Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Төр засгийн зүгээс улсаа бүсчилж хөгжүүлэх бодлогод анхаарч эхэллээ. Бүсийн хөгжилд анхаарч эхэлсэн энэ үед юунд анхаарах шаардлагатай вэ?

-Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Сонгуулийн тойргийг мөн бүсээр хуваалаа. Энэ үед бүсийн хөгжлийг ярьж буй хүн бүр нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй болов уу. Энэ бол хязгаарлагч хүчин зүйл. Үүнийг авч үзэхгүйгээр бүсийн хөгжлийн тухай яриа бол хоосон яриа болж хоцрох эрсдэлтэй. Бүсийн сэргэлтийг хийхийн тулд хязгаарлагч хүчин зүйлс юу вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Бүс, бүсээр өөр гарах байх. Адил зүйл ч гарах байх. Хязгаарлагч хүчин зүйлээ анхаарч хөгжүүлэхгүй бол үр дүнгүй олон ажил л хийнэ.

-Хязгаарлагч хүчин зүйл гэж юуг хэлж байна вэ?

-Хязгаарлагч хүчин зүйл гэж эдийн засгийн өсөлтийг хамгийн их хэмжээгээр хойш нь татаж байгаа хүчин зүйлийг хэлнэ. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулж байх явцад бид хязгаарлагч хүчин зүйл гэдгийг маш нарийн судалсан. Энэ үндэслэлийг боловсруулахдаа өсөлтийн оношилгоо хэмээх эдийн засгийн реформ хийх аргачлалыг ашигласан. Манай улсын эдийн засгийг хязгаарлаж буй хүчин зүйлс юу байна гээд анализ хийхэд эрчим хүч, тээвэр ложистик, төрийн чадамж, аж үйлдвэржилт хөгжөөгүй нөхцөл байдал, хот хөдөөгийн асуудал байна.  Тиймээс эдгээрийг шийдвэрлэж, сэргэлтэд хүргэх бодлого гаргасан. Өөрөөр хэлбэл, Шинэ сэргэлтийн бодлого сайтар хэрэгжвэл эдийн засаг байж болох өндөр өсөлтөөр өсөх суурь бүрдэнэ.

-Хязгаарлагч хүчин зүйлсээ тодорхойлж анхаараагүй нь өнгөрсөн жилүүдийн алдаа байх нь ээ.

-Чингис бондын мөнгөөр авто зам барих хэрэгтэй гээд шууд л зам барьчихсан. Гэтэл зам нь зарим аймагт эдийн засгийг нь хязгаарлагч хүчин зүйл биш бол бүсийн эдийн засгийг өөд нь татахгүй. Зам бариад эргээд эдийн засгийн өсөлтөө хартал гавьсан зүйл байхгүй бол энэ биш байжээ л гэсэн үг. Гэтэл эрчим хүч хязгаарлагч хүчин зүйл байж болно. Эрчим хүчний дутагдлын улмаас хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, улмаар шинээр ажлын байр бий болсонгүй гэдэг дүгнэлтэд дахиад хүрэхгүйн тулд хязгаарлагч хүчин зүйлээ бүрэн ойлгох  чухал байна. Тэр тусмаа бүсийн хөгжилд анхаарч буй энэ цаг үед улстөрчид ч, энгийн иргэд ч хязгаарлагч хүчин зүйлээ тодорхойлж байж хөгжинө гэдгийг л ойлгох тун чухал байгаа юм.

-Бүсийн хөгжлийн тухай шийдвэр гаргагчид онцлон ярьж л байгаа. Гэхдээ дэд бүтэц, эрчим хүч, тээврийн асуудлыг цогцоор нь шийдэх тухай төдийлөн дурдахгүй байгаа л даа.

-Цаашид хязгаарлагч хүчин зүйлийг тодорхойлохгүйгээр, үндэслэл нотолгоогүйгээр “Энэ бүсийг ингэж хөгжүүлнэ” гэж яривал, хийнэ гэсэн ажлууд амжилттай хэрэгжсэн ч гэсэн тухайн бүсийн эдийн засгийг потенциал түвшинд хүргэж өсгөхөд хүндрэлтэй. Монгол улс асар их төсөвтэй бол тэгж тоглож болно. Гэтэл улсын төсөв хязгаартай, орон нутагт бүр бага байдаг учир энэхүү тоотой төсвийг хамгийн өндөр өгөөж өгөх буюу хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхэд зарцуулбал тухайн бүс нутагт илүү хурдтай өсөж, хөгжинө. Тэгэхийн тулд асуудлаа онилж, бүсийн хөгжлийн бодлогоо гаргаж ирэхийг дахин дахин сануулаад байгаа юм. Асуудлаа тодорхойлсны дараа үүнийгээ төсөв дээр тусгах хэрэгтэй. Аймгийн түвшинд ч гэсэн адилхан логик үйлчилнэ.

