Иргэд "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгаа авах хүсэлтээ илэрхийлж, зарим нь Цагаан сараас өмнө олгохыг шаардаж жагсаал зохион байгуулж эхэлсэн. Иргэдийн энэхүү шаардлага болон ногдол ашиг тараах боломжтой эсэхээр хэн юу хэлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -"Эрдэнэс-Тавантолгой" компнийн 2021, 2022 оны хувьцааны ногдол ашгийг иргэддээ цаг алдалгүй хүртээх ёстой. Бид иргэдээ хохироож болохгүй. Ногдол ашгийг ямар нэг хэлбэрээр олгох ёстой. Цагаан сараас өмнө олгож өгөөч гэсэн хүсэлтийг компанийнх нь удирдлагуудад хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Иргэдэд ногдол ашиг олгох ёстой. 2021, 2022, 2023 оны үйл ажиллагааны ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ёстой. Байгалийн баялгаасаа ард иргэддээ хүртээх тухай Үндсэн хуулийн заалт бий.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -2022 онд УИХ-аас баталсан тогтоолоор иргэдэд ногдол ашиг тараах үүргийг Засгийн газарт өгсөн. Үүнийг хэрэгжүүлж ногдол ашгаа өгөх хэрэгтэй. Гурван их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж байсан. Ийм хэмжээний ашиг олж байгаа тохиолдолд ногдол ашиг олгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: -"Эрдэнэс-Тавантолгой" компанийн санхүүгийн тайлан аудитаар хянагдсаны дараа ТУЗ нь хуралдаад иргэддээ тодорхой хэмжээний ногдол ашиг хуваарилна гэж ойлгож байгаа. Төрийн эзэмшилд ногдох ашгаасаа хуримтлагдсан өр төлбөрөө төлөөд явах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Батлут: -Байгалийн баялгаас иргэддээ тэгш хүртээх ёстой. Гэхдээ тооцоо судалгаатайгаар асуудалд хандах хэрэгтэй. Өнөөдөр шууд иргэн бүрд 500 мянган төгрөг өгвөл инфляц хөөрөгдөж наймаа хийдэг хүмүүс дундаас нь завшаад л өнгөрнө. Эцэст нь ард иргэдийн амьдралд нэмэр болсон зүйлгүй үлдэх вий гэж болгоомжилж байна. Тиймээс үүнд болгоомжтой хандах хэрэгтэй.
"Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт: -Ногдол ашиг хуваарилах асуудлыг Компанийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргадаг. Үүний дагуу шийдвэр гарна. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн ТУЗ удахгүй, хуулийн хугацаандаа хуралдаж шийдвэр гаргана. Үүнээсээ өмнө санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулах ёстой. 2023 онд "Эрдэнэс-Тавантолгой" компани сайн ажилласан. Гэхдээ хуримтлагдсан өр төлбөр өндөр байгаа. "Эрдэнэс-Тавантолгой" компани гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийг 100 хувь хуваарилахад нэг иргэнд 233 мянган төгрөг ногдох юм. Бид бодитой тоо л ярьж байгаа юм. Би иргэдэд хувьцааны ногдол ашиг олгохгүй гэж хэлээгүй. Бид гурван их наяд төгрөгийн ашигтай ажилласан ч дөрвөн их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй байна. Төрийн өмчит компаниуд "Эрдэнэс-Тавантолгой" компанид өртэй байна. Төрийн ногдол ашгийг өрөнд суутгаж тооцож хаавал иргэдэд ногдол ашиг тараах боломжтой. Энэ эрхийг Засгийн газарт олговол иргэдэд ногдол ашиг тараах санхүүгийн үүсвэр шийдэгдэнэ.