Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч буй салбартаа яамгүй сайд томилдог жишиг байсаар ирсэн. Энэ жишгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар спортын салбарт онцгойлон анхаарал хандуулахаар эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын яамны хатавчинд байсан энэ салбарыг сайдтай болгосон. Тодруулбал, 2022 оны наймдугаар сарын 29- нд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилсон билээ.

Гэвч сахил хүртээд шал дордов гэгчээр сайдтай болсныхоо дараа допингийн асуудалтай холбоотойгоор Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүслээ. Өв соёл минь хэмээн эрхэм дээдэлдэг үндэсний бөх ба Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын балгаар Монголын спортын түүхэнд хараар тэмдэглэхүйц түүхэн жил өнгөрч байна.

Арилгах таван зөрчил

Бид цагаан туган дор орохгүйн тулд сар хүрэхгүйн хугацаанд дараах зөрчлүүдийг арилгах ёстой. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга, Допингийн асуудлаарх Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан 2023 оны аравдугаар сарын 18-нд мэдээлэл хийхдээ “Ирэх оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд зөрчлүүдээ арилгахыг Монголын үндэсний допингийн эсрэг төвд сануулсан.

Энэ хугацаанд ноцтой таван зөрчлөө арилгана.

1.Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан эсэх

2.Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай төрлүүдийн техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж буй эсэх

3.Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх

4.Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд 3-аас доошгүй удаа шинжилсэн эсэх

5.Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх таван шаардлагыг өнөөдрийн байдлаар бид хангаж чадаагүй байна” хэмээсэн билээ.

АТГ-ын нэгжлэг

Допингийн асуудалд АТГ анхаарлаа хандуултлаа энэ онд өндрөө авсан. Тус байгууллагаас шалгалт хийж, шалгалтын хүрээнд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2023 оны аравдугаар сарын 3-нд Допингийн эсрэг үндэсний төвийн оффис болон тус төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн үеэр Ж.Хатанбаатарын ажлын өрөөнөөс их хэмжээний сэргээшийн төрлийн бодис илрүүлж, хураан авсан.

Үүгээр ч зогсохгүй Биеийн тамир, спортын улсын хорооны алба, хэлтсийн удирдлагуудын гэр, албан өрөөнөөс их хэмжээний допингийн бодис илрэв. Мөн хориотой эмийн жагсаалтад багтсан эм, тариаг оруулж ирдэг нэр бүхий тамирчид, спортын эмч нарын гэрээс ч их хэмжээний бодис илэрсэн нь ялзрал ямар түвшинд хүрснийг илтгэнэ.

Шинэ дарга

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хаан шиг засаглаж байсан Ж.Хатанбаатар халаагаа өгч шинэ даргатай болсон. ЦЕГ-ын Тусгай тасаг, ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, ГЕГ-ын дэд дарга, Хууль зүйн дэд сайд байсан Ц.Уугангэрэл удирдахаар болсон юм. Тэрээр 2023 оны аравдугаар сарын 23-нд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзалт хийж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг нэн яаралтай ханган биелүүлэх талаар хоёр тал санал нэгдсэнийг өгүүлж байв.

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй 2023 оны аравдугаар сарын 30-нд уулзалт хийсэн. Энэ үеэр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын сайн жишээг авч хэрэгжүүлэх, МҮДЭБ-ын удирдах зөвлөлд бүх талуудын оролцоог хангах зэрэг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их бийг онцолж байв. Ямартай ч тас хаалттай байсан МҮДЭБ-д бага ч гэсэн шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэллээ.

Түрүү бөхийн допинг

Арын сайхан хангайн бөх үндэсний их баяр наадамд тэргүүлэн арслан цол хүртсэн ч хориотой бодис илэрч М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долоодугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. М.Бадарчийн хувьд допинг хэрэглэж түрүү хүртсэн хоёр дахь бөх болсон юм. 2019 онд Улсын аварга Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн бодис илэрч, түрүү бөхөөс анх допинг илэрч байв.

Төрийн наадмын түрүү бөхөөс допинг илрэхийн хамгийн хорлонтой нь нутаг усаар нэг найр наадам, баяр хөөр болж, байр сав, машин тэрэг гээд байдгаа барьсны дараа допинг илрэхээр өгснөө буцаах уу, өрөвдөж үлдээх үү гэдэг байна.

Дайран дээр давс

Энэ оны онцлох хамгийн том спортын тэмцээн нь “Ханжоу 2022” Азийн наадам байсан. Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгууллагддаг энэхүү наадамд Монголын баг 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны хүн зэрэг нийт 520 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, тивийн олимпийн түүхэнд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон.

Монголын баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, байт харваа, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, и-спортын дота2 зэрэг нийт 10 спортын төрлөөс гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар 22 дугаар байрт, медалийн тоогоор 15 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. Гэвч гавьяат тамирчин, боксчин Б.Чинзоригоос метадиеноны метаболит, хүндийг өргөлтийн тамирчин Б.Эрдэнэзулаас дростанолоны метаболит бодис илэрч Цагаан туган дор орох эрсдэлтэй нүүр тулаад буй Монголын тамирчдад нэрмээс боллоо. Парисын олимпийн гол найдваруудын нэг Б.Чинзориг допингийн асуудалд хутгалдсан нь спорт сонирхогчдын хувьд тун тааруу мэдээ байлаа.