
Хүн амын насжилт дэлхий нийтийн асуудал болж байна. Үүнийг Монгол Улс ч гэсэн тойрохгүй дайран өнгөрнө. 2015 онд буюу одоогоос арван жилийн өмнө манай улсын хүн амын 5.7 хувийг эзэлж байсан ахмадууд 2030 онд 11.9 хувь болж өснө гэсэн тооцооллыг Геронтологийн үндэсний төвийн илтгэлд дурдсан байлаа. 15 жилийн хугацаанд хоёр дахин өснө гэсэн үг юм.
Монгол Улсын хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын дүнд суурилсан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-ны үр дүнд үндэслэн 55 ба түүнээс дээш насны ахмадуудын нийт хүн амд эзлэх хувийг тооцож үзэхэд 2015 онд 5.7 хувийг эзэлж байсан бол 2021 оны байдлаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны иргэд нийт хүн амын 9.7 хувь байгаа нь 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насны хүн ам болох магадлалыг гаргасан байна.
Хүн амын насжилт дараах гурван шалтгаанаас болж үүсэж байгаа бөгөөд үүнд, төрөлтийн бууралт, нас баралтын бууралт ба дундаж насжилт нэмэгдсэн зэргээс шалтгаалж байна. Тэгвэл насжилтыг дагаж Монгол Улсад ямар ямар асуудал үүсэхээр байна вэ.
Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь дундаж наслалт. Монгол Улсын хувьд тогтмол өсөлттэй байгаа. 2022 оны байдлаар монгол хүний дундаж наслалт 71.3 байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.3 харин эмэгтэйчүүдийнх 76.7 байна. Харин зөрүү нь 9.4 жил. Монгол хүний дундаж наслалт 2015 оноос хойш 1.4 жилээр нэмэгджээ.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт наслах хандлага аль ч улсад байсаар ирсэн. Гэвч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2019 оны байдлаар дэлхийн дундаж 5.1 жил байхад манай улс дунджаас 1.8 дахин өндөр байгаа нь зөрүү хамгийн их орнуудын тоонд ордог.
Энэ нь нэг их ач холбогдолгүй зүйл мэт санагдавч үүнийг дагаад эрүүл мэнд, нас баралт, нийгэм, эдийн засаг, тэгш бус байдал, эрүүл мэндийн систем, улс төр, байгаль орчин, газар зүйн байршил зэрэг олон хүчин нөлөөлдөг байна.
Эрэгтэй, эмэгтэй настнуудын дундаж насжилтын зөрүү өндөр байгаа нь настны амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тэд амьдралынхаа тодорхой үеийг ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшил, орлогын хомсдолтой байдалд өнгөрүүлж байна.
Монгол Улсын геронтологи, гериатрийн салбарын өнөө ба ирээдүй илтгэлээс
Ханийгаа алдсан аав, ээжээ үр хүүхэд нь л асарна. Тэгвэл Геронтологийн үндэсний төвийн мэдээлснээр ойролцоогоор нийт /364.6 мянга/ ахмадын 10 хувь нь буюу 36 гаруй мянга нь байнгын асаргаанд байж, үүнийг дагаад 36 мянган хүн асран халамжилж, ажил хийх боломжгүй гэртээ байна гэж өгүүлсэн юм. Асрах ажлын 90 хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг гэхээр 32.4 мянган эмэгтэй ажиллах боломжгүй гэртээ байна.
Урт хугацааны тусламж үйлчилгээг яаралтай нэвтрүүлэхгүй бол ахмад настныг асарч ажил хийх боломжгүй 10 хувь тогтмол өсөн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүйг анхаарууллаа.
Хүн амын хэтийн тооцооллоор 2050 гэхэд Монгол Улсын хүн ам таван саяд хүрч, ахмад настнууд 20 хувийг эзэлж, нэг саяд хүрнэ гэдэг. Гэтэл байдал энэ хэвээр байвал 2050 онд нэг сая ахмадын 10 хувь болох асаргаа шаардлагатай 100 мянган ахмадыг харж, 100 мянган хүн ажил хийх боломжгүй болох дүр зураг ажиглагдаж байна.
