Юуны өмнө, энэ бол монгол хүний тухай бичвэр юм. Бахархал, үнэт зүйл, бодит байдал, эрсдэлд тэсвэртэй эсэх тухай.
Монголчууд эрсдэл даах үндэстэн мөн үү. Залуус нь гадаадад гарах хүсэлтэй, дийлэнх нь ямар нэг байдлаар төрөөс, төсвөөс хараат амьдардаг, нийтээрээ цаг баримталдаггүй, хэлсэн ярьсандаа хүрдэггүй, ажил хэрэгч бус. Үндэсний бахархал нь эх орон, түүх, өв соёл ч монголчууд ийм хүмүүс гээд гайхуулчих үнэт зүйлийг бий болгож чадаагүй нь эрсдэл даах үндэстэн болж төлөвшөөгүйг харуулж байна.
ТЭД
Эрсдэл гэхээр монгол хүнд байгалийн эрсдэл хамгийн түрүүнд санаанд орно. Гэхдээ байгалийн нөлөөт эрсдэлд бид хариуцлагатай, бэлтгэлтэй хүмүүс биш гэдгийг олон удаагийн үер, цас, зуд харуулсан. Эрсдэлд тэсвэртэй үндэстэн гэж ойлголт байна. Томоор харвал нийтээрээ эрсдэл даах чадвартай болж байж ирээдүйн хөгжлийн суурь бий болно. Тэр нь тухайн үндэстний үнэт зүйл болно. Герман чанар, япончуудын хариуцлага, солонгосуудын хүндэтгэх ёс, Норвегийн баялгийн сан, Сингапурын хөгжлийн загвар. Дэлхийд өөр өөрийнхөөрөө танигдаж, үлгэрлэж байгаа бүхэн өөрийн гэсэн суурьтай. Тэр нь тухайн үндэстний нийтлэг эрсдэл даах чадварын илэрхийлэл. Харин бид эрсдэл даах үндэстэн мөн үү, бидний нийтлэг үнэт зүйл юу вэ, тэр нь бодитой хөгжлийн түлхэц болохуйц бат бэх үү. Эхлээд Японы Мэйжи их сургуулийн хууль зүйн магистр Б.Мөнх-Эрдэнээс япончуудын хариуцлагатай байдал үндэстнээ хэрхэн хүчирхэгжүүлснийг Монголтой харьцуулан лавлалаа.
"Нийгмээрээ хариуцлагагүй, ёс зүйгүй, нэгнээ хүндэлдэггүй гээд бид шүүмжлэгддэг. Олонх ямар байна түүнийг дагаад нийгэм тийм л байна. Гэтэл бид тийм хүмүүс байгаагүй. 1920-иод онд Монголд судалгаа хийж явсан эрдэмтэд монголчууд бол хариуцлагатай хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрнээс өмнө бүр ч хариуцлагатай байсан болоод дэлхийд байлдан дагуулсан байх. Япончуудын хувьд 1868 онд Мейжигийн эрин үе эхлэхээс өмнө дэлхий даяар хамгийн хоцрогдсон, бүдүүлэг, найдваргүй гэсэн имижтэй байсан. Түүнээс хойш 145 жилийн дотор өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөхөд Бушидо ёс нь маш их нөлөөлсөн. Япон хүн ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой, нэгнээ хүндлэх ёстой гэсэн хандлага ёс болон төлөвшсөн. Хүнийг хүндлэх гэдгийн цаана маш их хэрэгцээ хангагдаж байдаг. Манайхан бол хүний доор орохгүй л гэдэг. Гэтэл хүний дор орж болно шүү дээ. Тэрийг ойлгочихсон хүмүүс. Жишээ нь, дэлгүүрт ороход л хангалттай хүндлэл авчихаж байгаа болохоор гэртээ хариад, ажил дээрээ очоод бусдад стрессээ гаргахгүй болно. Тэгэхээр хүндлүүлэх хэрэгцээний ард нийгмийн асар олон нөлөөлөл явж байгаа. Үүнд япончуудын нууц, хөгжлийн нууц бий. Маш жижиг юмнаас шалтгаалан дараа дараагийн үр нөлөө бий болдог. Монгол хүн бүр хариуцлагатай л болох ёстой."
