Африкт.
Матар олзоо идэх үедээ нулимс гаргадаг. Шавьжнууд матрын нулимсыг уудаг. Зөгий болон эрвээхэй, жижиг биетнүүд матрын нулимсаар 15 минут орчим хооллож цангаагаа тайлсан тухай уншиж байлаа.
Монголд.
Ус уухын заяа дутахааргүй өргөн нутагт дусал ус алтнаас үнэлэгдэх өдөр ойртов. Ус бол амь, ус бол амьдрал гэдгийг бохирдол хомсдол харуулах болов. Удахгүй энд хунгийн нулимс шиг цэвэр усыг хундгаар биш тунгаар зардаг болох вий.
Хот
Туул голын бохирдол зургаадугаар зэргийн буюу “Маш бохир” ангилалд орлоо. Хот орчимд хөрс, ус ихээр бохирдон, ундны уснаас элдэв савханцар илрэв. Туул голын бохирдлыг бууруулах ажилд ахиц, дэвшил гарсангүй. Зайсангийн аманд гурван хотхоны иргэдийн уух усанд шинжилгээ хийхэд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн гэж Усны газар мэдээллээ. Хүмүүс бие засаад гараа угааж энэ бодисоос сэргийлдэг. Гэтэл энэ бодис нь ундны уснаас илэрч байгаа нь бодит аюул. “Нью гарден”, “Шинэ өргөө”, “Ханбогд”, “Хангарьд сити-2”, “Гарден вилла”, “Богд вилла”, “Арцат виллиж”, “Хүннү вилла”, “Билмонте” гээд олон сайхан хотхон цэвэр усны асуудалтай. Айлуудын крантнаас өтгөн хар цай шиг өнгөтэй, зэвтэй бохир ус гарч байхад нийтийн эрүүл мэнд эрсдэлтэй гэж үзэхээс аргагүй. Яармагийн эх үүсвэрээс нийт 43 хэрэглэгч УСУГ-тай гэрээтэй. 21 орон сууцны хороолол, 251 байр, 279 хаус. УСУГ-ын хариуцсан төв шугамаас хоёр компани шугам татсан. Энэ хэсгийн шугамыг дурандан, зэв хөөх цэвэрлэгээ хийсэн. Гэсэн ч одоо хоолойнуудыг солих асуудал яригдаж байна. Хуулийн байгууллагад хүрч шалгагдахдаа тулсан энэ асуудал улсын комисс ажлыг яаж хүлээж авдагтай холбогдож байна.
Дорнод
Зөвхөн нийслэлд ундны усны бохирдол байгаа юм биш. Орон нутагт олон хүн суурьшсан томоохон аймгийн төвүүдэд ч асуудал байна. Жишээ нь, Дорнод аймгийн төв Чойбалсан хотын “Залуус” хорооллын ус. Гэхдээ энэ бол хөрсний усны бохирдолтой биш шууд шугам сүлжээ барилга байгууламжтай холбоотой. Засгийн газрын 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдсан хороолол. Даанч эхнээсээ дуустлаа бүх зүйл нь алдаатай. Алдаатай байгууламжийг улсын комисс нь хүлээгээд авчихсанаас болоод 200 орчим өрхийн 1000 иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын хэрэгцээгээ хангуулж чадахгүй асар их уджээ. Одоо оршин суугчид нь эхнээсээ харшилтай болж, бөөрний чулуутай болсон байна.
Жорлон
Нийслэлд төдийгүй олон мянган хүнтэй томоохон хот сууринд усны аюулгүй байдал хурцаар хөндөгдөж байгаа олон жишээ бий. Хаа хаанаа хариуцлагаа сулруулчихаад хариуцлага ярьдаг болсон дарга нартай манай улсад иргэдийн эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж үгүй юм. Гэтэл... Орон сууцжуулах, дэд бүтцийн шийдлээр зохицуулахаас өөр аргагүй асуудлыг газар олгож, зуух тарааж, гэр түгээж шийдсээр хотоо нийтэд нь жорлон болгочихсон. 680 мянган нүхэн жорлон. 17 мянган худаг. Нэг худаг тойроод 40 жорлон байхад ус цэвэр байх үндэсгүй. Хашаандаа худаг гаргуулсан айлууд бохирдолгүй ус ууж чадаж байгаа нь эргэлзээтэй. Худаг ухдаг, худаг гаргадаг компаниуд стандартын дагуу хийж байна уу гэдэг нь бүр эргэлзээтэй.
