Цахилгаан эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаар Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн захирал Г.Балжинням ярилцлаа.

Манай улсад үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүч, хэрэгцээ хоёрын хооронд хэр зөрүү байна вэ

Өвлийн улиралд эрчим хүчний салбар хамгийн их ачаалалтай ажилладаг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 7.5 хувийн өсөлттэй байна. Нийт өсөлтийн 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэл буюу дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр хангаж байгаа. Үлдсэн хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангаж буй. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл, хэрэглээ хоорондын бланс алдагдсан учраас импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Оройн цагаар хамгийн их ачаалалтай байдаг. Энэ үеэр импортоор авч буй цахилгаан эрчим хүчээ тултал нь ашиглахаас гадна дотоодын үйлдвэрлэлийн бүхий л хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч тодорхой хэмжээний цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон хэвээр.

Түүнчлэн системээ бүхэлд нь амьд байлгах, авч үлдэх үүднээс хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах, хөнгөлөлт хийх зарчмаар зохицуулалт хийхээс аргагүй. Ингэхдээ аж ахуйг нэгжүүдийн үйлдвэрлэлийн технологи, үйл ажиллагаанд нь саад болохгүйгээр ашигладаггүй тоног төхөөрөмжүүдийг цахилгаан эрчим хүчийг нь салгах замаар хэмнэлт хийдэг. Нөгөө талаас хязгаарлалтын хуваарь гаргаж, аль болох нэг хэрэглэгчийг нэг цагаас илүү хязгаарлахгүй байхаар зохицуулдаг. Гэхдээ өдөр болгон хөнгөлөлт, хязгаарлалт хийж байна уу гэвэл үгүй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн оройн их ачааллын цагуудад байгаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалж, хөнгөлөлт, хязгаарлалтын хэмжээ тодорхойлогддог. Цаашид цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай асуудал дээр түлхүү ажиллаж байж хүнд байдлаас гарна.

Нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь гэж үзвэл айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээ хэр хэмжээнд байгаа вэ

Айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ аж ахуйн нэгжээс илүү байдаг. Манай улсад дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй хэвээр байна. Хэрвээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл хөгжсөн бол манай хэрэглээний онцлог оройн их ачааллын цагуудад биш, магадгүй өдөр болох жишээний. Тийм учраас аж ахуйн нэгж нь цөөхөн, ахуйн хэрэглээ өндөр байна гэж ойлгож болно. Хувиар нь авч үзвэл айл өрхийн хэрэглээ 60, аж ахуйн нэгж 40 хувийн хэрэглээтэй байна.

Тог цахилгаанаа хэмнэх тухай яригдаж байгаа. Энэ нь ямар нэгэн байдлаар нөлөөтэй байна уу

Цахилгаан эрчим хүчээ хэмнэх тухай асуудлыг хамгийн сайн ухамсарлаж, хэрэгжүүлж буй нь аж ахуйн нэгжүүд байдаг.

Ямар эрчим хүчний эх үүсвэр баривал асуудлаа шийдвэрлэх боломжтой вэ

Одоогийн байдлаар ОХУ-аас 345 МВт-ыг тултал нь авч байгаа. Тэгэхээр импортын цахилгаан эрчим хүчийг багасгая гэвэл 300 МВт-ын хүчин чадал шаардлагатай болно. Энэ хэмжээний эрчим хүчийг авлаа гэж бодоход цаана нь 100 гаруй МВт-ын дутагдана гэсэн үг.

Хөгжингүй орнуудад эрчим хүчний найдвартай ажиллагаа, хараат бус байдлыг хангах ганц үзүүлэлт нь нөөц хүчин чадал юм. Нийт суурилагдсан хүчин чадлынхаа хорь орчим хувийг нөөц хүчин чадал болгож чаддаг улс орон энэ байдлаас гарч чадсан байдаг. Аль нэгэн станц дээр тоноглол зогсвол нөхөх зарчмаар ажилладаг. Нийт 20 хувь гэж бодоход бидэнд дахиад 300 МВт хэрэгтэй болно. Ойролцоогоор 700 МВт-ын хүчин чадал хэрэг болно гэсэн үг. Гэтэл эх үүсвэр дотроо сэргээгдэх үү, дулааны цахилгаан станц уу, ус уу гэдэг асуудал тусдаа бодлогын түвшинд яригдах ёстой. Бид өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог ашиглаад дэд станц болон усан цахилгаан станцуудыг барих шаардлагатай.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээнд юу голлон нөлөөлдөг вэ

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон өсөлтөд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт цаг агаарын байдал. Нэг хэмээр илүү хүйтрэхэд арван МВт нэмэгддэг. Тухайлбал, Сибирийн хүйтэн орж ирэх үеэр ойролцоогоор 14-15 хоног хүйтэрсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс арван хэмээр илүү хүйтэрсэн. Үүнтэй холбоотойгоор 280 гаруй МВт-ын өсөлт ажиглагдсан. Хоёрдугаарт цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор төр засгийн гаргаж буй шийдвэр нь цахилгаан эрчим хүчний хэрэглээнд нөлөөлж байна.