Бид
Монгол хүний үнэт зүйл бол эх орон, түүх, өв соёл. Гэхдээ шинэ үеийнхний үнэт зүйл өөрчлөгдөж байна. Олонх залуус гадагшаа явахыг хүсдэг. Гарсан зарим нь давхар иргэншилтэй болоод хууль ёсоор гадаадад амьдрахыг бодно. Өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, тогтворгүй олон хүчин зүйл хамаг чадалтай, идэвхтэй хэсгийг гадагш урсгасаар. Ахиад ч олон мянган хүн явахыг мөрөөдөж байгаа. Хориодхон жилийн өмнө “Нүүх үү, үлдэх үү?” гэсэн улс төрийн лекц нийгэмд шуугиан тарьж байв. Харин хорин жилийн дараа ч залуу үе ийм сонголттой нүүр тулж байх шиг. Залуус эх орноо энэ чигээр нь орхиод нисэх үү, эсвэл өөд нь татах уу гэсэн сонголтын өмнө нэгэнт иржээ. Мэдээж Монгол Улсад төрийн зохицуулалтын, эдийн засгийн, хүний хөгжлийн, ажлын байр, хөдөлмөрийн үнэлэмж, эрүүл аюулгүй орчин хангалтгүй. Энэ бэрхшээлийг давах улс төрийн манлайлал, түүнд итгэх иргэдийн итгэл багассанаар хүмүүс түүнийг цаг зуурын эрсдэл гэж харах аргагүй болж залуус явж байна. Монголын “тархи гоожиж” байгаа энэ үйл явц бас л нийтээрээ эрсдэл даах сэтгэл зүй түүнийг бүрдүүлэх орчин, итгэл байхгүй болсныг харуулж байна.
Халамжийн гай
Улс үндэстний эрсдэл даах чадварын том илрэл нь бизнесийн орчин. Томоохон корпорациуд хөл дээрээ бат зогсож, жижиг дунд аж ахуйн нэгж, бизнесүүд цэцэглэж, нийтээрээ орлоготой татварын бааз суурь тэлж, төлсөн татварын хөрөнгө оруулалтын үр шимийг нийтээрээ хүртэх. Энэ тохиолдолд тухайн орны хүн амын хэдэн хувийн амьдрал нь төрөөс, төсвөөс хараат вэ гэдгийг авч үздэг. Энд Америкийг жишээ болгон “Ардчилал: хуурамч бурхан” номын зохиогч доктор Ханс-Херманн Хоппе бичихдээ “Одоогийн байдлаар АНУ-ын нийт хүн ам 320 сая. 22 сая хүн төрөөс ажлын байраар хангагдаж, 46 сая хүн “хүнсний талон” авч, нийгмийн хамгааллын хөтөлбөрөөр найман сая хүн, “ажилгүйдлийн тэтгэмж”-ээр бас л найман сая хүн бэлэн мөнгө авч буй. Энэ мэтээр 181 сая хүний амьжиргаа төрөөс хараат. Нийт хүн амын ердөө 25 хувь нь л санхүүгийн хувьд төрөөс хараат бус амьдардаг” гэж шүүмжилжээ.
Харин энэ үзүүлэлтийг дүгнэж нийтлэлч Баабар “Энэ байдал социализм байгуулж байгаа чөлөөт Европт бүр аймаар” гэсэн байна. Харин Монголд жил бүр данхайж байгаа яамдын тоо төрийн томрол, нэмэгдэж байгаа төрийн албан хаагчид, төсвөөс санхүүждэг төслүүд, төсвөөс татаас авагч дэмжлэгээр амьдрагсад төрийн дэмжлэгтэй бизнес үйлчилгээг тоолвол төрөөс хараат байдал маш өндөр юм. Нөгөө талд нь баялгийн эзэн нь төр болж хамаг капиталыг хамж суучихаад иргэддээ хөгжих боломж олгохгүй байгааг ухралт гэж зарим нь харж байна.
"Төрийн компаниудын хөрөнгө хэд дахин өссөн. 2016 онд 15 их наяд байсан төрийн компаниудын хөрөнгө одоо 50 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр хувийн компаниуд руу явах байсан хөрөнгийг төр авчихсан гэсэн үг. Хувийн хэвшил хүртэх боломжтой капиталыг төр өр зээл тавих замаар, бонд гаргах замаар, мөнгө хэвлэх замаар гээд есөн шидийн аргаар өөр дээрээ төвлөрүүлчихсэн. Эдийн засгийг ч өөр дээрээ төвлөрүүлж байна. Тэгэхээр энэ бол Монгол Улс буцаад солиализм руугаа явж байна уу гэж бодохоор байгаа юм."
Үнэт зүйл
Бид их хоосон цээж дэлдсэн, дэлхий дүүрэн бахархсан бахадсан хүмүүс. Даанч бахархал маань хөгжил болсонгүй.
