Манай улсын эдийн засаг цар тахлын улмаас “сэхээнд” орсон гэхэд хилсдэхгүй. Харин өнгөрсөн жилээс эдийн засгийн төлөв байдал эерэг үзүүлэлтэд дөхөж ирлээ. Энэ үр дүнг салбар байгууллага, мэргэжилтнүүд хэрхэн үнэлж, дүгнэж байгаа талаар болон энэ оны эдийн засгийн төлөвийг холбогдох албаныхан хэрхэн харж буй танилцуулъя.
Азийн хөгжлийн банк:
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна
2024 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5.9 хувьд хүрнэ гэж төсөөлж байна. Уул уурхайн салбар сэргэж, экспорт нэмэгдсэн нь бусад салбарт эергээр нөлөөлнө.
БНХАУ-ын эдийн засаг сэргэж, түүний нөлөөгөөр экспорт нэмэгдэн, төлбөрийн урсгал, дансны тэнцэл мэдэгдэхүйц сайжирсан. Ингэснээр гадаад валютын албан нөөц тогтворжиж, гадаад өрийн эргэн төлөлтийн эрсдэл буурсан. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. Энэ нь өмнөх сөрөг таамаглалуудыг өөрчилж буй.

"Монгол Улсын эдийн засгийн сэргэлт 2024 онд үргэлжилж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ойрын хугацаанд хэвээр хадгалагдахаар байна. Эдийн засгийн өсөлтийг гадаад эрэлт, экспортын сэргэлт, дотоод эрэлт дэмжихээр байгаа ч өндөр инфляц, түүний эсрэг мөнгөний хатуу бодлого, дотоод санхүүжилтийн нөхцөл чангарсан зэрэг нь хязгаарлахад хүргэж байна."
Азийн хөгжлийн банкны 2023 оны тайланд дурдсанаар, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал оны эхнээс сайжирсан. Гэвч инфляц 2023 оны хоёрдугаар улирлын эхээр өндөр хэвээр байгаа нь Төв банкны зорилтот түвшнээс хэтрээд буй. 2024 онд инфляц нэг оронтой тоо руу шилжиж 8.6 хувьд хүрэх хүлээлттэй байгаа юм.
Энэхүү хүлээлтийг сааруулж болзошгүй эрсдэл нь, БНХАУын түүхий эдийн эрэлт буурах, нүүрс, металлын үнэ унах, худалдааны шинэ хязгаарлалт бий болох зэрэг юм. Геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан гадаад худалдааны тасалдал, санхүүжилтийн нөхцөл чангарснаас үүсэх эдийн засгийн сөрөг үр дагавар зэрэг нь хүлээлтэд хүрэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн гурван жилийн турш хүнд нөхцөлд байсан. Энэхүү хүндрэлээс гарч эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшнийг хадгалахын зэрэгцээ өндөр инфляцыг бууруулах зайлшгүй шаардлагатай. Улмаар ойрын хугацаанд экспортыг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, төсөв, мөнгө, макро зохистой бодлогоор макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэх нь чухал. Түүнчлэн нийт хуримтлалыг нэмэгдүүлж, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилгоор улсын секторын удирдлага болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх нь оновчтой алхам гэдгийг Азийн хөгжлийн банкнаас зөвлөж буй.
ОУВС:
Инфялц өндөр байгаа нь ирэх жилүүдийн гол бэрхшээл
Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.5 хувиар тэлнэ гэж тооцоолсон. Өмнөх тооцоололд таван хувиар тэлнэ гэж таамаглаж байсан бол дөрөвдүгээр сарын тайландаа төсөөллөө ийн бууруулсан юм.
Энэхүү тооцоолол нь бусад олон улсын байгууллагуудын Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллүүд дундаас хамгийн доогуур үнэлэгдсэн нь юм. ОУВС 2024 онд Монгол Улсын эдийн засаг 2023 оны түвшнээс саарна гэж таамаглаж буй. 2023 онд нүүрсний экспорт урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн. Гэвч энэ жил үүнээс илүү гарна гэж тооцохгүй байгаа аж. Түүнчлэн Хятадын нүүрсний импорт буурвал Монголын төсвийн орлого тасалдах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.

