Ирэх оны сонгууль анх удаа 126 гишүүнтэй "том" парламент бүрдүүлэхээрээ онцлогтой билээ. Үндсэн хуулийн өнгөрсөн зургаадугаар сард өөрчлөлт оруулсан заалтын дагуу холимог тогтолцоо буюу 48 гишүүнийг жагсаалтаар, 78 гишүүнийг тойргоос мажоритар системээр сонгох юм. Тэгвэл 126 гишүүний 78-ыг нь сонгох тойрог, мандатын хуваарилалтыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар батлав. Тодруулбал,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;

Баян-Өлгий аймаг 3-р тойрог;

Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;

Баянзүрх дүүрэг 8-р тойрог;

Баянгол дүүрэг 9-р тойрог;

Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;

Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;

Хан-Уул дүүрэг 12-р тойрог;

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байгуулна.

Үүнээс гадна УИХ-ын сонгуулийг ирэх оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт явуулахаар тогтоолын төсөл боловсруулжээ. Уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр АН-ын гишүүд завсарлага авсан юм.

Түүнчлэн чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолд тусгасан байна.

Санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийн хяналтыг хийдэг ажлын хэсэгт нь тагнуул, цагдаагийн байгууллагаас хүмүүс оролцохоос гадна тоног төхөөрөмжүүд тусгай хамгаалалтад байдаг аж. Сонгуулийн өмнө, дараа нь тагнуул, цагдаа, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, ялангуяа сонгуулийн өмнө туршилт хийн гадна дотны нөлөө байна уу гэдгийг шалгаж баталгаажуулдаг журамтай гэдгийг СЕХ-ныхон хэлж байв.

Мөн өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу намын нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, хэрвээ эвсэл болж орох бол эвсэлд байгаа намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг харгалзаж саналын хуудас дээрээ бичих аж.