УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, хуулийн өөрчлөлтийн талаар СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Сонгуулийн жил эхэлж, намын гишүүдийн дунд жагсаалт, мандатын төлөөх өрсөлдөөн ид өрнөж байна. Хуулиараа сонгуульд оролцох нам эвсэл, нэр дэвшигчид хэзээ тодрох вэ?
-Сонгуульд оролцох нам, эвсэл дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд ирүүлнэ. Харин нэр дэвшүүлэх үйл ажиллагааг тавдугаар сарын 14-20-нд явуулахаар хуульчилсан. Улмаар СЕХ жагсаалт болон тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийг зургаадугаар сарын 10-нд олон нийтэд зарлаж, үнэмлэх гардуулна.
-Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлдэг. Сурталчилгаа хэд хоног үргэлжлэх вэ?
Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас буюу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсан өдрөөс эхэлнэ. Сурталчилгааг зургаадугаар сарын 26-ныг дуустал явуулна. Санал авах өдрийн өмнөх өдөр буюу 27-нд ямар ч сурталчилгаа явуулахгүй. Ингэснээр нэр дэвшигчид нийт 17 хоног сурталчилгаа явуулна гэсэн үг.
-Хууль бус сурталчилгаа явуулах, мөнгө тараах зэрэг зөрчил нэлээд гардаг. Зөрчлийг хэрхэн хянан шийдвэрлэх вэ?
-Зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий есөн байгууллага бий. Тухайлбал, тагнуул, цагдаа, татвар, ШӨХТГ, улсын бүртгэлийн байгууллага, харилцаа холбоо, эрүүгийн хэргийн шүүх зэрэг байгууллага тус бүр өөрт харьяалах хэргийг хянан шийдвэрлэнэ.
-Сонгуулийн жил эхэлснээр сонгогчийг татах аливаа сурталчилгаа, үг, үйлдэл зургаадугаар сарын 10-ныг хүртэл хориотой болж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, тайлангаа танилцуулах боломжтой юу?
-УИХ-ын гишүүдийн бүрэн эрх нь хэрэгжиж байгаа учраас тайлангаа тавих үүрэгтэй. Тиймээс тайлангаа танилцуулж, хэвлэж тарааж болно. Уулзалт хийж болно. Харин тайланг дагалдуулж эд зүйл тарааж болохгүй. Мөн тайлан тавих үүрэгтэй төрийн албан хаагчдад ч энэ хамааралтай. Тайлан тавьж болно. Гэхдээ эд зүйл л тарааж болохгүй. Ер нь сонгогчдын саналыг татах зорилготой найман үйлдлийг хориглосон байгаа.
-Тодруулбал?
-Мөнгө эд зүйл тараах, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүй болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, мэдээлэл нийтлэх, зохион байгуулахыг хориглоно. Хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, төсөвт тусгаагүй нийгмийн халамжийн амлалт, өгөх хөтөлбөр хэрэгжүүлэх, нийтийн хамарсан тэмцээн уралдаан, дайллага цайллага хийх, гадаад дотоодод аялуулахыг хориглоно.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах хуулийн тодорхой зохицуулалт бий. Харин хувь хүний цахим хаягаар сурталчилгаа явуулж болох уу?
-Хувь хүн нэр дэвшигчийн тухай өөрийн үзэл бодлоо хэлэх, бусдыг уриалах, сурталчилгаа явуулах нь тус тусдаа асуудал. Хувь хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж болно. Харин хэн нэгнийг дэмжээрэй гэж бусдыг уриалж, сурталчилгаа явуулж болохгүй. Хуульд нэр дэвшигч өөрөө, шадар туслах, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг таван хүн л Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн цахим хаягаараа сурталчилгаа явуулахыг зөвшөөрнө. Хэрвээ зөвшөөрөлгүй хаягаар сурталчилгаа явуулбал хаягийг хязгаарлах арга хэмжээ авах тухай хуульд тодорхой заасан.
-Сонгуулийн санал тоолох системийг шинэчилнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнгөрсөн оны төсвийн тодотголоор сонгууль зохион байгуулах төсвийг шийдвэрлэсэн. Үүний дагуу худалдан авах ажиллагааг хийж дууссан. Санал тоолох шинэ төхөөрөмж аваагүй. Харин одоо ашиглаж байгаа төхөөрөмжөө л нэмж авсан. 2012 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд зарим тоног төхөөрөмж элэгдэл хорогдолд орж, акталсан. Мөн сонгогчийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор хэсгийн хороодын тоо нэмэгдэж байгаа. Тиймээс санал тоолох төхөөрөмж нэмэх шаардлага үүсэж байгаа юм.
