“Монголчууд номыг торгоор баринтаглаж, бурхныхаа дээр залдаг” хэмээн нэрт зохиолч Тангадын Галсан хэлсэн байдаг.
Ингэж дээдлэх учиртай үнэт, ховор ном товхимлоо хадгалдаг Үндэсний төв номын сан төрийн хайхрамж, орчин үеийн соёлын хэв маягаас гээгдээд цөөнгүй жилийг элээж байна. Уг нь хөгжлийн хурдасгуур болж цаг үетэйгээ зэрэгцэх ёстой салбар бол тухайн улс орны Үндэсний номын сан байдаг. Гэтэл манай Үндэсний номын сан иргэдэд орчин үеийн, соёлт үйлчилгээ үзүүлэх нь бүү хэл өв дурсгалаа хадгалж, хураах ч боломжгүй нөхцөлд хүрээд буй.
Төв номын санг 1951 онд 500 мянган номын даацтай байхаар тооцоолж, ашиглалтад оруулж байжээ. Гэтэл өдгөө гурван сая орчим номтой болж өргөжиж, барилгын даац хэтрээд буй. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Иймд 2022 онд соёлын дурсгалт барилга байгууламжийг хадгалж, хамгаалах, сэргээн засварлах үүднээс хуучин номын сангийн барилгыг хүчитгэл хийх засварын зураг төслийг баталсан. Гэвч өнөө хэр нь төв номын сангийн барилгад будаг, шохой хүргээгүй хэвээр л...
Номын сангийн даац хэтэрч, “өвгөрсөн” гэдэгтэй үе, үеийн төрийн удирдлагууд санал нэгдэж, шинэ барилга барих тухай асуудлыг хэлэлцсээр ирсэн.
Улмаар 2014 оноос барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэвч барилга ашиглалтад оролгүй ес дэх жилтэйгээ золгож буй. Соёлын яамны сүүлд өгсөн мэдээллээр шинэ номын санг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулах аж. Гэхдээ 10 орчим жил дамнаж хойшилсон барилга товлосон хугацаандаа ашиглалтад орох нь эргэлзээтэй. Мөн шинэ барилга чанарын шаардлага хангаж, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн бүтээн байгуулалт болж чадах эсэх нь ч тодорхойгүй болохыг салбарынхан шүүмжилдэг.
Ойгоо алдахгүй одоогоо сүйтгэхгүй
Дэлхийн улс орон бүрд тухайн улсын түүхэн цаг үеийг харуулсан дурсгалт газар, барилга байгууламж бий. Түүнийгээ тэр хэвээр нь сэргээн засварлаж хадгалсаар ирсэн. Мэдээж түүхэн цаг үед баригдаж байсан барилгыг тэр чигт нь хадгалж үлдээнэ гэдэг чамгүй их туршлага, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Гэсэн хэдий ч соёлын өв болсон дурсгалт газрууд нь тухайн улс орны үнэлж барамгүй үнэт хөрөнгө нь болдгоороо онцлог. Яг үүний адилаар төв номын санг шинэ байр руу нүүлгэн шилжүүлсэн ч хуучин барилгыг нь энэ чигээр авч үлдэх нь чухал. Учир нь Үндэсний номын сан бол Улаанбаатар хотын түүхэн ой санамж нь болох дурсгалт барилгуудын нэг.
Монгол Улсын зөвлөх архитектур, доктор 3.Оюунбилэгт
"Үндэсний номын сан бол зургаан давхар барилгын даацаар ажиллаж байна. Уг барилгын тааз 4.60 метрийн өндөртэй гэтэл үүнийг голоор нь тааз, шал хийгээд хоёр давхар номын тавиур, уншлагын заал хийж ажиллаж байгаа учраас даац хэтрэх нь тодорхой. Тохирох хэмжээний хүчин чадлаар ажиллуулаад, өргөтгөл барьж эсвэл шинэ газар XXI зуунд тохирсон, шаардлага хангасан, техник технологитой барилга дахин барих хэрэгтэй. Хуучин байрандаа үнэт бичвэр, ном хэвлэлээ үлдээх хэрэгтэй. Тэнд хадгалж байх нь зүй ёсны хэрэг юм."
