А Компанийн ашиг өсөж, ногдол ашиг тараахаа мэдэгдтэл хувьцааны ханш нь 1.4 хувиар унажээ.
Нугалж өссөн жилүүд
Өсөлтийн давлагаа сүүлийн 2-3 жил Монголын үнэт цаасны зах зээлийг нөмөрч байна. Энэ захын лангуун дээр шинэ хувьцаанууд шил шилээ даран гарч, шинэ тоглогчид ч ар араасаа хөл тавьсаар. 2019 оноос Ковид19-ийн тархалт нэмэгдэхийн хэрээр Монголын хөрөнгийн зах зээл улам тэлэв. Зах зээл сэргэж, зарим үзүүлэлт нь хэдэн хувь ч биш хэд дахин өндөрөслөө. Дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 2019 оноос дөрөв дахин өссөн бол үнэт цаасны арилжааны дүн нь сүүлийн дөрвөн жилд зургаа дахин дээшилжээ.
Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжсөн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нэг ч компани хөрөнгийн зах зээлд IPO гаргаагүй (анхдагч зах зээлд хувьцаа арилжих) он жилүүд бий. Жишээ нь 2013, 2016 онд хөрөнгийн зах зээлд IPO хийгээгүй бол 2014, 2015 онд тус бүр нэг компани анхдагч зах зээлд хувьцаагаа арилжиж байжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хөл тавигсдын тоо эрс өсөж, 2018 оноос хойш нийт 16 компани анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаад байна.
Шинэ тоглогчид хулхидчихсан юм биш биз
Ер нь хөрөнгийн захын тоон үзүүлэлтийг харвал үнэхээр алга ташиж, баяр хүргэмээр. Гэхдээ шинээр IPO хийсэн компаниудын хувьцааны ханшийг харвал урам хугармаар. Хувьцаагаа арилжиж, олон нийтийнх болсон 16 компанийн 13-ынх нь хувьцааны ханш сүүлийн нэг жилд 7-35 хувиар унаад байна. Үүнээс хамгийн огцом унасан нь бидний мэдэх CU буюу “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК бөгөөд тус компанийн үнэт цаасны ханш он гарсаар 35 хувиар буурчээ. Сүүлийн хэдэн жил өснө, өөдөлнө, дэвжинэ, дээшилнэ гэж амлаад, хөрөнгө оруулагчдаас багагүй мөнгө татсан энэ компаниудын хувьцааны ханш яагаад буурав. Өөдрөг төсөөлөл ярьж, өсөх амлалт өгсөн эдгээр компани арай сайхан үгээр иргэд, хөрөнгө оруулагчдыг хуурч, хулхидчихсан юм биш биз.
Санхүүг нь сөхье
Шинэ ХК-иудын санхүүгийн байдлыг харцгаая. Эдгээр компани бараг бүгдээрээ ашиг, орлогоо сүүлийн хоёр жилд өсгөжээ. Тухайлбал, хувьцаат компани болоод удаагүй “Монголын хөрөнгийн бирж” энэ оны эхний хагаст 2.3 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашиг олжээ. Энэ нь жилийн өмнөхөөс мөн л дөрөв дахин өссөн үзүүлэлт аж. Энэ мэтээр хувьцаат хэмээх тодотголтой болсон компаниуд өнгөрсөн саруудад орлогоо ч, ашгаа ч тэр аль чадахаараа нэмэгдүүлсэн байна.
Хувьцаа эзэмшигчдээс гар татсангүй
Ингээд зогсохгүй энэ компаниуд олсон ашгаа хувьцаа эзэмшигчдээсээ гар татсангүй. Дийлэнх нь ногдол ашиг тараасан. Компанийн тухай хуульд заасны дагуу тухайн компани заавал ногдол ашиг тараах албагүй. Тараах эсэхийг нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөл шийддэг бөгөөд ТУЗ санхүүгийн нөхцөл байдлаа харгалзан үзэж, энэ шийдвэрийг гаргадаг. Тэгвэл хувьцаат компаниудын хувьд ашгаа өсгөж, үүнээсээ хувьцаа эзэмшигчиддээ хувь хүртээхийг илүүд үзсэн байна. Тухайлбал, “Төрийн банк” 2022 оны ашгаасаа 48 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан бол “Сэндли ББСБ” ХК 614 сая төгрөг, “Инвескор ББСБ” ХК 1.79 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ.
