УИХ-ын 70 дугаар тойрогт ИЗНН-аас нэр дэвшиж буй Б.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн АН-аас нэр дэвшихээр яригдаж байсан ч намаа сольж, ИЗНН-д элссэн билээ.

-Та Чингэлтэй дүүргийн АН-аас УИХ-д нэр дэвших гэж байсан. Гэтэл яагаад намаа солиод, өөр намаас нэр дэвшихээр болсон бэ?

-Чингэлтэй дүүргийн АН-ын анхан болон дунд шатны байгууллага нууц санал хураалтаар миний биеийг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Харин ҮЗХ-ны хурал дээр Батын Батбаатарыг нэр дэвшүүлэх, эсэхтэй холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй. Тийм байдлаар асуудал шийдэгдсэн. АН-ын гишүүнчлэлээс татгалзахаа илэрхийлэх гэж ҮЗХ-ны хурал дээр очсон.

-ҮЗХ-ны хурлаараа УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэн гэж үү. Тийм ч учраас та намаасаа гарахаар шийдсэн байх нь?

-АН-ын ҮЗХ-ны хурал дээр Батын Батбаатарыг нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, АН-ын нэр дэвшигчдийг ҮЗХ-ны гишүүд шийдээгүй. Харин намын дарга өөрөө цаасан дээрээ нэрийг нь бичээд, тойргийг нь хуваарилж бичээд, баталчихсан асуудал.

-Таны нэр эндээс гээгдсэн юм байна, тийм үү?

-Намын даргын үзэгний үзүүр дээр гээгдсэн. Түүнээс биш АН-ын ҮЗХ-ны хурал дээр миний нэрийг гээгдүүлсэн буюу ҮЗХ дэмжихгүй гэх ямар нэгэн шийдвэр гараагүй.

-Үүний дараа...?

-Монгол Улсын иргэнийхээ хувьд сонгох, сонгогдох эрхтэй. Нэгэнт ийм байдлаар асуудлыг шийдэж байгаа учраас өөрийнхөө итгэл үнэмшлээр нэр дэвших ёстой гэж үзсэн. Ингээд анх сонгогдож байсан 66 дугаар тойрог буюу одоогийн 70 дугаар тойрогт нэр дэвшсэн. Ардчилал гэдэг бол иргэний сонгох, сонгогдох эрхийн асуудал. АН-ын итгэл үнэмшилж, үзэл баримтлалтай би хамт байгаа. Үүнийг ард түмэн хагалж өгөх биз ээ.

-Одоо Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Бие даан нэр дэвших боломж байв уу?

-Хуулиараа бол бие даах боломж байхгүй болсон тэр цаг үед АН асуудлаа шийдвэрлэсэн. Тийм учраас ИЗНН-аас УИХ-ын 70 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа.

-Намаа сольсон гэхээр үзэл бодлоо бас өөрчилж, сольж байна гэсэн үг үү?

-ИЗНН АН хоёр үзэл баримтлалын хувьд нэг шугаман дээр зогсож байдаг нам. Тийм учраас үзэл баримтлал, үзэл бодлоо сольсон асуудал байхгүй. Цэнхэр намд байж байгаад улаан намд ороогүй. Ардчиллын үйл хэрэг, хүний эрхийн төлөө АН-ынхантай хамт явна.