1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд Бага хурлын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 номтой байгуулагдсан бөгөөд 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаас Улсын номын сан болгосон юм. 1951 онд одоогийн гурван давхар барилга ашиглалтад орсон бөгөөд уг байшинд 500 мянга орчим номтой үйлчилгээ явуулж эхэлсэн түүхтэй. Тус номын сан нь цуглуулсан хэвлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээрээ хамгийн том номын сан төдийгүй монгол үндэстний болон Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, ховор нандин гар бичмэл, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг цуглуулан хадгалснаараа гадаадын эрдэмтэд, монгол судлаачдын сонирхлыг татсан мэдээлэл судалгааны гол төв.
Шинэ барилга ашиглалтад орсон ч үнэт ховор цуглуулгыг эвдэж гэмтээлгүй нүүлгэн шилжүүлэх боломж нь тун бага. Иймээс хуучин номын сангийн төв байрыг монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижитал төв хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байгаа аж. Гэхдээ сэргээн засварлаж хүчитгэл хийж соёлын өвөө ариг гамтайгаар хадгалах таатай нөхцөлийг бий болгох нь чухал байна. Гэтэл одоо шинэ байрны сургаар хуучнаа үл тоож сэргээн засварлах ажлыг хойшлуулж байгаа нь дотор гадна оршиж байгаа соёлын үнэт өвийг эрсдэлд оруулж байгаатай агаар нэг асуудал.

"Хосгүй үнэт өвөө нүүдэл замын хөлд үрчихгүйн тулд энд нь үлдээж, эрдэмтэн судлаачдад эх сурвалждаа ойртох боломж нээж өгнө. Үндэсний номын сангийн хуучин барилгадаа хуучин судар ном, үнэт ховор номын музейгээ үлдээж, Эрдэм шинжилгээ, судалгаа, Сурвалж бичиг судлал, Сэргээн засварлалтын төв байгуулах саналтай явдаг. Энэ бол ганц миний ч мөрөөдөл биш, эх үндэс, язгуур соёлоо дээдлэгч хүн бүхний хүсэл."
Шинэ үеийн номын сан ба хөгжил
Өмнө нь номын сангийн үнэлэмж өөрсдийн гэсэн үнэт ховор номын катологи, архитектурын өвөрмөц барилгын хийц, загвараараа өрсөлдөн, чацархдаг байсан бол өдгөө энэ хандлага өөрчлөгджээ.
Дэлхийн жишгээс харахад, орчин цагт олон нийтэд үйлчилдэг төв номын сан нь дотоод болон гадна талбайдаа ихээхэн анхаарал хандуулах болжээ. Учир нь эдгээр хүчин зүйлс нь уншигч, үйлчлүүлэгчийн хувьд анхаарал төвлөрөх, суралцах зэрэгт таатай орчныг бүрдүүлж өгдөг байна. Түүнчлэн орчин цагийн шинэлэг шийдэл болох хиймэл оюун ухааныг ашиглаж номын сангийн катологийг илүү хүн бүрд хүртээмжтэй болгож буй. Ийм шийдлүүдийг уламжлал болсон номын сантай зэрэгцэн хослуулж чадсанаараа номын сангийн үнэ цэнэ, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлж чадаж буй.
Жишээ нь Англи, Ирланд зэрэг улсууд хэвлэгдсэн ном бүрийн хуулбарыг олон орны хэлээр, хэвлэмэл болон дижитал хувилбарт хөврүүлж архивдаа хадгалдаг. Мөн БНХАУ-ын номын сан жилийн бүх л өдөр иргэдэд нээлттэй байдаг бөгөөд 24 цагаар ажилладаг. Мөн хиймэл оюун ухааныг ашиглаж хүн бүрд хүртээмжтэй үйлчилгээг хүргэдэг гээд олон давуу талыг бий болгож чаджээ. Түүнчлэн номын сангаас үнэт ховор номыг цахим хэлбэрээр уншиж танилцах гээд судалгаа шинжилгээний ажлыг хийх ухаалаг шийдлүүдийг тусгаж өгчээ.
Ийнхүү улс орон болгон өөрсдийн үүх түүхийг хадгалж байгаа номын санг арчлан тордож үүнийхээ сацуу орчин үеийн шинэлэг шийдлийг тусгаж байна. Улмаар хүн бүрд хүртээмжтэй байдлыг бий болгож, үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж аялал жуулчлалын гол маршрут болгож хөгжүүлэх болжээ. Харин бид шинэ барилгатайгаа арван жил “ноцолдож”, хуучнаа хэзээ мөдгүй нурахыг хүлээгээд сууцгааж байна.