Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, ашигт малтмалын болон хөдөө аж ахуйн нөөц ихтэй манай улсын хувьд нийгэм, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх шаардлага нэн өгүүлэгдэж буй. Уг нь таван бүсэд хувааж улсаа хөгжүүлэх бодлогыг аль 24 жилийн өмнө баталсан ч жалга довын улс төрөө дагаад нийслэл, 21 аймаг 330 суманд тусгаар бодлого хэрэгжүүлсээр өнөөг хүрлээ. Үүний уршгаар нийслэл хотод хэт төвлөрөл үүссэн бол хөдөө орон нутаг үндсэндээ эзгүйрч байгаа. Хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэлд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, эрүүл мэндийн байгууллагын ачаалал өндөр, авто замын түгжрэл, агаарын бохирдол тартагтаа тулсан гээд тоочвол төвлөрлийн уршиг дуусахгүй. Харин хөдөөд энэ байдал эсрэгээрээ. Ажиллаж амьдрах хүн өдрөөс өдөрт цөөрч, сургууль цэцэрлэгт суралцах хүүхэд ч ховордсоор байна. Уламжлалт мал аж ахуйгаа ч эрхлэх хүн цөөрч байгаа. Энэ нь зөвхөн нийслэл гэлтгүй орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал, дэд бүтэц, хөгжлийн бодлогод анхаарах шаардлага нэн тулгамдаж буйн илрэл. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын хүн ам, нийгэм эдийн засгийн хэт төвлөрлийг сааруулж, хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах томоохон зураглал, төлөвлөлт бодлого хэрэгтэйг харуулж буй.
Орон нутгийг хөгжүүлэх хөшүүрэг
Тэгвэл төр засгийн зүгээс ч улсын хөгжлийг бүсчлэлд тулгуурлахаар зэхэж байна. Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Мөн дөрвөн жилд нэг удаа болдог, хөгжлийн бодлогын тодорхойлогч парламентын сонгуулийг энэ удаа бүсчилсэн тойргоор явуулахаар тогтлоо. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтыг жижиг тойргуудад бус бүсийн хүрээнд зарцуулах нэг боломж. Үүнээс гадна УИХ-аар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төсөлд:
Түүнчлэн Засгийн газраас хөдөөг хөгжүүлэх хөшүүрэг болгож, төрийн байгууллагуудыг нийслэлээс гаргах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүллээ. Тодруулбал, эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчилж нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авахаар УИХ тогтоол гаргахаар хэлэлцэн дэмжив.Төсөлд нийслэл хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгаа гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгажээ. Мөн төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байхыг тусгасан байна.
Харин уг тогтоолын төсөлд УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд шүүмжлэл хэлэв. Хэзээ, хэрхэн, яаж хөгжүүлэх бодлого байхгүй, тодорхойгүй тогтоол боловсрууллаа хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь чуулганы танхимд шүүмжилсэн нь өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр. Тэгвэл энэ ажил эхний төлөвлөлт бөгөөд Засгийн газарт үүрэг чиглэл өгөхийн тулд тогтоолын төслийг боловсруулсныг албаныхан хэлж байлаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-УИХ “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмол өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал шийдэгдэхгүй байгаа. Тиймээс УИХ-аас төрийн байгууллагуудыг бүсчлэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгөх зорилгоор УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. УИХ-ын тогтоолын төслийг d.parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилнэ
2001 онд УИХ-аар баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын нутаг дэвсгэрийг эдийн засгийн 5 бүсэд хуваахаар тогтоожээ. Энэ нь эдийн засгийн хувьд бүсчилж өгсөн хил хязгаар юм. Тодруулбал, баруун, хангайн, төвийн, зүүн гэсэн дөрвөн бүсийг тогтоож, Улаанбаатар хотыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлэхээр заажээ. Эдийн засгийн бүс бүрд хамаарах аймгуудын ерөнхий хуваарийг дараах байдлаар тогтоож, хөгжлийн тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан уг хуваарийг уян хатан өөрчилж байхаар тогтоосон байна. Эдгээр эдийн засгийн бүс бүрд тухайн бүсийн нийгэм, эдийн засгийн томоохон төвлөрөл бий болгох тулгуур төв тус бүр хоёр хот, нийт найман хот байхаар заажээ.
Тэгвэл энэхүү Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ирэх хаврын чуулганаар шинэчлэн батлахыг Засгийн газрын тогтоолоор холбогдох албаныханд даалгаад буй.