-2024 оны УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар зохион байгуулна. Энэ нөхцөлд улс төрийн нам, хүчнүүд мөрийн хөтөлбөртөө юуг анхаарвал зохистой вэ?

-УИХ-н сонгуульд оролцох аль ч нам агуу зорилт тавих эсвэл хаа нэг газар хэрэгжсэн шийдэл мөрийн хөтөлбөртөө битгий оруулаасай. Зарим нэг улс төрчид “Шинэ Зеландад, Японд ингэсэн байна учир үүнийг Монголд хэрэгжүүлнэ” гэж шийдэл хөөж байгаа. Улс төрийн нөхцөл байдал, төсөв хөрөнгийн хязгаар, төрийн чадамж улс бүрт өөр. Аймгийн төвүүдийг хоттой холбож зам тавиад л аймгийн төвүүдэд жижиг дунд бизнес цэцэглэж хот руу талх болон хүнсний бүтээгдхүүн нийлүүлээд хөгжөөд өгнө гэсэн. Зам тавьснаар хотоос аймгийн төв рүү тээвэрлэх зардал буурч, улмаар аймгийн төв дээр талх хийж байсан бизнесүүд хаалгаа барьсан бодит тохиолдол байгаа. Зам барих нь буруу гэж хэлээгүй шүү, зүгээр тэр улс төрчдийн хэлж байсан шиг зүйл яг эсрэгээрээ болж байгаа нь зам тавьснаар юу өөрчлөгдөх вэ гэдэг шалтгаант нөхцлийг огт судлаагүйг л хэлэх гэсэн юм.

-Тэгвэл юунд анхаарах гэж?

Мөрийн хөтөлбөрийг үндэслэл нотолгоо дээр суурилах хэрэгтэй. Энийг хэлэх амархан, харин хийхэд сайн судлаачид, эдийн засагчид шаардлагатай. Энгийн үгээр хэлбэл бүсийн хэмжээнд ямар асуудал тулгарч байна, эдгээр асуудлууд ярихдаа галын утааг нь биш, харин гарч буй галыг буюу ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа вэ гэдэг дээр тогтох хэрэгтэй. Ямар ч асуудал олон төрлийн хүчин зүйлийн үйлчлэлээр бий болж байдаг. Жишээлбэл, эх эндэж буй шалтгааны цаана эмнэлгийн ариутгал, нэг эх баригчид оногдох тоо, эмнэлгээс байрлах зай зэргээс хамаарна. Хамгийн ихээр нөлөөлж байгаа тэр хүчин зүйлсийг чиглэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл асуудал руу чиглэсэн байх. Үүнийг удирдахуйн ухаанд асуудлаар хөтлөгдсөн шийдэл ч гэж нэрлэдэг.

Ийм учраас эхлээд тухай бүс нутагт хязгаарлагч хүчин зүйл юу вэ гэдгийг тодорхойлох, эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг хувилбаруудыг гаргаж ирэх гэдэг дээр анхаарч мөрийн хөтөлбөр гаргах дээр анхаарах нь зүй болов уу. Энэ нь зөвхөн УИХ-ын сонгуультай холбоотой мэт харагдавч бүсийн, аймгуудын хөгжил бүгдэд нь хамаатай.

-Бүсийн хэмжээнд судалгаа хийж, түүнийгээ боловсруулаад мөрийн хөтөлбөрөө бчинэ гэвэл хугацаа үлдсэнгүй шүү дээ?

-Үүнийг хоёр талаар харах хэрэгтэй. Асуудлаа ангилж харахад хангалттай хугацаа байна. Харин судалгаа хийж эхэлнэ гэвэл хугацаа байхгүй. Гэвч асуудлууд дээр хийсэн маш олон судалгаанууд байна. Мөрийн хөтөлбөрөө бичихдээ хэрэгжихдээ яаж хэрэгжих вэ гэдгийг бас давхар авч үзэх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бодлогын гурвал буюу “Ариун гурвал”-г орхигдуулах вий. Мөрийн хөтөлбөр дутуу хэрэгжих, бодлого хэрэгжилтийн шатанд унадаг гурван шалтгаан байдаг. Нэгдүгээрт, бодлогыг гаргахдаа онолын хувьд ямар ч хамаарал, үндэслэл, нотолгоо байхгүй гаргавал хэрэгжсэн ч асуудал үлддэг. Хоёрдугаарт, улс төрийн дэмжлэг аваагүй. Мөрийн хөтөлбөр улс төрийн дэмжлэг авахгүй байна гэж байхгүй байх. Гуравдугаарт, бодлогыг хэрэгжүүлэх байгууллага нь чадамжтай байна уу, чадамжгүй байна уу гэдэгтэй шууд холбоотой. Үндэслэл нотолгоотой, улс төрийн дэмжлэг авсан мөрийн хөтөлбөр амьдрал дээр очоод унаад байна гэдэг бол хэрэгжүүлэгч байгууллага тэр бодлогыг хэрэгжүүлэх түвшний чадамж байхгүй байдаг учраас хэрэгждэггүй байх нь.

