгжүүлэх, IT талдаа ийм ур чадвар эзэмшсэн гэх мэтээр оновчтой байдлаар тодорхойлж бичих нь чухал.
Hobby буюу сонирхол
Энэ хэсэгт тухайн хүн чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг, юу хийх дуртай, өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг тухайгаа танилцуулдаг. Гэвч үүнээс тухайн ажил олгогч байгууллага болон тэтгэлгийн комисс хувь хүний үнэт зүйл, байгууллага хамт олны соёл, эрхэмлэдэг зүйлс зэргийг олж хархыг хичээдэг. Иймд энэ хэсэгт өөрийн сонирхдог салбарт таарсан хобби болон түүндээ хэдий хэмжээний цаг хугацааг зарцуулж ачаалал даах чадвартай, тууштай зэргийг бичих нь зүйтэй. Хувь хүний сонирхол бол тухайн хүнийг хамгийн сайнаар илтгэх тодорхойлолт байдаг. Иймээс энэ хэсэгт илүүтэй анхаарч бичих нь чухал юм.
Холбоо барих мэдээлэл
Энэ хэсэгт өөрийн нэр дээрх холбоо барих утас, албан харилцааны и-мэйлийг дурдаж харилцаа, холбоондоо албан байдлаар ханддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Түүнчлэн идэвхтэй ашигладаг сошиал хаягуудаа холбож цахим орчноос таны тухай мэдээлэл авах боломжийг олгох хэрэгтэй.
Эцэст нь мянга сонсохоор нэг үз гэдэг үг бий. Үүний өөрийгөө голж олон боломжоос хойш суух бус өөрт тохирох газарт хүрч очих нь чухал. Үүний тулд өөрийнхөө чадвар бололцоог илүүтэй таньж мэдэж, мэргэжил, боловсролоо дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал төгс CV бүрдэж мөрөөдөлд хүрэх алхам ойртоно. Ямарч CV-гүй “Тэр ах, эгчийн, даргын явуулсан хүн байна” гэдэг CV-гээр амжилт олохоо больсныг ойлгох хэрэгтэй.