
Энэ гарчгийг уншаад малчид гомдож магад. Гэхдээ гашуун ч үнэн нь энэ юм.
Сум, аймгийн 100 жилийн ой тохиож, нутаг нугынхан, ахан дүүс, ангийн нөхөдтэйгөө уулзалдлаа. Мэнд мэдэхээр л “Хэдэн малынхаа боолыг хийгээд явж байна” гэх...
Хар бага наснаасаа мал малласан ах минь шуурганд уруудангаа алдаж, бэр эгч хэдэн хүүхдийнхээ хувцсыг шатаан гэрийнхээ гадна гэрэл гарган нөхрөө аварснаа өгүүлнэ. Төрлийн минь өөр нэгэн ах цасан шуурганаар машинтайгаа цасанд сууж “Хэдэн малын хойноос явж байгаад ингээд л үхдэг юм байна” гэж юм, юм л бодогдсоноо хэллээ. Өөрсдөөсөө харамласан хэдэн төгрөгөөрөө хурга, тугал тэжээвэл дорд орсоор, орсоор сэхэл авалгүй, ашиггүй хөдөлмөр, үргүй зардал болсныг өгүүлэв.
“Малын үсгүй болж, төв орлоо гэхэд насаараа мал маллахаас өөрийг мэдэхгүй бид юу хийж ч амьдрах билээ” хэмээн өгүүлэх нь уйтай.
2022 оны жилийн эцсийн дүнгээр Монгол Улсад 305079 малчин бий гэсэн тоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Эдгээр малчин бүгд биш гэхэд ихэнх нь энэ зовлонг туулж явна.
Хөдөөгийн сайхныг зорьсных малчин айлд л амралтын цөөхөн өдрийнхөө ихэнхийг өнгөрүүлмээр, сүү цагаан идээтэй ойр баймаар санагдана. Зуны дэлгэр цагт хар цай аягалан суухыг хараад гайхаад л байлаа. Учрыг асуувал саахгүй байсаар байгаад хэдэн үхэр нь догшин адгуус шиг л болсныг өгүүлэх. Эсвэл “Ойрд хална гэж тоймгүй. Гашилгаж байсны оронд саахгүй байсан нь дээр” гэх. Зарим нь “Ядруу хэд минь саахаар онд мэнд орохгүй” л гэнэ.
Аавынхаа эгчийнд очиж, сүүтэй цайны бараа харлаа. Эгчээсээ “хар цай”-ны учрыг лавлавал “Манай энэ хавийн хүүхдүүд үнээгээ саахгүй. Өглөө босож байгаа амьтан ч ховор. Нөхрийгөө дагаад л давхил, сунгаа хэсээд, “портерын бор” хийгээд явах нь тэр. Аль эсвэл тасраад унавал нь хажуудаа хэвтүүлчихээд л сүнгэнээд байх нь тэр. Цагаан идээ хураана гэж байхгүй болсон. Сарын идээгээ бэлдэж чадсангүй гэж харамсах ч үгүй. Цагаан сар дөхөхөөр хот ороод худалдаад авчихдаг” гэв.
Азарга нь сумын наадмын ойд айрагдсан айлынхаар орлоо. Эхнэр нь нөхрийгөө мориндоо хайртайг нь цуцалтгүй өгүүлнэ. Энэ гэрийн хамаг л санхүү, мөнгө морины тэжээл, морины тарианд явж байгаа тухай ч халаглана. Хаана л найр наадам байна, тэнд алгасалгүй очно. Хүүхэд хичээлд өмсөх гуталгүй байхад л хэдэн хурдан мориндоо тэжээл авч өгснийг эхнэр нь өгүүлнэ. “Арай л байна даа” гэж санаашрахаас өөр зүйл бодогдсонгүй.
Нүүдэлчин Монголын үнэт бүхнийг тээж, түүчээлэн үргэлжлүүлэх ховорхон хувь заяа тэдэнд л уг нь бий сэн. Монгол эр хүн мориндоо хайртай байлгүй яах вэ. Гэхдээ үрээсээ илүү хайрлана гэдэг даанч байж боломжгүй. Эрчүүд нь хурдан мориндоо, эмэгтэйчүүд нь хэдэн үхэртээ дарлуулж, адгуусны боол болон суухыг харах үнэндээ халагламаар байлаа.