Урт хугацааны тусламж үйлчилгээг үзүүлэх ахмадын асрамжийн газрын нөхцөл манайд ямар байгааг авч үзье.
Монгол Улсын хэмжээнд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр нийт 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна. Улсын ганц асрамжийн төв нь Батсүмбэр дэх асрамжийн газар.
Гэвч Монголын ахмадын холбооноос ирүүлсэн мэдээллээр (2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар) нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд амьдарч, 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтэй, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна. Энэ нь зөвхөн Монголын ахмадын холбоонд бүртгэгдсэн тоо. Үүний цаана бүртгэлгүй асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, бусдын асрамжид байгаа зэрэг зорилтот бүлгийн хэчнээн ахмад настан улсын хэмжээнд байгаа талаар нэгдсэн мэдээлэл, бүртгэл судалгаа огт алга.
Монгол настнуудын доройтлын тархалтыг 2020 оны байдлаар авч үзвэл, 60-64 насныхны 6 хувь, 65-69 насныхны 12 хувь, 70-74 насны ахмадуудын 15 хувь, 75-79 насныхны 27 хувь, 80-аас дээш насныхны 35 хувь нь насны доройтолтой байна.
ХЭҮК-ын судалгаанд гэр хороололд амьдардаг 10 ахмад настан тутмын нэг нь ганцаараа амьдардаг гэжээ. Мөн ахмад настнуудын тусламж дэмжлэг авах хэрэгцээ шаардлагыг тодруулахад 15.2 хувь огт шаардлагагүй, 63.9 хувь нь бага зэрэг дэмжлэг шаардлагатай, 15.4 хувь нь дэмжлэг их шаардлагатай гэсэн бол 5.5 хувь дэмжлэг туслалцаа маш их шаардлагатай гэжээ.
Ахмадуудын өвчлөлийн байдлыг тодруулахад судалгаанд оролцогчдын 13.8 хувь нь эрүүл мэндийн хувьд сайн, ямар нэгэн өвчингүй гэж хариулсан бол 86 хувь нь ямар нэгэн өвчин, зовуурьтай гэж хариулжээ. Мөн хүнд өвчтэй, асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан 14 хувийг эзэлж байна гэсэн байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлснээр 60 ба түүнээс дээш насны ахмад настны 25 хувь нь өдөр тутмын амьдралд гүйцэтгэх үйлдлийг хийхдээ дунд болон бүрэн хэмжээгээр бусдаас хамааралтай, эдгээрээс долоон хувь нь бүрэн хэмжээгээр хамааралтай болох нь тогтоогдсон байна.
Өдөр тутмын амьдралдаа бусдаас туслалцаа авах хэрэгцээ нас ахих тусам нэмэгдсээр байхад Монгол Улсын хэмжээнд 12 асрамж үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь л улсынх, бусад нь хувийнх байгаа нь эмгэнэлтэй.
Өвчин эмгэгтэй ахмад настныг зөвхөн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр төсөөлдөг байсан цаг үе үеэ өнгөрөөж настны алдагдсан чадварыг сэргээн засах, амьдралын чанарыг дээшлүүлж асран сувилах хэрэгцээ тогтмол өсөн нэмэгдэж байна. Ахмад настны өдрийн, хөнгөвчлөх, сэргээн засах эмчилгээ, асаргаа сувилгааны төвүүд олноор бий болох шаардлагатай ч манай улсын нөхцөл байдал иймэрхүү л хэмжээнд байна.
Геронтологийн үндэсний төвийн дэд захирал М.Энхбаяр
"Асаргаагүй, өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, асрамжийн газарт очиж үйлчлүүлэх шалгуурыг нь хангадаггүй ахмадууд хороо бүрд арав гаруй мянга байдаг. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд 84.500 төгрөг олгож байгаа. Энэ нь асарч байгаа иргэний хувьд амьжиргаагаа залгуулах хэмжээнд хүрэхгүй мөн нөгөө талаар тэдний ажил хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөд хүрдэг"
Хүнийн эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул
"Ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэргээр тэдний эрхийг зөрчиж буй асуудал цөөнгүй байгаа нь ХЭҮК-оос хийсэн чанарын судалгаанаас харагдаж байна"

Үр хүүхэд, ач зээ нь харах боломжгүй тохиолдолд хувийн асрах газраар үйлчлүүлэх боломж байна. Гэвч төлбөрийн хувьд дундаж өрхүүдэд ч хүнд тусахаар байгаа юм. Тиймээс асрахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Happy flowers” ХХК-ийн захирал Н.Ууганцэцэгтэй ахмад настны асаргаа, үйлчилгээний онцлог, үнэ төлбөр, төртэй хамтран шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан юм.
