Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгуулийн хуудас бичигдсэн бол хуулийн хугацаа буюу 15 хоног дотроо төлбөл 50%-ийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт үйлчилж эхэлсэн. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалттай. Өмнөх оны торгуулиуд энэхүү хөнгөлөлтөд хамаарахгүй. Иргэн 20,000 төгрөгийн торгуультай байлаа гэхэд 15 хоногийн хугацаандаа төлөх гэж байгаа бол smartcar.mn дээр төлөх дүн 50% хөнгөлөгдөж, 10,000 төгрөг гэж гарч ирснийг л төлнө. Өөрөөр хэлбэл, зөрчлийн торгуулиа хугацаандаа төлөхдөө шууд хөнгөлөлтөө эдлэхээр программчлагдах юм. Түүнээс биш 50%-ийн хөнгөлөлтийг буцааж олгох төвөгтэй асуудал байхгүй. Өнөөдөр орой 00:00 цагаас smartcar.mn сайтад уг өөрчлөлт орно. Харин 16 дахь хоногоос торгуулийн дүн хөнгөлөлтгүй буюу 20,000 төгрөг болно" гэв.