Орчин цагийн нүүдэлчид минь ингэж гундуухан байтал биднээс хэдхэн км-ын цаана оршиж буй Өвөрмонгол малчид харин өөрөөр амьдарч байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооныхны санаачилгаар Монголын хэсэг малчин айл, Өвөрмонгол малчдын ахуй амьдралтай танилцжээ.
ӨМӨЗО-ы Зүүн Сөнөд хошууны малчин Т.Өлзийбаяр л гэхэд мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ газар тариалан эрхэлж, “Хамт хоршоо”-г ахлан Зүүн Сөнөд хошууны 250 гаруй малчин өрхөөс нийлүүлдэг сүү, мах зэргийг зах зээлд борлуулдаг аж. “Wechat” ашиглан хэрэглэгчдээс сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний захиалгыг авч, малчдаас түүхий эд хүлээн авах, бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах зэрэг бүхий л ажлыг хийхдээ уг сүлжээг ашигладаг аж. Хоршооны гишүүд тус бүрд “Гишүүний карт” олгогддог бөгөөд уг картанд тэднээс авсан түүхий эдийг зах зээлд борлуулсны дараа шилжүүлдэг гэнэ.
Өвөрмонгол малчин айлд зочилсон Монголын малчид “Өвөл боллоо гэхэд малчин хүнд санаа зовох юм алга. Арваннэгдүгээр сар гэхэд шууд хашаандаа оруулж, тэжээлээр бордож, хавар цас хайлсан хойно бэлчээрт гаргадаг юм байна. Манай Монголд бол өвөл зуд болоход сандардаг шүү дээ”, “Монгол малчдаас ялгаатай нь газар тариаланг хослуулдаг юм байна. Техник тоног төхөөрөмж услалтын систем нь бүрэн автоматжсан байна. Хүний хүч хөдөлмөр орох шаардлага алга”, “Махыг хэрэглэгчдийн хэрэглээнд тааруулан хайрцаглаж, нэг талаараа хэрэглээний соёлыг нэвтрүүлж, түүхий эдийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож байгаа нь маш их таалагдлаа”, “Монголчууд бид малынхаа баасыг гал түлэхэд л голдуу ашигладаг. Гэтэл энд байгальд ээлтэйгээр мод ургамал тарихад бордоо болгон ашиглаж байна. Шээсийг нь савлаад хөрс бордож байна. Гэвч манайд тэрийг хэрэглэдэг, ашигладаг туршлага байхгүй шүү дээ”, “Бид тал нутагт өөрийнхөөрөө амьдраад сурчихсан, эрх чөлөөтэй явдаг. Харин энд цаг хугацаатай уралдаж байна. Хоршоонд нь малчин хүнд хэрэгтэй бүхэн байна. Сүүг нь машинтай очиж аваад үйлдвэртээ боловсруулж, цагаан идээ болгоод худалдаад явуулчихдаг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоод малчдадаа ашиг өгч байна” хэмээсэн байлаа.
Бид энд хүнгүйдэж хүнээр дутаж үйлээ үзэж байхад тэнд хүний хүч хөдөлмөргүйгээр шийдэж байна. Зуданд торойхгүй, малынхаа шээс, баасаар бордоо хийж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмэлт орлого олж байна.
Бид налайж, найр наадам хэсэж байхад тэнд цаг хугацаатай уралдаж байна. Манайд малчид өөр хоорондоо худгаа булаалдан суухад тэнд худаг ус нийтийн эзэмшлийнх байж, нарны үүсгүүр ашиглан цахилгааны асуудлаа шийджээ. Мал амьтан ирэхэд мэдрэгч ажиллан хувин усыг дүүргэдэг гэнэ.
Манай улсын малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67 саяд хүрч, сүүлийн 31 жилийн дотор 41 саяар буюу 2.6 дахин өсөөд байгаа. Харин 2022 оны жилийн эцсээр
501-999 малтай
32332
1500-2000 малтай
10047
2001-ээс дээш малтай
Банкны зээлэнд хэрэг болно гэх үү, үр хүүхдийнхээ төлөө зарцуулна гэдэг юм уу. Аль эсвэл биендээ гайхуулах баярхал гэх үү, шунал гэх үү бид нэг ийм төрхтэй сууна.