Одоо энэ бахархал дээрээ нэмээд ажил хэрэгч, хариуцлагатай байдлаа сайжруулахгүйгээр “явахгүй ээ”. Үнэт зүйлээ бодитой болгоё. Эрсдэл даах чадвартай, тэр нь нийтлэг үнэт зүйл болоход хүний хөгжил чухал нөлөөтэй. Мэдээж эрдэм боловсрол, соёл хандлага чухал. Үүн дээр үндэсний бахархал үнэт зүйл нь хэр хүчтэй вэ гэдэг нь чухал. Нэг талаас нь харвал үе солигдож байгаа энэ үед дундаас дээш насныханд үндэсний бахархал их. Харин шинэ үед энэ нь сул ч шинэ мэдлэг боловсрол, харилцаа, хандлага бий. Нөгөө талаас нь харвал, монголчуудын хувьд бахархал үнэт зүйл бий ч итгэл даах чадвар, цаг баримтлах, ажил хэрэгч байдал, хэлсэндээ хүрдэг эсэх гээд эрсдэл даах үндэстэнд тавигдах эхний шаардлагууд маш сул. Саяхан болсон Эрсдэлийн форумд Эрсдэлд тэсвэртэй үндэстэнг бүтээх нь сэдэвт илтгэлийг судлаач О.Гомбожав танилцуулсан. Тэрээр эрсдэлд тэсвэртэй нийгэм гэж өрсөлдөх чадвартай, нийгмийн капитал бүрдсэн байдлыг хэлнэ гэж томъёолжээ. О.Гомбожавын судалгаанд хэд хэдэн чухал үзүүлэлтийг эш болгосон байна. Тухайлбал “Энэ улсын иргэн гэдгээрээ та хэр их бахархаж явдаг вэ” гэсэн судалгаанд Нигеричүүд хамгийн өндөр 70.2, Иран 66.2 хувь бол монголчууд 41.3 хувь. Харин Нидерланд, Герман, Япончууд манайхаас доогуур үзүүлэлттэй байгааг харвал бахархал гэдэг хөгжлийн үзүүлэлтэд тийм том нөлөөтэй биш юм байна. Харин “Ер нь хүмүүст итгэл хүлээлгэхэд таны итгэлийг даах нь олон байх болох болов уу, хөсөрдүүлэх нь олон байх болов уу” гэсэн асуулгад эсрэгээрээ Герман, Нидерланд, Хятад, Япон Солонгосчууд өндөр хувьтай бол бахархлаар магнайлж явсан өнөө Иран, Монгол, Нигер улс бага хувьтай байна. Тэгэхээр хүний итгэл даах чанар хөгжилд нөлөөлдөг нь харагдана. Цаашилбал “Монголчууд ерөнхийдөө хэлсэндээ байж чаддаг хүмүүс үү гэсэн асуултад бүрэн санал нийлнэ” гэж зургаахан хувь нь хариулсан. Энд бидний хэлсэндээ байж чаддаг хүмүүс мөн үү гэсэн асуултын хариулт ерөнхийдөө 34 хувьтай л хэлсэндээ хүрдэг. Харин “Монголчууд цаг баримталдаг хүмүүс мөн үү” гэхэд дөрөвхөн хувь нь цаг баримталдаг гэсэн бол асуулгын дундаж 29-хөн хувьтай. Нийт монголчуудын гуравны нэг нь л цаг баримталдаг болж таарч байна. Бидний энэ байдлыг хөндлөнгөөс ажиглавал жишээ нь, Германд боловсрол эзэмшсэн доктор С.МолорЭрдэнэ бид өөрсдийгөө хэтэрхий дээгүүр үнэлдэгээс бодит байдлаас салсан социализмын үеэсээ ч ухарсан гэж дүгнэжээ.
"Жишээ нь социализмын үед нийгмийн өмчийг хайрлах, цаг барих, цэвэрч байх, хүнийг хүндэтгэх, дэг журамтай байх зан төлвийг үнэт зүйл болгож байсан. Гэтэл ардчиллаас хойш үүнийг “Муу муухай юм, хүнийг хайрцаглаж байна, дарж байна, дарамталж байна, засаглаж захиргаадаж байна” гээд хаячихсан. Бүх олж авсан үнэт зүйлээ устгачихсан. Харин одоо “Монгол Улс болж байгаа, бүтэж байгаа, сайхан байна. Дэлхийн ийм тийм уралдаанаас медаль авлаа, жүдогоор медаль авлаа, хүүхдүүд шатрын тэмцээнд түрүүллээ” гээд л байна. Энэ нь бидний булчин шөрмөсийг сулруулж унтуулаад тайвшруулчихсан. “Бид нар ер нь их сайхан ард түмэн байна, монгол хүн, монгол цус гэдэг шал өөр гээд л...”