-Хурдасгуур төвийн хувьд өнгөрөгч 2023 онд төрийн албан хаагчдын дунд цар хүрээ өргөнтэй судалгаа хийсэн. Судалгаанаас харахад манай улсын төрийн чадамж ямархуу түвшинд байна вэ?

-Харвардын их сургуулиас 2017 онд дэлхийн 102 улсын дунд төрийн чадамжийн судалгаа явуулсан. Энэхүү судалгааг хийхдээ эдгээр улсуудын төрийн чадамж сайжирч байна уу, унаж байна уу гэдгийг илүү чухалчлан судалсан. Энэ судалгаагаар Бангладеш улсын төрийн чадамж муу гэсэн ангилалд орсон, гэхдээ бага зэрэг өсөж байгаа. Бангладеш улсын төрийн чадамж өнөөдрийн хурдаар өсөх юм бол 244 жилийн дараа “өндөр” чадамжтай ангилал руу орохоор байна.

Монгол улсын төрийн чадамж дунд ангилалд орсон, харамсалт нь унаж байгаа ангилалд багтсан. Төрийн чадамжид анхаарснаар бид удаанаар ч болов өсөж байгаа гэсэн ангилалд авч ирэх ёстой. Шинэ сэргэлтийн бодлогын үндэслэлийг хийж байхад төрийн талаар хийсэн судалгаанууд байсан. Төрийн чадамжийг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр тодорхой судалгаа байгаагүй. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв энэ судалгааг барьж авч хамгийн түрүүнд хийсэн.

-Яг ямар судалгаанууд хийв?

Төв дээр төрийн чадамжийг дотор нь хоёр түвшинд ангилаж, судалж үзсэн. Нэгдүгээрт, байгууллагын чадамж, нөгөө нь төрийн албан хаагчийн чадвар. Байгууллагын чадамжийг сайжруулах чиглэлд ЗГ-н Хяналт Хэрэгжүүлэх Газар болон бусад байгууллагатай хамтарч нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн. Төрийн албан хаагчийн чадварыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгийг гурван үе шатаар авч үзэж, судалгаанууд хийсэн. Нэгдүгээрт үе шатад төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт буюу Монголын төр чадварлаг боловсон хүчинг сонгож авч чадаж байна уу, ямар хүмүүс орж байна гэдэг дээр судалгаануудыг хийсэн. Хоёрдугаарт үе шат дээр төрийн албанд ажиллах буюу гүйцэтгэх чадвар юм. Энэ шатанд өнөөгийн албан тушаал дээрх шаардагдах ажлыг хөнгөвчлөх, дамжлагыг бууруулах замаар хэрхэн шаардлагатай чадварын түвшинг бууруулах вэ гэдэг судалгаа хийсэн. Цаашид шаардагдах чадвар, өнөөдөр байгаа төрийн албан хаагчийн чадварын зөрүүг хаана гарч байгааг хэрхэн тогтоох вэ, гарсан зөрүүг яаж арилгах вэ гээд оношлох, тогтоох, шийдвэрлэх хувилбарыг боловсруух ажлууд бий. Гуравдугаарт, төрийн албанаас гарах. Зөв хүнээ сонгож, төрийн албан сургаж, чадварлаг болготол авч үлдэж чадахгүй бол энэ бүх хөдөлмөр, зардал үнэгүйднэ. Энэ дээр үр дүнгүүд судалгаанаас бас гарсан.

-Судалгаанаас харахад төрийн албан хаагч нарын дунд ажлаасаа гарах хандлага түгээмэл байна гэсэн. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ?

- Цар тахлын үеэр эхлээд дэлхий даяар хөдөлмөрийн зах зээл дээр ажлаас гарах хандлага өссөн. Үүнийг “Great resignation” буюу “Агуу ажлаас гарах” давалгаа гэж нэрлээд байгаа. Төрийн албанд ч энэ ажигладаад байна. Энэ дундаа төрийн албанаас гарах хувь говийн бүсэд илүү өндөр гарч байна. Бид дөрвөн судалгаа нэмж хийж, төрийн албанаас гарч буй учир шалтгааныг нарийвчлан гаргасан. 2023 оны эхээр хийсэн судалгаагаар ажлаас гарах хүчин зүйлсийг тогтооход нэгдүгээрт цалин хөлс, хоёрдугаарт ажлын ачааллыг нэрлэсэн. Ажлын ачааллыг чиг үүргийн ачаалал, чиг үүргийн бус ачаалал гэж ангилсан. Хотод чиг үүргийн ачаалал харьцангуй гайгүй ч хөдөөд энэ ачаалал өндөр байсан. Төвөөс энэ дээр зөвлөмжүүд боловсруулсан. Тэгээд төсөвт тодотгол хийж төрийн албан хаагчийн цалин нэмсний дараа үзэхэд төрийн албанаас гарах урсгал тодорхой хэмжээгээр буурсан, гарах сонирхол буурсан байсан.