Гэтэл ӨМӨЗО-д нэг малчин өрх 300 толгой хүртэлх малтай байх ёстой аж. Тогтоосон тооноос илүү гарсан бол хонин толгой тутамд 200-300 юанийн торгууль төлдөг бөгөөд мал тооллогыг дроноор хийдэг. Багийн дарга нар нь үйлээ үзэж цас зуднаар гандахгүй, гундахгүй, айлаас аяга хоол цай царай алдахгүй. Малын тоогоо дарлаа, нуулаа гэх хэрүүл байхгүйгээр ингээд технологиор шийдчихэж болж байна. Цөөн тооны малтай тэд бидний дэргэд илүү сайхан амьдарч болоод байна. Харин Монголын малчид тооны араас хөөцөлдсөнийхөө балгаар туслах малчны зардлаас эхлээд түлш түлээ, бензин тос, орон байрын илүү зардал гаргаж, хэт олон малынхаа араас өндийж ашиг шимийг нь гүйцэт авч чадахгүй байна. Жишээлбэл, хүн хүч цөөний улмаас өнөө олон ямаагаа самнах, хонио ноослох, төл авах ажлыг бусдаар хийлгэж, илүү их зардал гаргаж ган, зудын эрсдэлд нэрвэгдэн өөрсдөдөө л түвэг удаж байна. Зарим нь бүр их малынхаа араас өндийхгүй ашиг шимийг нь хаягдал болон хувиргаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
"Малын тооноос илүүтэй чанар, ашиг шим, үйлдвэрлэлийн бүтээмжид онцгой анхаарах шаардлагатай байна. Олон жилийн турш монголчууд мал сүргийнхээ ашиг шим, үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэхээс илүүтэй малын тоо, толгойг өсгөхөд анхаарч ирсэн нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон хүндрэл, бэрхшээлийг бий болголоо."
Ахиад л өнөө Өвөрмонголын жишээгээ дурдъя. Айл өрх бүр өөрт оногдсон жижигхэн газартай. Энэхүү газартаа мал аж ахуйгаас гадна газар тариалан эрхэлж, аялал жуулчлал гээд боломжит бүх хувилбараар ашиглан зовлон багатай, нэмэлт орлоготой амьдарч байна. Тэд өөрийн жаахан газраа тордож, өнгөтэй өөдтэй амьдраад болж байхад манайх өнгөтэй сортойг нь сорчлоод ч нэг л болж өгөхгүй. Алга дарам бэлчээрээсээ болж, нэгнийхээ аминд хүрч, ах дүүгээ “больдог” жишиг ч тогтлоо.
Цаг уур орчны шинжилгээний газраас 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүнгээр нийт нутгийн,
23.9% Бэлчээрийн нөөцтэй
24.6% Бэлчээр хүрэлцээтэй
31.0% Даац 1-3 дахин хэтэрсэн
6.7% Даац 3-5 дахин хэтэрсэн
13.8% Даац олон дахин хэтэрсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 50 гаруй хувьд хэтэрч гарсан. Монгол Улсын нийт бэлчээрийн газар нутгийн 65.0 хувь доройтож, 13.0 хувь цөлжсөн. Судлаачдын тооцсоноор бэлчээрийн хэвийн даац хонин толгойд шилжүүлснээр 86 сая мал байхад тохиромжтой. Гэтэл одоо 120.7 саяд хүрчихсэн байна. Цаашид малын тоо өснө үү гэхээс буурахгүй.
