
Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж, улстөрч бүхэн л өөр өөрсдийн тойргийн сонгогчдодоо хайр зарлан, ховор, чамин авьяасаа нээж, бусдаас илүү харагдан, оноо авч байвал юу ч хийсэн яах вэ гэж аяглаж байгаа нь сонгогчдыг жинхэнэ хөгжөөж басхүү алмайруулж байна. Лав сонгууль дуустал тэдний энэ солиорол үргэлжилж, урлаг, соёлынхныг түр ажилгүй болгох төлөвтэй.
Өдөр бүр биш юм аа гэхэд өнжөөд нэг удаа хэн нэг нь ийм сайхан, үнэгүй цирк, хошин шог, урлагийн тоглолт үзүүлж, сонгогч бидэнд гэнэтийн бэлэг бариад байхад мөнгө төлөн байж хамтлаг, дуучдын үзвэр үзэх гээд явж байдаг хэн байх вэ.
Өдөр бүр биш юм аа гэхэд өнжөөд нэг удаа хэн нэг нь ийм сайхан, үнэгүй цирк, хошин шог, урлагийн тоглолт үзүүлж, сонгогч бидэнд гэнэтийн бэлэг бариад байхад мөнгө төлөн байж хамтлаг, дуучдын үзвэр үзэх гээд явж байдаг хэн байх вэ.
Сонгуулийн санал хураах мөч дөхөх тусам тэдний энэ үйлдэл, гэнэтийн бэлэг улам эрчимжих нь мэдээж. Тэгэхээр сонгогчид бид энэ сард лав үзэх юм, ярих сонин ихтэй байх нь. Гэхдээ ихэнх улстөрч сонгууль дөхүүлээд ард түмэндээ гэнэт хайр зарлаж, нууц авьяасаа нээж эхэлсэн бол “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайгийн хувьд тэс өөр. Тэр сонгуулийн үнэр авсан даруйдаа л зөвхөн өөрөөс нь л гарч болох алмайрам, сонин жигтэй үйлдлүүдээр гэнэтийн бэлэг барьсаар өдий хүрээд байна.
Ингээд уншигч та бүхэнд Л.Гүндалайгаас л гарч байгаа жигтэй үйлдлүүийг сонирхуулъя.
1.“Чадахгүй бол чацга царайлаад буцацгаа”

“Баян-Өндөр сумын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд багтааж, ногоон бүсийн ангилалд оруулсан Эрдэнэт хотын Баян-Өндөр уулын доод хэсгийн газрыг иргэдэд олгохоор “тэмцсэн” түүний энэ “тэнэглэл” нэг хэсэгтээ л дуулиан тарьсан. Ялангуяа тэр үеэр “Чадалтай нь надтай хамт тэмц. Чадахгүй нь чацга царайлаад буцацгаа” хэмээн хэлж дөвчигнөсөн нь зөвхөн Л.Гүндалайгаас гарч болох, өөр хэн ч хийхээргүй үйлдэл байлаа. Үүний дараа хүмүүсийн дунд “Чадахгүй бол чацга царайлаад буцацгаа” хэмээх үг трэнд болж, өдгөө ч хэлэгдсээр байгаа нь түүний энэ үйлдэл хэр хачин, жигтэй байсны илрэл. Санаатай болон санамсаргүйгээр ингэж хэлснийхээ дараа хэн нэгнээс “За битгий Гүндалайдаад байгаарай” гэх үгийг сонсоогүй хүн ховор болов уу.
Гэхдээ ингэснээр Л.Гүндалайгийн төлөвлөгөө, тактик 100 бус 200 хувь биелсэн байх магадлалтай. Тэр анхнаасаа л “амьд” байгаа гэдгээ л ард түмэнд мэдэгдэх гэж энэ үйлдлийг хийсэн гэхэд хилсдэхгүй.
2.“Монголоороо байгаасай”

