Сар хүрэхгүй хугацааны дараа уламжлалт цагаан сарын баяр тохионо. Ураг удмаа мэдэлцэж, уламжлал соёлоо дээдлэн, өтгөсийг хүндэлж, нялхсыг баярлуулдаг энэ баяр монгол түмний үндэсний дархлаа, оюуны ой санамж учир хэн бүхэн бэлгэдэн зэхдэг. Гэхдээ хөөргөний чулуу, дээлийн торго, дэвсгэр олбог, зэхсэн бэлгээрээ өрсөлдөж, бяр чадал, баян чинээлгээрээ чацархах хүмүүс уламжлалт баярыг хэтэрхий нүсэр болгож, агуулгыг нь хэтийдүүлж буй.Үүний улмаас сар шинийн баяр санхүүгийн дарамт болж хувирлаа. MMCG компаниас явуулсан судалгаанд оролцсон иргэдийн 98 хувь нь цагаан сараар санхүүгийн дарамтад ордог гэж хариулсан байна. Үүний улмаас энэ баярыг тэмдэглэхгүй өнжих иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй.
Ууц, бууз, идээний зардал сая төгрөг давахаар байна
Монгол хэрэглэгч орон. Гэхдээ сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгч орон руу шилжих зорилт тавин, боломжит бүтээгдэхүүнийг дотооддоо хийхийг чармайж буй. Сайн хэрэг. Гэхдээ дотоодын шошготой бүхэн илүү үнэтэй, чанар нь чамлагдахуйц байдаг нь нууц биш. Бараа таваараас гадна дотооддоо бий болгодог хүнсний бүтээгдэхүүний үнэ ч инфляц хөөрөгддөг. Тухайлбал, гурил, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ жилд 20-50 хувиар савладаг. Энэ нь үнэ тогтворжиход сөргөөр нөлөөлөөд зогсохгүй иргэдийн хэрэглээ, өрхийн бодит орлогод нөлөөлдөг. Цагаан сар хаяанд ирсэн энэ үед ч дээрх асуудал бэрхшээл болж буй. Иргэд таваг засах ааруулыг 300-500 мянган төгрөгөөр, хонины ууцаа 250-500 мянган төгрөгөөр базаахаар байна. Харин үхрийн өвчүү нэг килограмм нь 13-14 мянган төгрөгөөр борлуулагдаж буй. Гулууз мах 200-300 мянган төгрөг байгаа аж. Ийнхүү ууц, бууз, идээний зардал сая төгрөг давахаар байна. Эдгээр дээр бэлэг сэлт базааж, идэж уух, өмсөж зүүхээ зэхэхээр багагүй мөнгө, шаггүй бэлтгэл шаардахаар байна.
Эрээний бараа ба Монгол үнэ цэн
Цагаан сарын зардал жил ирэх тусам өссөөр буй. Тухайлбал, 2013 онд нэг өрх дунджаар 574 мянган төгрөг энэ баярт зарцуулж байсан бол өдгөө энэ тоо 1-3 сая төгрөгт хүрсэн гэх тооцоо байна. Хүн хөл их цуглардаг, ахмадуудын хувьд энэ зардал илүү өндөр тусна. Ийнхүү монголчууд дунджаар 1.5-2 орчим их наяд төгрөг цагаан сарын баярт зарцуулах урьдчилсан тооцоо бий. Хамгийн учир дутагдалтай нь, энэ мөнгөн урсгалын 60-70 хувь нь гадагшаа гаргадаг. Уг нь энэ хэмжээний мөнгийг дотооддоо эргэлдүүлэх нь улсын эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Гэвч дотоодын бараа бүтээгдэхүүний үнийг иргэдийн хэтэвч дэх төгрөг дийлэхэд бэрх. Нэг килограмм чихэр 20 мянган төгрөгөөр авах уу, түүнтэй дүйх ааруулыг 40-50 мянгаар авах уу гэх сонголтыг тэд хийдэг. Дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн ч үүнтэй ялгаагүй учир иргэд Эрээнээс ижил бүтээгдэхүүн илүү хямт өртгөөр авахыг урьтал болгодог Ингэснээр жил бүрийн нэг, хоёрдугаар сард монголчууд их хэмжээний мөнгийг урд хөрш рүү урсгаж буй. Энэ завшааныг хятадууд алдахгүй анадаг. Эрээнд “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй төдийгүй бууз, ууцнаас бусдыг нь үйлдвэрлэн борлуулж байна. Тавгийн боов, идээ, чихэр, бэлэг сэлт гээд цөм тэнд бий. Тиймээс Эрээнийг зорих хүний хөл өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Уг нь жил бүхэн Эрээнээс "хог" чирэхгүйгээр монгол төгрөгөө бэлгэнд базааж, дотоодыг үйлдвэрийг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг уриалдаг ч бодит байдал өөр байдаг. Энэ жишиг өнөө жил ч үргэлжилж мэдэхээр байна.
Шинэ жилийн баярын зарлагаа нөхөж ч амжаагүй байхад цагаан сар залгаж байгаа нь иргэдийн санхүүд хүндрэлтэй байна. Гэсэн ч ёс, бэлгэдлээ бодоод цалин, тэтгэвэр, тэтгэмжээ зээлж, баярын бэлтгэлээ базаана. Сар шинийн үеэр нийт өрхийн 45 хувь нь ямар нэг зээл авдаг нь судлагджээ. Авсан зээлээ урд хөрш рүү тушааж, дараагийн баяр хүртэл өрөө нимгэлж, өөрийгөө "тарамдаж" таарах нь дээ.