Бэлчээрийн доройтлоос үүдэн гарч буй хамгийн эмзэглэмээр зүйл нь махны чанар юм. Энэ бол зөвхөн малчид бус Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг 2020 онд өгсөн ярилцлагадаа “Монголын мал цэвэр экологийн ургамлыг өөрсдөө сорчилж иддэг. Цэвэр байгалийн ургамал идэж байгаа мал өөрөө үл орлогдох бүтээгдэхүүн байхыг үгүйсгэхгүй. Зах зээлийн харилцаанд шилжихээс өмнө хонь нядлахад мах өөхний харьцаа тэгш байсан. Өөрөөр хэлбэл, өөхөн давхарга нь дандаа махан тарга байсан. Одоо бол “Хүчит шонхор” зах дээр зарагдаж байгаа махны өөхөн давхарга нь 3/2 нь буюу мах бараг байхгүй. Үүний учир нь бэлчээр муудах тусам махан давхаргыг үүсгэдэг тэжээллэг ургамлууд нь байхгүй болсон. Маш богино хугацаанд тарга авдаг ч ихэнх нь өөхөн тарга байдаг. Үүнийг зохицуулахын тулд цөөн тооны чанартай малтай байхын сацуу бэлчээрээ сэлгэж ашиглахгүй бол яваа яваандаа мал бэлчих бэлчээргүй болно. Энэ бол асар том аюул. Монгол хүний нэг онцлог нь ерөөсөө мал аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийдэггүй. Ноолуураа самнаад, намар мах болгоод зарчихдаг. Гэтэл үндсэн үйлдвэрлэлийн хэрэглэл болсон бэлчээр нь үнэгүй болохоор ерөөсөө анхаардаггүй” хэмээж байжээ.
Гэтэл өнгөрсөн сард Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавихад очиж сонирхвол П.Ганхуяг даргын хэлсэн шиг бидэнд аюул хэдийнэ ирчихжээ.
Тэрээр Монгол Улсад 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн ургамал ургаж байна. Гэхдээ энэ нь нэг наст “хогийн” ургамал хэмээх цочирдом мэдээллийг өгсөн юм. Өөр нэг харамсалтай мэдээ гэвэл бэлчээрийн гарцаас шалтгаалж, малын мах төдийгүй дайвар бүтээгдэхүүн, үс ноос, арьс ширэнд хүртэл өөрчлөлт гарч эхэлсэн байна.
МААЭШХ-ийн Бэлчээр тэжээлийн лабораторийн эрхлэгч, доктор Ц.Дэжидмаа
"Монгол орон бэлчээрийн эрс тэс уур амьсгалтай. Хөрс нь эмзэг экосистемтэй. Манай улсад сүүлийн 20-30 жил малын тоо толгой их өссөн. Бэлчээрийг зүй зохистой ашиглаагүйгээс бэлчээрийн ургамлын шим тэжээл 30-40 хувь буурсан."
Азийн хөгжлийн банкны “Тэжээлийн тогтвортой менежмент” төслийн ахлагч Л.Баяртулга
"Бэлчээр дээр бэлчиж байгаа мал цөөн төрлийн ургамлаар хоолловол эхлээд махны амт болон чанарт шууд нөлөөлнө. Шим тэжээлтэй бэлчээр багасаад байвал мал цаашдаа энгийнээр хэлэхэд шарилж зэрэг ургамлаас өөр идэх зүйлгүй болж магадгүй. Ингээд зарим эрдэс тэжээлийн дутагдалд орно. Үүнийг дагаж малаас гарч байгаа дагалдах түүхийн эдийн чанарт өөрчлөлт гарна. Махны гарц, дагалдах дайвар бүтээгдэхүүний чанар, арьс, ноос, ноолуурын чанарт ч шууд нөлөөлнө."
Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер
"Монгол Улс байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал."
Бид хандлага, сэтгэлгээгээ өөрчлөхгүй, мал аж ахуйг арай өөр нүдээр харахгүй бол малчин нь малаа хариулах бус, мал нь эзнийгээ “маллаад” байна. Эцэст нь дурдахад, УИХ дээр Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гурван ч хуулийн төсөл бий. Үүний хоёр нь бэлчээртэй холбоотой. Энэхүү хуулиар малчин өрх бүр улирлын болон отрын бэлчээртэй байх, бэлчээрээ хамгаалах, дур зоргын бус нийтийн зохицуулалттай бэлчээр ашиглалт руу шилжих гэж байна. Бэлчээр үнэгүй учраас бэлчээрийн даац хэтэрсэн. Харин одоо бэлчээр нарийн зохицуулалттай болсноор бэлчээрийн даацад тохирсон малын тоо бүрдэж, малын олноор ашиг хүртэхээс илүү үүлдэрлэг ашиг шимтэй байдалд илүү ач холбогдол өгдөг болно гэж харж байна. Цаашилбал, отор бэлэн бэлчээр хязгаартай болж малчид малын тэжээлээ тариалах, өөрсдөө бэлтгэх шаардлага руу түрэгдэнэ биз ээ.