Цэвэрлэх
Урьдчилан сэргийлэх хяналтаар 69 обьектыг үзэхэд 41 мах боловсруулах төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усыг төвийн шугамд нийлүүлж байж. Эдгээрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 нь хаягдал усаа зөөврөөр зайлуулдаг. Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай л байна. Ус ашиглагчид химийн бодисын агууламж өндөртэй гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээндээ ихээр хэрэглэх болж. Төв цэвэрлэхийн ачаалал хэтийдэж, дутуу цэвэрлэгдсэн ус байгальд хаягдаж байна.
Туул
Төв цэвэрлэхийн ачааллыг бууруулж, сайжруулж байж Туул голын бохирдлыг багасгана. Дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгддэг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилсан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус Улиастай голд, Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж Сэлбэ голд, Баянгол буюу Найрамдал зуслангийн цэвэрлэх байгууламж Баян голд, Төв цэвэрлэх байгууламж болон Нисэх, Био тосгон, Био комбинатийн цэвэрлэх байгууламжууд нь цэвэрлэсэн хаягдал бохир усаа Туул голд нийлүүлдэг. Туул голын биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч агууламж 1375 мг/л хүрч, стандартаас 27.5 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 528 мг/л хүрч стандартаас 26.4 дахин давсан. Энэ бохир усаар Туул голоос доош Төв аймгийн Алтанбулаг, Өндөр ширээт, Лүн сумынхан ундаалж буй.
Савханцар
Улаанбаатар хотын орчимд хавар, зуны улиралд гол дагасан хүмүүсийн нөлөөтэй бохирдол нэмэгдэж. Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсээр. Одоо халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай. Химийн шинжилгээний үр дүнгээр химийн хэрэгцээт хүчилтөрөгч болон биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ Хүрээлэн буй орчин, усны стандартаас хэтэрсэн стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлттэй байгаа нь усны бохирдол хэт өндөр байгааг харуулж байна.
Өвөл
Өвөл болохоор хөрс, усны бохирдлоо мартаж болохгүй. Энэ бохирдол нүдний цаана улам ихсэнэ. Голууд хөлдөнө. Байгалийн урсцаар хөрсний болон бусад бохирдлыг зөөх үйл явц зогсоно. Жилийн турш борооны усаар тэжээгдэж байсан гадаргын ус ямар ч тэжээлгүй болно. Энэ тэжээлгүй болсон усыг бид хавар болтол ууна. Энэ хугацаанд газрын доорх усны түвшин буурна. Энэ бууралтыг нөхөхийн тулд хавар Сэлбэ, Улиастай, Туул голууд хатах тасрах явдал үүснэ. Үүний нөлөөгөөр хөрсний хаталт явагдаж усархаг борооны улмаас үер болон өвөлжин хуримтлагдсан хөрсний бохирдлыг бидэн дээр авчирч овоолно.
Усны нөөц
Монгол Улсын усны нийт нөөц 564.8 км3 . Үүнээс нуур, тойромд 500 км3 , гол, мөрний ус 34.6 км3 , мөнх цас, мөсөн хуримтлал 19.4 км3 , газрын доорх ус 10.8 км3 . Нийт усны нөөцийн 10.5 км3 усыг ашиглах боломжтой. Ус ашиглалтын 90 орчим хувийг газрын доорх уснаас хангадаг. Ус ашиглалт жил ирэх бүр нэмэгдэж байна. Усалгаатай газар тариалан нийт ус ашиглалтын 25 хувийг, мал аж ахуй 31 хувийг, уул уурхай 15 хувийг, унд ахуйн хэрэглээ 14 хувийг, эрчим хүч дулаан найман хувийг, үйлдвэр ахуйн үйлчилгээ долоон хувийг эзэлдэг. Хүн амыг ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлж байгаа зөвшөөрөл бүхий 222 хуулийн этгээдэд 12088 инженер, техникийн ажилтан, ажиллагсад 24 цагийн турш тасралтгүй ажиллаж хоногт дунджаар 310.3 мянган.м3 усыг олборлон 3783 км шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээж байна. Олборлосон усыг алдагдалгүй түгээхийн тулд усны эх үүсвэрийн 94 хувийг тоолууржуулсан, нийт айл өрхийн 91.2 хувь, үйлдвэр, аж ахуйн нэгжийн 99.7 хувь нь баталгаат тоолуураар төлбөр тооцоогоо хийж байна.
