Хувийн төлбөртэй сургууль, улсын сургуулийн сурагчдын сургалтын чанар, сургалтын орчин зэрэг хэр ялгаатай талаар болон эцэг, эхчүүдийн хувийн сургууль сонгох хандлага нэмэгдэж байгаад нөлөөлж буй хүчин зүйлийн тухай "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа.
-Энэ жил хувийн ЕБС-иудын төлбөр багагүй нэмэгдсэн байна. Энэ нь эрэлт хэрэгцээтэй холбоотой байх. Сүүлийн жилүүдэд хүүхдээ төлбөртэй сургуульд өгөх хандлага эрс нэмэгдсэн. Үүний шалтгааныг юу гэж хардаг вэ. Үнэхээр улсын сургуулиас чанартай боловсрол олгоод байна уу?
-Ганц манай улсад ч бус дэлхий дахинаа хувийн сургуулийн сургалт илүү чанартай гэх олон нийтийн хийсвэр санаа бодол бий. Гэхдээ хувийн сургуулийн сонгох шалтгаан улс орон бүрд өөр. Итгэл үнэмшил, шашин шүтлэг зэргээс хамаарах нь ч бий. Тухайлбал, төрийн үзэл сурталд хүүхдээ автуулахгүй, өөрийн гэсэн хүчтэй үзэл бодолтой, төрийн дарангуйллын эсвэл бие хүн болгохын тулд хувийн сургуулийн сонгох нь бий. Христийн шашин сургуульд заадаг учир өөрсдийн шашин шүтлэгт нийцэх сургуульд өгнө гэх нь ч бий. Харин манайд чанартай гэдэг итгэл үнэмшил давамгайлдаг. Гэхдээ бодит байдал дээр хувийн сургууль улсын сургуулиас илүү чанартай боловсрол олгодоггүй. Ялгаа байвал “very minimal” гэдэг үнэлгээг боловсрол судлаачид хэлдэг.
-Хувийн сургуулийн сургалтын чанар хол илүү биш байхад дийлэнх эцэг, эх төлбөр төлж сургах сонголт хийж байгаагийн учир юу байна?
-Үүнийг зах зээлийн онол талаас нь авч үзье. Хоёр тал ижил мэдлэг, мэдээлэлтэй байснаар бодитой үнэ тогтох боломжтой. Гэтэл боловсрол, эрүүл мэндийн салбарт энэ зарчим үйлчилдэггүй. Худалдан авалт хийж байгаа тал нь борлуулж байгаа бүтээгдэхүүний талаарх нарийн мэргэжлийн мэдлэггүй байдаг. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд чанартай боловсрол олгож байгаа эсэхийг дүгнэхгүй, энэ талаарх бүрэн дүүрэг мэдлэггүйгээр сонголт хийдэг.
-Чанартай боловсрол олгодог гэх хийсвэр төсөөлөл нь эцэг, эхчүүдийг ийм сонголт хийхэд хүргэдэг хэрэг үү?
-Эцэг, эхчүүд юун дээр үндэслэж хувийн сургууль сонгож байгааг судлаачид судалсан байдаг. Тэд сурлагын чанараас гадна, аюулгүй орчин сонгосон байдаг. Цөөхөн хүүхэдтэй, гоё анги танхимтай, хоолны заалтай, бассейн, биеийн тамирын заалтай зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, орчин худалдаж авч байна гэсэн үг. Мөн хэлхээ холбоо буюу хүрээлэл худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл, хувийн төлбөртэй сургуульд тодорхой ангийн, тодорхой нийгмийн байр суурьтай эцэг, эхчүүд хүүхдээ өгдөг. Тиймээс хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүд хоорондоо танилцах нь тодорхой ач холбогдолтой. Тиймээс хүүхдэдээ хүрээлэл бүрдүүлэх зорилгоор тийм сонголт хийдэг. Бодит байдал дээр сурах бичиг, хөтөлбөр, багш ч байхгүй сургуульд л хүүхдээ өгөөд байна.
-Саяхан гарсан олон улсын үнэлгээгээ /PISA/-гээр улсын сургуулийн сургалтын чанар хувийн сургуулийнхаас илүү байгаа нь нотлогдсон. Энэ дүн олон асуудлыг ацаглах нь шиг санагдсан?
