
Гал түймэрт долоон амь үгүй болсон харамсалтай мэдээгээр өчигдрийг эхлүүллээ. Өвлийн өвөө, бэлэг гээд л догдлон догдлон цохилсон бяцхан зүрхнүүд үүрд унтлаа. Амь аврах гэж аюултай тэмцсэн цэл залуухан аврагч ч үүрд биднийг орхилоо. Гал түймэр гэгч ийм хэмжээлшгүй их хохиролтой аюул билээ.
Манай улсад жилд дунджаар 4561 объектын буюу ахуйн гал түймэр гардаг. Энэ нь сард 350, өдөрт 12, хоёр цаг тутамд нэг ахуйн гал түймэр бүртгэгдэж байна гэсэн үг юм. Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 2735 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт их галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурмаас үүдэлтэй. Мөн хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар, болгоомжгүй байдлаас үүддэг байна.
Объектын гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломж бий. Гэвч манайд өдөрт 10 орчим гал түймрийн тохиолдол бүртгэгдэж байгаа нь өндөр эрсдэлтэй байгааг харуулж буй. Үүнээс гадна иргэдийн дунд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл хомс байгааг илтгэж байна.
Аюулт үзэгдэл ба хэмжээлшгүй их хохирол
Гал түймрийн аюул, хор хохирол нь секундээр хэмжигддэг аюултай үзэгдэлд тооцогддог. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар объектын гал түймрийн улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Улмаар 239 хүн амь насаа алдсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлээд буй.

Ганцхан хоромд гал бүхнийг авч оддог. Иймд аюулгүй байдлыг сайтар хангах нь чухал. Гал түймэр эцэг эхчүүд ажилдаа явсан цагаар буюу өдрийн 11:00, цахилгааны их ачааллын үе буюу оройн 17:00 цаг болон иргэд унтаж амарч байх үед ихэвчлэн гардаг. Мөн цахилгааны хэт ачааллыг ихэсгэж, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах шалтгаанаас үүдэлтэй гал гарах нь их байна. Монгол гэр өвлийн улиралд 3-5 минутад шатдаг. Яндан төмөр хамгаалалттай байх ёстой. Пийшин зуухны галлагаатай холбоотой яндангийн хамгаалалт хийгээгүйгээс болж халалт үүсэж, гал маш хурдан тардаг. Сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой дуудлага эрс нэмэгдэж байна.
Объектын гал түймэр нь улирлын чанартай бөгөөд ихэвчлэн хавар, намар, өвлийн улиралд иргэд, байгууллагуудын галлагаа эхлэх, цахилгаан утасны аюулгүй байдал алдагдах зэргээс үүддэг. Улмаар иргэд аюулт үзэгдлийн мэдлэг мэдээлэл хомс, санамсар болгоомжгүй нь улмаас амь нас, эд хөрөнгө алдах эрсдэлт нөхцөл байдалтай учирдаг.
Өнгөрсөн хугацаанд гарч байсан томоохон гал түймрийн улмаас учирсан хохирол:
Нэг секунд л алдахад...
Сүүлийн жишээ гэхэд өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07.10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хотхоны дөрвөн давхрын айлд гал гарсан гэх мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас нийт 7 хүн амь хохирсон. Долоон хүний нэг нь галын дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагч байсан юм.
Галын нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй гэж дүгнэж буй. Дүгнэлт одоогоор эцсийн байдлаар гараагүй байгаа. Оршин суугчдын хэлж байгаагаар тус байршилд галын машин орох боломжгүй машин эгнэж зогссон байсан нь галыг тархааж цаг хугацаа алдахад хүргэсэн гэж мэдээлээд байгаа юм. Жил бүрийн өдийд ихэнх айл өрх шинэ жилийн баярыг угтаж хоймортоо гацуур модоо засдаг. Гэвч гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй байдаг аж. Иймд мэргэжлийн байгууллагаас асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлттэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм. Ингээд та бүхэнд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх болон гал алдсан үед ямар арга хэмжээ авах зөвлөмжийг хүргэж байна.
Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд:
Гал гарсан үед ямар арга хэмжээ авах вэ?
Эцэст нь объектын гал түймэр нь ихэнхдээ хүний санамсар болгоомжгүй үйлдэл, эрчим хүч ашиглалтын дүрэм зөрчих зэрэг хувь хүмүүсээс шалтгаалсан үйлдлээс хамаарч гарч байна. Тиймээс уг эрсдэлийг бууруулахын тулд галын аюулгүй байдлын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, ард иргэд үргэлж сонор сэрэмжтэй байж, айл гэр албан байгууллагууд цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх нь нэн чухал. Түүнчлэн орон сууцанд эрсдэлээс сэргийлж гал, түргэний машин орох гарах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм.