Кино зохиолч, жүжигчдийн дунд таван сар үргэлжилсэн ажил хаялт өндөрлөж, он удаан дуншсан дуулиант төслүүд эргэн ирж буй тул дэлхийн кино ертөнцийн өнгийг тодорхойлдог Холливудын урлангаас ирэх жил хүлээх зүйл ихтэй. 2024 онд бид “Гладиатор”, “Галзуу Макс”, “Манхан” киноны шинэ ангийг үзэж, Жокерын сүйт бүсгүйн дүрээр Лэди Гага тэсрэлт хийж чадах эсэхийг харах нь. Кассын орлого, дагалдах бүтээгдэхүүний борлуулалтаар тэргүүлдэг супер баатруудын түүх ч уламжлалт кино урлагт бууж өгөх болоогүй байна. Өнгөрсөн зунжин дэлхий нийтийг байлдан дагуулсан Барби, Оппенхаймерын амжилтыг эвдэж мэдэх 20 бүтээлийг танилцуулъя.
Түүх эргэн ирлээ
Furiosa: A Mad Max Saga (2024.05.24)
Найруулагч Жорж Миллер “Галзуу Макс: Хилэнт зам” киноныхоо өмнөх түүхийг өгүүлэхээр элсэн цөлд буцаж ирлээ. Энэ удаад Шарлиз Тероны оронд Фуриосагийн дүрийг залуу од Аня Тейлор-Жой бүтээж буй. Дэлхийн экосистем мөхөж эхэлснээс хагас зуун жилийн дараа өрнөх үйл явдалд дайчин Дементус (Крис Хемсворт)-т хулгайлагдсан залуу Фуриоса элсэн цөл гатлан өөрийн амьдрал, эрх чөлөөний төлөө тэмцэж буй тухай өгүүлнэ.
Joker: Folie à Deux (2024.10.04)
Таван жилийн дараа Жокерын түүх эргэн ирж байна. Жүжигчин Хоакин Финикст Оскарын шагнал авчирч, дэлхий даяар нэг тэрбум ам.долларын орлого цуглуулсан “Жокер”-ын шинэ ангид гарах үйл явдлыг кино бүтээгчид ихэд нууцалж буй. Гэвч зураг авалтын үеэр авсан папараци зургуудаас Жокерт дурлаж, гэмт хэргийнх нь хамтрагч болдог сэтгэл зүйч Харли Куиины дүрийг Лэди Гага бүтээж буй нь тодорхой болсон.
Dune: Part Two (2024.03.01)
Тимоти Шаламег өнөө цагийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болоход нөлөөлсөн кино бол 2021 онд нээлтээ хийсэн “Манхан”. Найруулагч Денис Вильневийн шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлийн шинэ бүлэгт Паул дурлалт бүсгүй Чани (Зендая) болон Фремен нартай хүчээ нэгтгэж, гэр бүлийнхээ өшөөг аван Арракис гарагт амар амгаланг авчрах болно.
Gladiator 2 (2024.11.22)
Найруулагч Ридли Скотт 24 жилийн дараа Ромын мэсчин боолуудын түүхийг эргэн сөхөж байна. Харамсалтай нь “Гладиатор” киноны үргэлжлэлд Рассел Кроу тоглохгүй. Харин түүний бүтээсэн Максимус жанжны дүрийн гол өрсөлдөгч Комодусын ач хүү Люсиус (залуу жүжигчин Пол Мескал)-ын талаар өгүүлэх юм. Люсиус Верус үнэн хэрэгтээ Максимусын төрсөн хүү юу гэдгийг ирэх арваннэгдүгээр сард олж мэдэх нь.
Mufasa: The Lion King (2024.12.20) Симбагийн эцэг Муфасагийн гарал үүслийн түүхийг Оскарын шагналт найруулагч Барри Женкинс дэлгэж байна. Муфасагийн дуу хоолойг жүжигчин Аарон Пьер амилуулсан бөгөөд зурмал хүүхэлдэйн кино бус 2019 дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан” киноны нэгэн адилаар бодит дүрслэл, компьютер графикт тулгуурлан хийгджээ.
Mean Girls: The Musical (2024.01.12)
2011 онд дэггүй охидын адал явдлыг үргэлжлүүлэхдээ гаргасан алдаагаа давтахгүйн тулд киног бүтээгчид анхны ангийг бүхэлд нь мюзикл хэлбэрт оруулжээ. “Mean Girls” Бродвейн тайзнаа хөгжимт жүжиг хэлбэрээр амилаад хэдийнэ дөрвөн жил болж байгаа билээ.
Намтарчилсан бүтээл
Back to Black (2024.05.10) Намтарчилсан киноны санд энэ жил Эми Уайнхаусын түүх нэмэгдэж байна. Цаг бусаар хорвоог орхисон нэрт дуучныг эргэн дурсах энэхүү кинондоо найруулагч Сэм Тэйлор-Жонсон түүнийг алдрын оргилд хүргэсэн “Back to Black” цомог бүтсэн үйл явцыг харуулахыг зорьжээ. Эми Уайнхаусын дүрийг Мариса Абела бүтээсэн.