Монгол хүн
Судалгаанаас харахад бид эрсдэлд тэсвэртэй үндэстэн биш. Байгалийн эрсдэлд бэлтгэлтэй байж даван туулах, улс үндэстний хувьд хөгжлийн гэрэлд тэмүүлсэн нийтлэг зорилго, Монголдоо хөгжиж амьдрах итгэл, төрийн хэт хараат байдал гээд том хүчин зүйлс бий. Харин хувь хүмүүсийн хувьд бахархал нь бодитой, хүний итгэлийг даадаг, хэлсэн ярьсандаа байдаг, цаг баримталдаг гээд үндсэн шалгууруудаар ч бид сулхан үзүүлэлттэй. Энэ бүгд эрсдэлд тэсвэртэй үндэстнийг бүрдүүлэхэд нөлөөлдөг байна. Одоо тэгээд хаанаас нь эхлэх вэ. Үндсэн хуульдаа бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гээд заасан. Харин энэ зорилгодоо хүрэхийн тулд монгол хүн ямар байх тухай, бидний нэгдмэл чанар үнэт зүйлийн тухай бага ярьдаг.
Монголоос эв нэгдэл хайхад хэцүү хоёр хүн байвал нийлээд гурав дахь нөхрийг муулна, гурав дахь нь ирэхээр талцаад хэрэлдэнэ.
Архидалт хэтийдсэн. “Монголоос л явж байвал болоо” гэсэн бодолтой залуус, эсвэл төрийн дэмжлэг хайр нэхсэн нийтлэг бүлэг олширч бурууг төр засаг руу чихнэ. Бодит байдал ийм. Төрийн баталсан хөгжлийн бодлого олон бий. Харин эрсдэл даах тэсвэртэй үндэстэн болохын тулд монгол хүн ямар байх тухай ярихгүй юм. Ядаж л цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, итгэл даадаг монгол хүнийг бий болгох тухай асуудал яримаар. Бид үргэлж ийм байгаагүй. Яагаад ийм болов.
Төгсгөлд нь 1911-1945 оныг хүртэл Монголд амьдарсан Норвегийн аялагч, судлаач Оскар Мамен монголчуудын тухай бичиж үлдээсэн дурсамжаас хуваалцъя.
"Монголчуудаас илүү нийт олноороо сайхан сэтгэлтэй ард түмнийг олох амаргүй. Тэд өдөр тутмын амьдрал, ажил үүрэгтээ нухацтай, шашин шүтлэгтээ гүн хүндэтгэлтэй. Монголчууд ганц нэгээрээ тэмцэх хийгээд нийт олноороо дайтахыг уриалсан алив ятгалгад үл автах боловч нэгэнтээ хөдөлбөл зогсооход бэрхтэй бөгөөд үр дагавар нь ямар мэт боловч тэмцэл тулаанд тэргүүнээ гудайлгалгүй орох чадалтай юм. Алив түмэн бэрхшээл, зовлон дунд дуулж наадаж яваа хүмүүс олонтоо тохиолдохоос биш гуниг гутралд автсан нь ховорхон болой. Монголчууд чухал хэрэгт хүлээцтэй хандаж цаг нь ирэхэд үг дуугүй хэргээ бүтээнэ. Тэд юутай ч нүүр тулахад бэлэн мохошгүй зоригтой авч эр зоригтоо эрдсэн мунхаг нэгэн бус, алив аюул тохиолдоход гагцхүү чадах бүхнээ уужуу тайвнаар дайчлахын зэрэгцээ хэр тааруухан хайр энхрийллээ ч үл мартана."
100 жилийн дараа эргэн харахад бид ямар хүмүүс байсан ямар хүмүүс болж байгаагаа эргэцүүлэхэд гэмгүй.
Зуун жилийн өмнө Монголд аялсан Дани, Норвеги, Швед, Герман, Америкийн судлаачид монголчуудыг эрэлхэг зоримог, эв нэгдэлтэй, энэрэнгүй тусч гэж бичсэн байдаг. Харин одоо хэлсэндээ хүрдэггүй, цаг барьдаггүй, итгэл даадаггүй ийм хүмүүс болж хувирсан гэж үү. Тэгэхээр эрсдэлд тэсвэртэй үндэстнийг бүтээхийн тулд улс орны хөгжлийн тууштай бодлого хэрэгтэй ч тэр улсын хүн нэг бүрийн хариуцлага чухал байна. Юуны өмнө нийтлэлч Б.Цэнддоогийн бичсэнээр ичгүүргүй байхаа зоригтой байна гэж боддог, хүнтэй таардаггүйгээ өөрийн бодолтой гэж боддог, хэрүүлч байхаа шударга байна гэж боддог, андуурагддаг чанаруудаа засахаас эхлэх нь зүйтэй.