-Танай төвд ахмад настан халамжлуулахаар сард ойролцоогоор хэдэн хүн ханддаг вэ?
-Манайх гэрээр ахмад настан асрах үйлчилгээг үзүүлдэг. Ингэхдээ цагаар, өдрөөр, хоногоор, сонголтот өдөр ажлын цагаар, даваа-баасан гарагт ажлын цагаар, бүтэн цагаар хамтдаа байрлаж ажиллах, эмнэлэгт сахиур хийх гэх мэт нөхцөлөөр настныг асрах үйлчилгээ үзүүлдэг. Сард ойролцоогоор 50-60 харилцагч мэдээлэл авдаг. 10-20 айлд тогтмол гэрээ хийж үйлчилгээ үзүүлдэг.
-Асран халамжлуулах гэж буй ахмадууд нь хэдээс хэдэн насны хүмүүс байдаг вэ?
-Ихэнх нь 70-аас дээш насны настнуудыг асруулах хүсэлт тавьдаг. Манайх дээд тал нь 103 настай настанг асарч байсан. Гэхдээ харилцан адилгүй. 50, 60 настай хүмүүс ч бас асруулдаг.
-Ахмад настны асаргаа сувилгаа нь өөр бусад төрлийн асаргаа сувилгаанаас ямар онцлогтой байдаг вэ?
-Ахмад настан нь яг л нялх хүүхэд шиг хайр халамж, асаргаа сувилгаа шаарддаг. Сэтгэлзүйн хувьд яг л хүүхэд шиг тэднийг анхааралтай сонсож, ойлгож, мэдэрч асрах нь хамгаас чухал. Өвдсөн хүмүүсийн хувьд өвдөлтдөө болоод уур бухимдалтай байдаг. Тэр үеийг нь ойлгож шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх хэрэгтэй. Зарим хүмүүс мартаж санах өвчтэй болсон байдаг. Үүнийг нь ар гэрийнх нь сайн ойлгож асарч буй хүнд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа өгөх хэрэгтэй. Настангуудад эрүүл мэндийн нөхцөл байдалтай нь уялдуулан хоол хийж өгөх, хооллох, хувцаслах, агаарт гаргах, усанд оруулах, хөзөр даалуу шатар гэх мэт дуртай тоглоомыг хамтдаа тоглох, хамтдаа хүнс цуглуулах, эмийг эмчийн зааврын дагуу цаг тухайд нь өгөх, эмнэлэгт хамт очиж үзүүлэх, хэвтэн эмчлүүлвэл настнаа эмнэлэгт асрах өрөө тасалгааг чийгшүүлэх чийгтэй цэвэрлэгээ хийх, хувцас хэрэглэлийг угааж арчлах гэх мэт асаргаа сувилгааг манай ажилчид хийдэг.
-Ахмад настны асаргаа нь асарч буй ажилтнаас ямар ямар, нэмэлт ур чадварыг шаарддаг вэ?
-Сувилахуйн ур чадвартай, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж чаддаг байхыг шаарддаг. Сэтгэл зүйн дархлаатай, асарч буй хүнийг хайрлах өр нинжин сэтгэлтэй, настан хүнд элэгтэй байхыг шаарддаг.
-Асаргааны ажилтнуудын цалин хэдээс хэдийн хооронд хэмжигддэг вэ?
-Ажиллах нөхцөлөөс хамааран үнийн хувьд янз бүр. Нэг цагийн 20000 мянга, нэг өдрийн 120 мянга, нэг хоногийн 150 мянга, эмнэлгийн сахиур нэг хоног нь 150 мянга, нэг сарын төлбөр 2.7-3.7 сая төгрөгийн үнэлгээтэй. Энэ нь асруулах настны биеийн байдал, ажиллах нөхцөл, ажилтны ур чадвар, ажилласан туршлага гэх мэт олон зүйлээс хамаарна.
-Асрахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Ер нь цаашид ахмадын асаргаа сувилгааны чиглэлд төр засгийн зүгээс ямар оновчтой бодлого, шийдвэр хэрэгжүүлээсэй гэж хүсдэг вэ?
-Манайх асрахуйн салбарт 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ахмад настан, хөгжлийн бэршээлтэй, хүнд асаргааны өвчтэй хүнтэй гэр бүлүүдийг эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлээр дамжуулан энэ төрлийн үйлчилгээ авах боломж нөхцөлөөр хангаж өгөөсэй гэж хүсэж байна. 100 хувь биш юм гэхэд тодорхой хувийг улсаас даадаг болвол эдгээр гэр бүлүүдэд том тус болж чадна. Бусад өндөр хөгжилтэй орнуудад хэдий нь дэлгэрсэн. Маш олон хүн манайхаас үйлчилгээ авахыг хүсдэг ч төлбөрийн боломж нөхцөлөөс хамааран тэр бүр үйлчилгээ авч чадахгүй, гэр бүлийн гишүүдийн аль нэг нь гэртээ сууж, асрах үүрэг хүлээж байгаа нь харамсалтай санагддаг.
Үүнээс гадна анхаарууштай нэгэн зүйл нь боловсон хүчний асуудал. Ахмад настны төрөлжсөн, мэргэжлийн эмнэлэг, сувилал, асрамжийн тоо нэмэгдлээ гэхэд ажиллах хүн алга. Жишээлбэл, нийслэл болон орон нутгийн хэмжээнд гериатр эмчийн хүний нөөцийн хүртээмж дунджаар 44.5, ахмадын кабинетын хүрэлцээ 53.5 хувьтай байгаа юм. Ийм нөхцөлд ахмадуудад чанартай эрүүл мэндийн үйлчилгээг олгох тухай яриад ч хэрэггүй. Улсдаа ганц Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгын чимээ ч алга.
Ахмад настныг сувилах мэргэжилтнийг бэлтгэхдээ хүний нөөцийн төлөвлөлтийг таван жилээр боловсруулж дотоодын болон гадаад тэтгэлэгт хөтөлбөр сургалтад мэргэшсэн мэргэжилтнүүдийг сургаж боловсон хүчнээ бэлтгэдэг. Гэсэн хэдий ч эмч, сувилагч нарын цалингийн үнэлгээ бага, ахмад настантай харилцахад бэрхшээлтэй зэрэг асуудлаас ахмад настны эмч, сувилагчаар сурах сонирхол эрс багассан байна.
Мөн үүнээс гадна ажлаас халшрах эмгэг Монгол Улсын бүхий л салбарт нүүрлэжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаанд өгүүлснээр ажил олгогчид сүүлийн 12 сарын хугацаанд 125.4 мянган иргэнийг ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгосон хэдий ч мөн хугацаанд 128 мянган ажилтан ямар нэг шалтгаанаар ажлаас гарсан байна.
“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ”-ын үүсгэн байгуулагч
"Асрахуйн албан ёсны ажил хийж буй сувилагч, асрагч, цэцэрлэгийн багшийн цалин маш бага байна. Төрөөс асрах үйлчилгээний үнэлэмжийг нэмэгдүүлэх дээр анхаарч байж чанар, хүртээмжийг нэмэгдүүлж чадна. Мөн энэ төрлийн шинэ тутам бизнесийг дэмжин хөгжүүлэх ээлтэй орчин чухал байна"
Ахмадуудын тоо ийнхүү өсөн нэмэгдэж, асрахуйн шаардлага дэргэд тулаад ирсэн байхад салбар яамнаас энэ талаар тодруулахад манай улс одоог хүртэл ДЭМБ-аас зөвлөсөн Эрүүл насжилтын 10 жилийн төлөвлөгөөгөө ч батлаагүй, ахмадын асрах байгууллагуудыг төрөлжүүлэхээр ажиллаж байна хэмээн өгүүлж сууна.