"Монголын эдийн засагт өсөлтийн мөчлөг ажиглагдаж байна. Гэхдээ энэ өсөлт сайн бодлогын үр дүнд тогтвортой үргэлжилнэ. Өсөлтийн мөчлөгийг дагаж зардлаа өсгөх нь тийм ч сайн үр дүн авчрахгүй. Иймд олсон орлогынхоо хэмжээгээр төсвөө тэлэх биш, илүү гарсан орлогоороо хуримтлал үүсгэх нь оновчтой. Монголын хувьд 2024 оны гол бэрхээл инфляц. Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр нэмнэ гэж тооцож байгаа ч инфляцын дарамт өндөр байна. Монголбанк инфляцыг нэг оронтой тоонд тогвортой барих бодлого барьж байгаа ч урт хугацаанд өндөр инфляцын дарамт үргэлжлэхээр л байна. Тэгэхээр Монголын Засгийн газрын өр, инфялц өндөр байгаа нь ирэх жилүүдийн гол бэрхшээл болно."
Дэлхийн банк:
Эдийн засаг 6.2 хувиар өсөх төлөвтэй
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг Дэлхийн банкны тайланд дурджээ.
Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагас жил уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурлан эрчимтэй өссөн бөгөөд урьдчилсан үзүүлэлтүүдээс харахад оны сүүлийн хагаст өсөлтийн чиг хандлага хэвээр байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт жигд бус байгаа аж. Уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаа нь эдийн засаг уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай болж, уг салбарын мөчлөгийн хэлбэлзэлд улам өртөмтгий болсныг харуулж буй.
Тайланд дурдсанаар, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар зургаан хувийг давах төлөвтэй байгаа юм. Үүнд Оюу толгойн олборлолт 2025 он гэхэд 2023 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлж буй. Гэвч эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд бий. Мөн дотоодод төсөв улам тэлэх, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ өсөх зэрэг хүчин зүйлүүд инфляцын дарамтыг бий болгож болзошгүй гэж үзжээ.

"Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч байна. Энэхүү эерэг нөхцөл байдлыг цаашдаа тогтвортой хадгалахад эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал юм."
Монголбанк:
Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өөрчлөгдөх эрсдэлтэй
2024 оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж Монголбанкнаас үзэж байна.

"Монгол Улсын эдийн засаг цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулж байгаа. Цаашид гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал буурахгүй, гэнэт хэлбэлзэх төлөвтэй байгаа ч Төв банкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, 6 буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр тусгасан."
Энэ оны эдийн засгийн өсөлтийг зургаа орчим хувьд байх төсөөллийг нүүрсний экспорт зорилтод түвшинд байх, гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэхтэй холбон авч үзсэн. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт сэргэх, уул уурхайн салбар, төсөв тэлсэн дам нөлөөгөөр бусад салбарын өсөлт эрчимжихээр байгаа аж. Гэвч хөдөө аж ахуйн салбар цаг агаарын төлөвөөс шууд хамааралтай. Түүнчлэн, манай улсын гадаад эрэлтийг голлон тодорхойлогч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өөрчлөлт, геополитикийн нөхцөл байдал, төсвийн төлөв зэрэг гадаад, дотоод орчны өөрчлөлтөөс эдийн засгийн өсөлтийн суурь төсөөлөл өөрчлөгдөх эрсдэлтэй.
Сангийн яам:
Эдийн засагт сэргэж, төсвийн орлого нэмэгдэнэ
2024 онд эдийн засагт тодорхой сэргэлт гарч, төсвийн орлого нэмэгдэнэ гэж Сангийн яам, тооцоод байгаа юм. Иймээс ч эдийн засгийн өсөлт 7 орчим хувь байна гэсэн өөдрөг тооцоог гаргаад буй.

"Эдийн засгийг тогтворжуулах хүрээнд 2022-2023 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хадгална. Улмаар 2024 онд макро тогтвортой орчныг дэмжсэн төсөв, мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улсын зээлжих зэрэглэлийг ахиулахыг зорьж байгаа. Төсвийн бодлогын хүрээнд төсвийн алдагдлыг ДНБий 2.8 хувьд хязгаарлаж, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангана. Түүнчлэн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлснээр 2024 онд төсөв, мөнгөний бодлогын уялдаа хангагдана. Монголбанк гадаад валютын ханшийг зах зээлийн зарчмаар уян хатан тогтох нөхцөлийг бүрдүүлнэ. Дотоодын санхүүгийн зах зээлд гадаадын банк, хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх замаар салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нь зүйтэй."
Эдийн засагчдын байр суурь

"УИХ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сард улсын төсвийг хэлэлцээд ирэх 2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд, төсвийн зарлагыг 27.3 их наяд, төсвийн алдагдлыг 2.0 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ онд болох УИХ-ын ээлжит сонгуулийг угтаж улсын төсвийн зарлагыг 22.3 хувиар, үүний дотор цалин хөлсний зарлагыг 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ийн цалин тэтгэврийг 2023 онд нэмэгдүүлсний зэрэгцээ ирэх хавар дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Нөгөө талаар импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, нийлүүлэлт доголдох, дотоодын махны нийлүүлэлтээс хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх зэргээс шалтгаалж 2024 оны гуравдугаар улирал гэхэд инфляц хоёр оронтой тоонд хүрч болзошгүй. Түүнчлэн 2024 онд гадаад эдийн засгийн орчин нөхцөл төдийлөн тааламжтай бус, геополитикийн нөхцөл байдал ч сайжрахгүй байх төлөвтэй байгаа. Иймд хэт өөдрөг төсөөллөөс татгалзаж, төсвийн хөрөнгийн дэд бүтцийн үр ашигтай томоохон төслийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарах зайлшгүй шаардлагатай."