-PISA үнэлгээний үр дүн маш бодитой гарсан. Хувийн сургуулийн сургалтын чанар муу байгаад багш нөлөөтэй байна. Хувийн сургуулийн багш байнга солигддог. Бага насны хүүхдийн тархи, сэтгэл зүйн хөгжил ээнэгшил дээр суурилж явагддаг. Итгэдэг, дассан хүнтэйгээ илэн далангүй байж хөгждөг гэсэн үг. Гэтэл багш нь ойр ойрхон солигдох нь хүүхдийн сурлагад сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт, хөтөлбөрийн асуудал бий. Ихэнх хувийн сургууль үндэсний хөтөлбөрөөр хичээллэдэг. Мөн сургуулийн удирдлага нөлөөтэй. Хувийн сургуулийн захирал эзэд нь байдаг. Боловсролын салбарын хүн сургуулийн удирдлагаар томилогддоггүй гэсэн үг. Тэгээд хувийн бизнес шиг удирдаад эхлэхээр багш тогтохгүй, хөтөлбөр тохирохгүй байна. Энэ мэт олон шалтгаан хувийн сургуулийн сургалтын чанарт нөлөөлж байна.
-Дундаж давхаргын эцэг, эхчүүд хүүхдэдээ суурь боловсрол олгохын тулд өр, зээл тавьж, өмч хөрөнгөө тушаах, борлуулах тохиолдол ч цөөнгүй байдаг?
-Тийм. Үүнийг нь ч сургуулийнхан мэддэг. Хувийн сургуулиуд эцэг, эхчүүдэд зээлийн систем санал болгодог. Банк, банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулчихдаг байдаг. Эцэг, эхчүүд зээл аваад л хүүхдээ сургаж байна.
-Эцэг, эхчүүд хүүхдээ улсын сургуульд сургахгүй гэх хандлага улсын боловсролын системд халтай юу?
-Дундаж анги улсын боловсролын системээс гарчихаар улсын сургуулийн чанарыг шаардах хүнгүй болно. Ингэснээр улсын сургуулийг эрх баригчид хаяна. Шууд сөрөг үр дагавар нь энэ. Мөн энэ анги танхимд ч сөрөг нөлөөтэй. Ангид нэг онц сурдаг хүүхэд байхад бүх хүүхдийн сурлагыг өргөдөг. Харин ангийн бусад хүүхэд тааруу сурдаг нэг нь онц сурдаг байлаа гээд бусад нь онц сурдаг хүүхдийн сурлагыг хэзээ ч татахгүй. Боловсролын систем ийм онцлогтой. Тиймээс сайн сурч байгаа хүүхдүүд улсын сургуульд суралцдаг байх учиртай. Хувийн сургуулийн системийн сөрөг үр дагавар улсын боловсролын системийг доош нь татна. Тийм байтал сүүлийн жилүүдэд чанартай, чанаргүй хувийн сургуулиуд руу дундаж анги улам хошуурч байна. Ингэснээр нийгмийн зэрэг зиндаа улам гаарна.
-БНСУ зэрэг хэд хэдэн орон өндөр төлбөртэй хувийн сургуулийг татан буулгахаар болсноо мэдэгдсэн. Үүний шалтгаан нийгмийн зэрэг зиндаа гаарч, үе тэнгийн дээрэлхэлт газар авсантай холбоотой байх ?
-Чили, БНСУ зэрэг хэд хэдэн орон хувийн сургуулийн босгоо чангатгаж, улсын сургуулиа дэмжиж байна. Чилийн тухайд хувийн сургууль, улсын сургууль хоёр хоорондоо өрсөлдөхөөр чанар нь сайжирна гэж тооцоолоод хэдэн жил ажилласан. Гэвч ард иргэд нь гурван хэсэг хуваагдчихсан. Асар өндөр төлбөртэй сургуульд нь чинээлэг хэсэг, улсынх хэр нь төлбөр авдаг сургуульд нь дундаж анги төвлөрөөд, огт төлбөргүй улсын сургуульд амьжиргааны түвшин доогуур хэсэг нь суралцдаг болсон. Ингэснээр ангийн ялгаа гаарч, хүн ам хоорондоо ойлголцоо болиод, жагсаал, тэмцэлдээ тулсан. Тиймээс улсын төсвөөс хувийн сургуульд мөнгө өгөхөө болиод, ашгийн бус ажиллах шаардлага хувийн сургуульд тавих болсон. БНСУ ч ялгаагүй.
-Эцэг, эхчүүдийн хувийн сургууль сонгох голлох шалтгааны нэг нь гадаад хэл. Гадаад хэлийг бага наснаас нь төгс сургах зорилгоор төлбөр төлж сургадаг шиг санагддаг?
-Эхлээд эх хэлээ маш сайн сурах ёстой. Эх хэл дээрээ сайн уншиж, бичдэг хүн ямар ч гадаад хэлийг хэдэн ч насандаа төгс сурах боломжтой. Хэл сурахын төлөө их төлбөр төлөх шаардлагагүй. Хичээлээс гадуурх сургалтад сургаж болно. Зун гадаадад суралцах курс ч олон бий.