Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ ханш, экспортын хэмжээнээс бүрэн хамааралтай манай улсын хувьд мэдээж уул уурхайн бүтээгдэхүүн л голлон нөлөөлсөн. Тодруулбал, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн явдал юм. Эдийн засагчид оны эхэнд 50 сая тонн нүүрс гаргах боломжгүй гэж байсан ч 2023 оны арваннэгдүгээр сарын 20 гэхэд нүүрсний экспорт аль хэдийнэ 60 сая тоннд хүрч дээд амжилт тогтоон, оны эцэст 66.7 сая тоннд хүрсэн билээ.
БНХАУ-д экспортолсон барааны 62.7 хувийг чулуун нүүрс, 18.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна.
Гадаад худалдааны тэнцэл өмнөх оноос 54.7 хувиар өсжээ
Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3.2 (15.0 хувь) тэрбум ам.доллароор, экспорт 2.6 (21.1 хувь) тэрбум ам.доллароор, импорт 548.1 (6.3 хувь) сая ам.доллароор, тэнцэл 2.1 (54.7 хувь) тэрбум ам.доллароор тус тус өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарах нь гадаад валютын орох урсгал, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн идэвхижил, өсөлтөд эергээр нөлөөлдөг гэж үздэг.
Экспортын 2.6 тэрбум ам.долларын 2.4 тэрбум ам доллар нь нүүрснийх

Экспорт 2023 онд өмнөх оноос 2.6 тэрбум ам.доллароор өсөхөд
-Нүүрс 2.4 тэрбум ам.доллар,
-Жоншны хүдэр ба баяжмал 161.9 сая ам.доллар,
-Газрын тос 122.9 сая ам.доллар,
-Лаазалсан махан бүтээгдэхүүн 122.1 сая ам.доллар,
-Адууны мах 104.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
ОХУ-аас импортолсон барааны 70.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна

Импорт өмнөх оноос 548.1 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 150.3 сая ам.доллар, суудлын автомашин 100.7 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 93.1 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 66.5 сая ам.доллар, шороо, чулуу ялгах холих машин 45.9 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 39.4 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
ОХУ-аас импортолсон барааны 70.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 75.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.2 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.
2023 оны байдлаар экспортын 45.4 хувь Гашуунсухайт, 22.2 хувь Замын-Үүд, 13.0 хувь Шивээхүрэн боомтоор хийгдсэн нь нийт экспортын 80.6 хувийг эзэлж байна. Импортын 49.4 хувийг Замын-Үүд, 23.8 хувийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 73.2 хувийг эзэлж байна.