Эрсдэл
21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэг, төмөр замын дагуух 128 зөрлөг, суурины гүний худаг төвлөрсөн шугам сүлжээний 3582 цэгээс дээж авч ерөнхий физик, хими, бичил элемент, цацрагийн аюулгүйн шинжилгээг 88 үзүүлэлтээр тодорхойлсон. Шинжилгээний дүнгээр 1367 сорьц нь эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын стандартыг хангахгүй нь тогтоогдсон. Сорьцын 62 хувь нь унданд шууд хэрэглэх боломжтой, дөрөв орчим хувь нь ундны усанд хэрэглэх боломжгүй, үлдсэн 34 хувь нь нэмэлт шүүлтүүр суурилуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа унданд хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Усны чанар, аюулгүй байдлын хяналт, шинжилгээний 60 орчим лабораторитай, үүнээс цэвэр усны 28, бохир усны 29 лаборатори ажилладаг. Гэр хорооллын хүн амыг ундны усаар хангадаг 1525 ус түгээх байртай. Үүнээс 101 буюу 6.6 хувь нь гүний усаар, 657 буюу 43.1 хувь нь зөөврийн, 767 буюу 50.3 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.
Хөх морь
Говийн бүсэд усны хэрэглээ 2040 онд жилд 59,066.9 мян.м3 -д хүрч өнөөгийн түвшингөөс 2.4 дахин нэмэгдэнэ. Цаашид газрын доорх усны нөөцөөс хангах боломжгүй болно. Тиймээс гадаргын усыг шилжүүлэн ашиглах төслүүдийг хэрэгжүүлэхээр “Хөх морь” төсөлд нэгтгэсэн ч хөх морины хөл тушаатай хилийн усны хэлэлцээр шийдэгдээгүй байна. Техникийн боломжтой байршлуудад буюу 12 гол дээр 33 газарт 52 тэрбум шоо метр ус хуримтлуулах боломжтой. Зөвхөн “Орхон Онги” төсөл хэрэгжихэд л дөрвөн аймгийн байгаль экологийг сэргээж, бүс нутгийн ус ашиглалтыг сайжруулах, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлнэ. Энэ бүхэн хилийн усны хэлэлцээр дээр гацсан. Хэрлэн голын гадагшаа урсацтай хэсэг дээр хаалт тавихыг Хятадын тал хүлээн зөвшөөрөөгүй бол Орхон голтой холбоотой хилийн усны хэлэлцээрийг ОХУ хоёр дахь удаагаа хойшлуулчихаад байна. 2024 онд ахин хэлэлцээр хийнэ.
Шийдэл
-Цэвэр усны шугамыг зэс хоолойгоор солих
-Усны хоолой, хэрэгсэл, барилга байгууламжид өндөр стандарт мөрдөх
-“Хөх морь” төслийг хэрэгжүүлж, гадагшаа урсгалтай голуудыг бүрэн ашиглах
-Хөрсний чийгийн ууршилтыг багасгаж, усыг хэмнэлттэй, дахин ашигладаг болон хуурай аргын технологийн шийдлүүдийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх
-Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэж ашиглах
Ус-амь
Ус бол амь. Ус бол амьдрал. Шийдэгдээгүй, шийдэж чадахгүй олон асуудал, бэрхшээл байсан ч шийдэж чадахыг бид зольсон. Золихдоо мөнгөөр сольсон. Авлигачдад тэр нь очсон. Хот нь жорлон, хөрс нь бохирдол, ус нь савханцар болсон. Гоё нэртэй олон хотхоны уснаас найруулсан цайны өнгө гоожиж, эхнээсээ харшилтай бөөрний чулуутай болж эхлэв. Бид цэвэр усны бохирдол, хомсдолд орох нь. Цэвэр ус уухын тулд матрын нулимс шиг ховор эдийг хунгийн нулимс шиг граммаар хэмжин алтнаас үнэтэй хэрэглэдэг болох вий.