Bob Marley: One Love (2024.02.14)
Ямайкийн дуучин, ая зохиогч Боб Марлигийн дүрд Кингсли Бен-Адир тогложээ. Марлигийн гэр бүлтэй хамтран бүтээсэн уг кинонд дуучин 1976 онд халдлагад өртсөн ч энхтайвны төлөө тэмцлээс ухраагүй тухай өгүүлэх аж.
Priscilla (2024.01.01)
Баз Лурманн, Остин Батлер нар 2022 онд рок-н-роллын хаан Элвис Преслийн тухай өнгө будаг ихтэй, эерүү намтар бүтээсний дараа найруулагч София Коппола түүхийг нөгөө талаас нь харуулахыг хүсжээ. Элвисийн эхнэр Присцилла Преслийн дурсамж номоос сэдэвлэсэн энэхүү кино 2023 оны аравдугаар сард Америкт нээлтээ хийсэн ч шинэ оны эхний өдөр дэлхий нийтийн хүртээл болно.
Супер баатрууд
Madame Web (2024.02.14) Дакота Жонсон зөн билэгч Кассандра Уэббийн дүрээр Марвелийн ертөнцөд нэгдлээ. Хатагтай Уэбб өнгөрсөн үеийн харанхуй нууцуудаа олж мэдэхийн хэрээр зөн билгийн чадвар нь нэмэгдэнэ.

Deadpool 3 (2024.07.26) Beetlejuice 2 (2024.09.06) Spider-Man: Beyond the Spider-Verse (2024.11) бүтээлүүд өмнөх ангиудын алдагдлаа нөхөж кассын орлого бүрдүүлэх өрсөлдөөнд орж ирэх нь.
Ghostbusters: Frozen Empire (2024.03.29)
Нью-Йорк хотоос мөсний аймшигт сүнс агуулсан эртний нууцлаг олдвор илэрчээ. Сүнсний ангуучид дэлхийг мөстлөгөөс аврах даалгаврыг гардан гүйцэтгэх болно.
Хүүхэлдэйн кино
Inside Out 2 (2024.06.14) Шилжилтийн насанд хүрсэн Райли охинд шинэ мэдрэмж төрөх болсон нь ТҮГШҮҮР. Түгшүүрийн дүрд “Stranger Things” цувралаараа олонд танигдсан жүжигчин Майя Хоук дуу орууллаа.
Kung fu panda 4 (2024.05.24) Өхөөрдөм луугийн дайчин По шинэхэн адал явдлаа эхлүүлэхээр Хятад улсыг зорьж буйгаар үйл явдал өрнөнө. Энэ удаа тэр үхэгсдийг амилуулах чадвартай аймшигт шидтэн Хамелеонтой нүүр тулах аж. Гол дүрд өмнөх ангиудын адил жүжигчин Жек Блэк, Анжелина Жоли, Жеки Чан, Люси Лю нар дахин дуу оруулжээ.
Шинэ түүхүүд
Mickey 17 (2024.03.29)
“Шимэгч” киногоор Оскарын шагнал хүртсэн солонгос найруулагч Бон Жун Хо уран зөгнөлт триллер киногоор үзэгчидтэй эргэн уулзаж байна. Эдвард Эштоны шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн уг киноны Нифлхайм гаргийг колоничлохоор илгээгдсэн сансрын аялагч Микки 17-гийн дүрийг “Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон бүтээжээ. Микки нас барах үед түүний бие махбодь дурсамжаа бүрэн бүтнээр нь хувилж, үхэшгүй мөнхийн мөчлөгийг эхлүүлдэг.
The Fall Guy (2024.05.03)
1980-аад оны ижил нэртэй телевизийн цувралаас сэдэвлэсэн уг кинонд Райан Гослинг, Эмили Блант нар нэг нэгнээ үзэн яддаг салсан хосын дүрийг бүтээжээ. Орлон тоглогч ажилтай Колт Сиверс киногоо дуусгахын тулд гэнэт сураггүй алга болсон гол дүрийн жүжигчнээ хайж гэмт хэргийн мөрөөр орно.
Civil War (2024.04.26)
Найруулагч Алекс Гарландын шинэ кино үзэл бодлын гүн хуваагдлын улмаас иргэний дайны хөлд сүйрч буй Америкийн ойрын ирээдүйг дүрсэлсэн байна. Кирстен Данст, Кейли Спейни, Жесси Племонс нарын бүтээсэн гол дүрээр хүмүүс итгэл үнэмшлээ хамгаалахын тулд хэр хол явдагийг харуулжээ.
Horizon: An American Saga (2024.06.28)
Кевин Костнерын 30 жилийн хөдөлмөрийг бид энэхүү хоёр ангит бүтээлээс олж харах нь. Америкийн иргэний дайны дараах “зэрлэг” өрнөдийн тэлэлтийн тухай өгүүлсэн энэхүү киноны зохиолыг Костнер өөрөө бичиж, найруулж, гол дүрд нь тогложээ.