Л.Гүндалай улс төрөөс гэв гэнэт урлагийн салбарт хөл тавьж, тэр ч бүү хэл “Монголоороо байгаасай” дууг дуулан, клипэнд нь өөрөө тоглосон нь хүмүүсийг жинхэнэ гайхширлыг төрүүлсэн. Сайн, муугаар их хэлэгдэж, бараг ард түмнийг хоёр талцуулах шахсан энэ үйлдлийг Л.Гүндалайгаас өөр хэн хийх билээ. Хэдийгээр Л.Гүндалай энэ дууны буянаар “од” болсон ч чамгүй шүүмжлүүлсэн.
“Монголоороо байгаасай” дууны зохиогчийн нэг болох н.Баян Л.Гүндалайг тэгж дуулсанд нь харамсаж ихэд гомдолтой, бүр гутамшигтай санагдаж буйгаа цахим хаягаараа дамжуулж уламжлаад амжсан. Гэхдээ зохиогчийн эрх, оюуны өмчид халдсан тэрээр уг үйлдэлдээ огтхон ч харамсаж, уучлалт гуйгаагүй.
3.“Эрхий мэргэн” Л.Гүндалай
“Монголоороо байгаасай” дуунаас үүдэлтэй шуугиан намжиж эхлэхэд Л.Гүндалай дараагийн аргаа хэрэглэж, фэйсбүүк хуудсаараа дамжуулж тус дууны хэсгийг оруулсан эвлүүлэг хийх уралдаан зарласан. Гэхдээ бүхэл бүтэн дууны бичлэгнээс нум сум харваж буй хэсэг нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан бололтой. Тиймээс тус хэсгийг оруулж, “Ядууст туслаж, олигархуудыг хашраадаг эр” гэх зэргээр өргөмжилж, хийлгэсэн олон бичлэгнийхээ буянаар тэр “Харваач” хэмээх хоч хүртсэн.
4.“Ардын баатар”-ын дүрд хувилав
“Эрхий мэргэн” цолоор өөрийгөө өргөмжилж, “Ардын баатар”-ын дүрд хувирсан Л.Гүндалайгийн ээлжит “тэнэглэл” нь Монголбанк руу чиглэв. Тэрээр цахим хуудсаараа дамжуулж “Энэ Монголбанкны ерөнхийлөгчийг гурвынх нь дунд нэг сайн харваж өгөхгүй бол долларын ханш дийлдэхээ байлаа. Олуулаа дэмжээд өгвөл хусаад өгнө шүү” хэмээж, залуусыг бусармаг үйлдэлд уриалаад амжсан.
5.Царайлгаа гайхуулсан нь
Л.Гүндалай Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай хамт “Eagle news”-ийн “Иргэний мэдээ” хөтөлбөрт оролцох үеэрээ гаргасан бүх үйлдэл нь тэр чигээрээ хошин шог байсан гэхэд хилсдэхгүй. Бүр Б.Жаргалсайхантай царайгаа зэрэгцүүлж, царайлгаа гайхуулахаар оролдсон нь хүртэл ард түмнийг хөгжөөж чадсан.
Л.Гүндалай улс төрөөс урлаг, спортод
Тэрээр сүүлийн үед сагсанбөмбөг тоглон, гүйлтийн тэмцээнд оролцож буй бичлэгээ цахим хаягаараа шууд дамжуулах болсон. Бүр болоогүй Nike брэндийн хувцсаар гангарснаа гайхуулж, хальтирч унан гараа шалбалчихсан тухайгаа ч эл бичлэгээрээ дамжуулан хэлээд амжих юм.
УИХ-ын сонгуульд эхнэр, хадам аав, ээжийн хамт

МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд түүний эхнэр О.Цолмон УИХ-ийн сонгуульд өрсөлдөхөөр болсон нь сенсаци тарьсан. Гэхдээ түүний энэ шийдвэр Л.Гүндалайгийн дэргэд юу ч биш байжээ. Тэрээр өөрийн эхнэр, хадам аав, ээжийнхээ хамт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Н.Энхбаярыг бут цохилоо. Тэрнээс өөр гэр бүлээрээ зөөлөн суудлын төлөө хүч үзчих хоншоортой аавын хүү одоохондоо алга. Хоржин үгтэй зарим хүн Л.Гүндалайгийн гэр бүлийг Гиннесийн номонд бүртгүүлье хэмээж буй сурагтай.
Тэрээр өөрийн эхнэр, хадам аав, ээжийнхээ хамт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Н.Энхбаярыг бут цохилоо.
Л.Гүндалай одоогоор эдгээр хачин жигтэй үйлдлийг гаргаад байна. Сонгуулийн санал хураалт дөхөх тусам түүний солиорол, “тэнэглэл” улам эрчимжиж, хурц хэлбэрт шилжих байх. Ер нь ямар ч зүйлээр гэнэтийн бэлэг барьж магадгүй, эртнээс сэтгэл санаагаа бэлдэж байхад гэмгүй шүү, сонгогчид оо.