-Сонгууль зохион байгуулах зардлыг хэдэн төгрөгөөр төсөвлөсөн бэ?
-УИХ-ын сонгуулийг 32 тэрбум төгрөгөөр зохион байгуулах төсөв баталсан. Өмнөх төсвөөс нэмэгдсэн ч бидний санал оруулснаас бууруулсан. СЕХ 38 тэрбум орчим тэрбум төгрөгөөр сонгууль зохион байгуулах төсөл оруулсан. Гэвч төсвийг бууруулж, 32 тэрбум төгрөгөөр тогтоосон. Одоо төсвөө дотооддоо тодотгол хийж, зарцуулалт хийнэ. Биднийг тооцоо гаргаснаас хойш цалингийн доод хэмжээ нэмэгдсэн. Саналын хуудасны өртөг нэмэгдсэн. Энэ мэт зардал нэмэгдсэн учраас зарцуулалтад өөрчлөлт оруулахаас аргагүй байна.
-Хүчинтэй саналын хуудсыг хэрхэн тоолох вэ. Есөн мандаттай тойрогт найман хүний нэр дугуйлбал хүчингүй саналд тооцогдох уу?
-Мандатын тоотой тэнцүү хүн дугуйлна. Есөн мандаттай бол есөн л хүн дугуйлна. Найман хүн дугуйлбал хүчингүй саналын хуудас болно. Мөн аль нэг нам, эвслийг дугуйлна. Ингэснээр таны санал хүчинтэй болно. Хүчингүй саналын хуудсыг санал тоолох машин уншихгүй. Тэгэхээр автоматжуулсан машинаас хүчинтэй саналын хуудас л гарна гэсэн үг. Харин цагаан сонголтыг бол автоматжуулсан машин уншина.
-Санал тооллогын талаар нэлээд гомдол гардаг. Энэ жил автоматжуулсан системээс гадна гараар 100 хувь тоолно гэсэн үү?
-Тийм. Энэ жил хяналтын тооллогыг 100 хувь хийнэ. Өмнө нь сонгуулийн хэсгийн хороодын 50 хувьд нь түүврийн аргаар хяналтын тооллого хийдэг байсан. Энэ жил хуульд өөрчлөлт оруулж, 100 хувь гараар тоолохоор болсон. Ингэхдээ хяналтын тооллогод иргэд олон нийт оролцох боломжтой.
-Гадаадад байгаа сонгогчдын саналыг дөрвөн хоногийн хугацаанд авна гэсэн. Зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Дипломат төлөөлөгчийн газруудаар гадаадад байгаа иргэдийн саналыг авна. Зургаадугаар сарын 20-23-нд нийт дөрвөн өдөр гадаадад байгаа иргэдээс санал авахаар болсон. Энэ удаа 49, 50 орчим байршилд иргэдээс санал авах тооцоо гараад байна.
-Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс хязгаарлах вэ?
-Сонгуулийн жил бүр хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг байсан. Иргэд хүүхдүүд сургууль, цэцэрлэг, бусад асуудлаар ажил хөөцөлдөхөд хүндрэлтэй байгаа талаар гомдол санал их ирүүлдэг. Тиймээс энэ жил хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-нөөс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, зургаадугаар сарын 29-нөөс нээнэ.
-Өөрийн хаяг дээр танихгүй хүний бүртгэл байгаа тухай маргаан маш их гардаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Сонгуульд оролцох эрх бүхий Монгол Улсын нийт иргэний бүртгэл буюу сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс улсын бүртгэлийн байгууллагын цахим санд нийтэлнэ. Тиймээс иргэд өөрийнх нь хаяг дээр байгаа бусад хүний мэдээллийг шалгах боломжтой болно. Хаяг дээр нь танихгүй хүн байна гэсэн маргаан их гардаг учир сонгуулиас өмнө эрт шалгах боломжийг иргэдэд олгож байгаа гэсэн үг. Сонгогчид бүртгэлтэй танилцаж, баталгаажуулна. Үүний зэрэгцээ өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй нийт сонгуулийн насны иргэдийн бүртгэлийг ч хянах боломжтой.