“Рио-2016” олимпод оролцох Монголын баг, тамирчдад туслах, дэмжлэг үзүүлэх аяны хүрээнд “Увертьюра” хамтлаг “Олимпийн хөгжлийг дэмжих сан, Монголын Үндэсний олимпийн хороо, “Анир” студитэй хамтран “Бид эх оронтойгоо хамт” дууг бүтээлээ.

Тус хамтлагийн уран бүтээлчид дуугаа  МҮОХ-нд өнөөдөр албан ёсоор танилцуулав.

Ийнхүү СТА А.Эрдэнэ-Очирын шүлэг, СТА Ц.Эрдэнэбатын аяар бүтсэн эл уран бүтээл Монголын тамирчдын албан ёсны сүлд дуу болж байгаа нь энэ.

“Увертьюра” хамтлаг “Бид эх оронтойгоо хамт” дуугаа үүрэн телефоны “Скайтел”, “Мобиком”, “Юнител”, “Жи мобайл” компаниудтай хамтран сонсогчдын хүртэл болгох бөгөөд дуунаас олсон бүх ашгаа “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулж, “Рио-2016”-д оролцох тамирчдад хандивлах аж.