"Хэрэв манай улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортолж, мал аж ахуйн салбарт зуд тохиохгүй бол эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 6 хувиас багагүй байх төсөөлөл бий. Энэ өсөлтөд уул уурхайн болон уул уурхайн бус салбар бараг тэнцүү хувь нэмэр оруулах боломжтой. Манай эдийн засгийн хувьд энэ хэмжээний өсөлт бол “хэт халалт”-нд хүргэхгүйгээр нэг хүнд ногдох орлогоо тэлэх боломжит түвшин. Энэ өсөлт экспортоос гадна, төсвийн тэлэлтийг дагасан эцсийн хэрэглээ, хөрөнгө оруулалтад эергээр нөлөөлөх хүлээлт бий. Төсвийн тэлэлтээр цалин, тэтгэвэр өсөж, улмаар тэдгээрийн барьцаалдаг хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хүрч, хэрэглээний импортын өсөлтийг хурдасгах чиглэлд нөлөөлж эхлээд байна. Энэ нь төлбөрийн тэнцэл, өсөлтөд сөргөөр нөлөөлөхөд хүрнэ. Эдийн засгийн нийлүүлэлт талдаа төмөр замуудын хилийн холболт, цахилгааны шинэ эх үүсвэрийн станцууд, өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах аялал жуулчлалын үйлчилгээний салбаруудыг дэмжих, хүнсний хувьслын үр дүнтэй байдлыг сайжруулах зэрэгт анхаарах шаардлага бий. Ногдол ашиг тараах, импортын татвар ногдуулах, нэмэгдүүлэх зэрэг гэнэтийн өөрчлөлт нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. Иймд ирэх оны хувьд нүүрсний экспортын биет хэмжээний зорилтыг хангах, хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авах, инфляц зорилтот түвшиндээ тогтворжих нь баттай болох хүртэл мөнгөний бодлогыг яаран сулруулахгүй байх зэрэгт анхаарах ёстой гэж үзэж байна."

"Энэ онд эдийн засгийн өсөлт өндөр хэвээр хадгалагдана. Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор инфляцын түвшин 2024 онд товлосноос илүү өндөр гарах эрсдэлтэй. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа. Түүнчлэн 2024 он сонгуулийн жил болж байгаатай холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил илүү бодитой өрнөн гэж харж байна. Учир нь 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт хийлгүй дандаа хуучин буюу өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл ,хөтөлбөрөө үргэлжлүүлэх зорилго тавьсан. Харин энэ жил бол шинээр маш олон төсөл хөтөлбөрийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Энэ нь эргээгээд эдийн засгаа тэтгэх таатай нөхцөл болно. Түүнчлэн манай улсын хувьд гадаад нөхцөл байдал болох эрчим хүчний эрсдэл өндөр байна. Мөн инфляц зорьсон түвшнээсээ өндөр гарах нь эрсдэл болно гэж харж буй. 2024 оны нэг том давуу тал нь өмнөх онд тулгарч байсан томоохон өрийн эргэн төлөлтийг амжилттайгаар давж гарсан. Иймд энэ онд өрийн дарамт бага байна гэдэг нь нэг том давуу тал юм".
Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд геополитикийн эрсдэл, улс орнуудын талцал хуваагдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Үүний улмаас эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилнэ гэдгийг ОУВС, Дэлхийн банкны шинжээчид болон эдийн засагч нар тодотгож буй. Ерөнхийдөө олон улсын байгууллагаас гаргаж буй Монголын 2024 оны эдийн засгийн төсөөллийн таамгууд хоорондоо нэлээд зөрүүтэй байгаа юм.
Харин шинжээчид 2024 онд гадаад эдийн засгийн орчин нөхцөл төдийлөн тааламжтай бус байна гэж дүгнэж буй. Олон улс дахь геополитикийн нөхцөл байдал сайжрахгүй байх төлөвтэй тул хэт өөдрөг төсөөллөөс татгалзаж, төсвийн хөрөнгийн дэд бүтцийн үр ашигтай томоохон төслийг хэрэгжүүлэхэд түлхүү чиглүүлэх шаардлагатайг тэд дурдсан юм. Түүнчлэн инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах нь нэн түрүүнд тулгамдсан асуудал болж байгааг олон улсын байгууллага болон салбарынхан үзэж байна.