Ашиг өссөн ч ханш унасан
Гэтэл эдгээр компанийн хувьцааны ханш уруудсаар. Жишээ нь “Хас” банк өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд энэ оны эхний хагас жилийн ашгаасаа нэгж хувьцаанд 14.75 төгрөг буюу нийт 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Гэтэл яг тэр өдрөөс хойших хэдэн өдөрт “Хас” банкны хувьцааны ханш өсөх бус харин ч 1.4 хувиар буурчээ. “Өөрийн хөрөнгө нэмэгдээд, ашигтай ажиллаад байдаг мөртлөө хувьцаан дээр үүний тусгал харагдахгүй байна. Бодлогын хүү буурахгүй бол хувьцааны зах зээл сэхэхгүй” хэмээн “Хас” банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Ашигтай ажиллаад байхад, аль байдгаараа ногдол ашиг тарааж, хөрөнгө оруулагчдаа урамшуулаад байхад хувьцааны ханш нь өсөхгүй, буурдаг. Урвуу гэмээр зүй тогтол Монголын хөрөнгийн зах зээлд ажиглагдаж байна. Яагаад, ямар шинэ тоглогчдын хувьцааны ханш унаж, үнэ цэнээ алдаад байна вэ.
Урт мөнгө, том сан хэрэгтэй байна
Нэгд, асуудал компаниудад бус тухайн хувьцааг худалдан авах хөрөнгө оруулагч талд байна гэж салбарынхан хэлж байна. Компаниуд сайн хувьцаа гаргаж болох ч түүнийг ч худалдан авах хөрөнгө оруулагч Монгол Улсад хэр байна вэ. Шинэ IPO-уудыг харахад эдгээр үнэт цаасыг худалдан авсан нийт иргэдийн 40-60 хувийг жижиг тоглогчид бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд хувьцаа аваад, буцаагаад түүнийг бушуухан зарах хүсэлтэй хөрөнгө оруулагчид гэсэн үг. Тэд сарын цалин, эсвэл хурааж, хуримтлуулсан төгрөгөөрөө хувьцаа авчихсан, эргээд мөнгө хэрэгтэй болоход авсан хувьцаагаа зараад, гарах хүсэлтэй.
Гэтэл олон улсад богино хугацаад аваад, зардаг бус том дүн, урт хугацаатай мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг мэргэжлийн тоглогчид хөрөнгийн зах зээлд нь голлодог. Тэднийг институционал хөрөнгө оруулагч гэж нэрлэдэг бөгөөд мэргэжлийн тоглогчдын тоонд тэтгэвэр, даатгал, хөрөнгө оруулалт, хэдж, баялгийн сан, хөрөнгө оруулалтын банк зэрэг багтана. Энэ төрлийн тоглогчид нь урт хугацаатай хөрөнгө оруулалт хийж, зах зээлийн тогтвортой байдлыг хангаж байдаг. АНУ-ын хөрөнгийн зах зээлд эргэлдэж буй хөрөнгийн 80 хувь нь мэргэжлийн хөрөнгө оруулагчаар дамждаг байна.
Гэтэл зах зээлийн ноён нуруу, гол багана нь болох ёстой мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, их дүнгээр, урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх мэргэжлийн тоглогчид буюу хөрөнгө оруулалтын, хуримтлалын сангууд Монгол Улсад бэхжин, бий болоогүйгээс үүдэн хөрөнгийн зах зээлд уналт давамгайлж байна.
“Одоогийн IPO-ууд хүмүүсийн богино хугацаатай мөнгөн дээр босож байна. Тиймээс хүмүүс ямар нэг байдлаар зараад гарч байна. Үүнээс үүдэн хувьцааны ханш унаж байна. Уналтыг зогсоож, тогтвортой байлгахын тулд урт хугацаатай мөнгө хэрэгтэй. Урт хугацаатай мөнгө Монголд хаана байна вэ гэвэл тэтгэврийн санд бий” гэж эдийн засагч Г.Батзориг хэлсэн.
Хэдийгээр Монгол Улсад сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын сангийн тухай хөндөгдөж, шинээр сангууд тусгай зөвшөөрлөө авсаар байгаа ч үйл ажиллагаа, хөрөнгө чадал нь жигдрэн, олон улсын томоохон сан шиг ажиллаж байгаа нь тун ховор. Нэмээд өнөөдөр Монгол Улсад урт хугацаатай мөнгө нийгмийн даатгал буюу тэтгэврийн санд бий. Энэ мөнгийг хөрөнгийн зах зээл рүү татаж оруулахын тулд олон жил ярьж байгаа тэтгэврийн реформыг зоригтой хийх, “амьгүй” сангуудаа арчлах шаардлага тулгарсаар байна.
