Монгол сурагчдын боловсролын үнэлгээ олон улсын түвшинд баталгаажиж, хэмжигдлээ. Тодруулбал, Монгол Улс анх удаа сурагчдын амжилтыг үнэлүүлж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2022 онд Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-д хамрагдсан. Тэгвэл тус үнэлгээний үр дүнг өчигдөр БШУЯ-наас танилцууллаа.
PISA гэж юу вэ?
PISA олон улсын үнэлгээ нь гурван жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг үнэлгээ юм. PISA үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага 2000 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн 90 гаруй орон хамрагддагаараа олон улсын томоохон үнэлгээний нэгд тооцогддог. Сурагчдын мэдлэг чадварыг математик, байгалийн ухаан, уншиж ойлгох чадвар болон танин мэдэхүйн бус бусад чадварыг сорьсон даалгавруудаар үнэлэхээс гадна сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг үнэлгээнд хамрагдсан сурагчдаас авдаг цогц судалгаа юм.
PISA үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдав
PISA үнэлгээнд манай улсын 196 сургуулийн 15 настай 7276 сурагч хамрагдсан бөгөөд үнэлгээнд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон аж. Улмаар тухайн шалгалтыг 2022.04.11-05.14-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Үнэлгээг тодорхойлох шалгалтыг компьютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр авах боломжтой байдаг бол манай улсын тухайд компьютерт суурилсан хэлбэрээр анх удаа хамрагдсан юм. Улмаар үнэлгээнд хамрагдсан сурагчдаас хоёр цагийн турш компьютерт суурилсан унших чадвар, математик, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний ур чадварыг үнэлэх сорилд хамруулсан байна.
Тэгвэл тухайн шалгалтын үнэлгээгээр манай улсын сурагчид чамлахааргүй амжилт гаргасан байна. Тухайлбал, Монгол Улс математикийн гүйцэтгэлийн ерөнхий дүнгээр PISA-ийн үнэлгээнд хамрагдсан 81 орноос 47 дугаарт орсон байна. Түүнчлэн анх удаа PISA үнэлгээнд орж байгаа зургаан орноос нэгдүгээр байрт оржээ. Гэвч манай улс математикийн үнэлгээгээр бусад орноос 2.3 жил, Азийн орнуудаас 1.2 жилийн хоцрогдолтой гарсан байна.
Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо:
- OECD-ын дундаж үнэлгээ оноо 472
- Азийн дундаж оноо 451
- Монгол 425

Унших чадварын гүйцэтгэлийн үнэлгээгээр сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэсэн үр дүн гарчээ. Тухайлбал, манай улсын PISA-д үзүүлсэн хамгийн сул үр дүн нь сурагчдын унших чадварын үнэлгээ аж. Унших чадварын үнэлгээг эргэцүүлэн бодож чадаж байгаа эсэх, эссэ бичиж чадаж байгаа эсэх, өөрийгөө илэрхийлж чадаж байгаа эсэх гэсэн үзүүлэлтийн нийлбэр дүнгээр хэмждэг байна. Тэгвэл энэхүү үнэлгээгээр манай улс 81 орноос 65 дугаар байрт орж, олон улсын үнэлгээний хэмжээнээс таван жил, Азийн дундаж хүүхдээс 2.5 жилийн хоцрогдолтой гэсэн дүгнэлт гарчээ.
Унших чадварын гүйцэтгэлийн оноо:
- OECD-ын дундаж оноо 476
- Азийн дундаж оноо 427
- Монгол Улсын оноо 378

Байгалийн ухааны ур чадварын гүйцэтгэлийн үнэлгээгээр манай улс 81 орноос 53 дугаар байрт орж, олон улсаас гурван жилийн, Азийн дунджаас 1.8 жилийн хоцрогдолтой байна гэсэн үр дүн гарчээ. Гэсэн хэдий ч энэхүү үнэлгээгээр манай улсын 11 сурагч топ түвшинд үнэлэгдсэн байна. Гэхдээ үнэлгээнд хамрагдсан сурагчдын хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрээгүй байна гэж үнэлэгджээ.
Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо:
- OECD-ын дундаж 485
- Азийн дундаж оноо 449
- Монгол Улсын оноо 412

PISA үнэлгээг дэлгэрүүлж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Тэрээр "Тухайн үнэлгээний үр дүнгээс харахад хэд хэдэн эмзэг бөгөөд анхаарал хандуулах шаардлагатай үр дүн гарсан байна. Унших чадварын тухайд 10 хүүхэд тутмын 6 нь буюу 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй байна. Мөн гурван хүүхэд тутмын хоёр нь суурь түвшиндээ хүрэхгүй байгаа тул унших чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсжээ. Түүнчлэн шинэ залуу багш нарт анхаарал хандуулах, сайн багш бэлтгэх дээр ач холбогдол өгөх нь чухал байна. Өөр нэг чухал анхаарал хандуулах зүйл нь манай улсад үе тэнгийнхний дээрэлхэлд OECD-ийн дунджаас дээгүүр, Азийн дунджаас арай бага түвшинд байна. Үүнээс үзэхэд нийт хүүхдүүдийн 21.3 хувь нь ил болон далд хэлбэрийн үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж байна. Түүнчлэн Монгол Улсад төрийн болон хувийн сургуулийн гүйцэтгэлийн ялгаа хөл зөрүүгүй байна. Үнэлгээнээс харахад өндөр төлбөр төлөөд сурч байгаа хүүхэд өгөөжөө хүртэхгүй байна" гэв.
Ийнхүү анх удаа PISA үнэлгээнд хамрагдсан манай улс цочролд оролгүй өнгөрөөж чадлаа. Зарим түвшинд хоцрогдол их байгаа хэдий ч боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгөөр нь авч үзвэл бага хөрөнгө зарцуулсан ч чамлахааргүй боловсролыг олгож байгаа нь тус үнэлгээгээр гарчээ. Улмаар олон улстай харьцуулахад алтан дундаж гэж тодорхойлж болохоор байна хэмээн салбарын сайд онцлов. Зарим улс орны хувьд PISA үнэлгээнд анх удаа ороод шоконд ордог бол манай улс цочролгүйгээр дундаж үнэлгээ авч чадлаа.
Дашрамд дурдахад, PISA цочрол гэдэг нь тухайн үнэлгээнд хамрагдан, үр дүн тайлан гарах үед анх удаа оролцож байгаа улс орнууд хүлээсэн үр дүн нь дээгүүр эсхүл доогуур түвшинд гарснаас ч юм уу, бусад улс орнуудтай харьцуулагдан эрэмбэлэгдэх үед цочролд ордог. Энэ нь өргөн тохиолддог үзэгдэл бөгөөд олон улсад “PISA shock” гэж нэрлэдэг. PISA цочролд орсон улс орнууд үнэлгээгээр илрүүлсэн үр дүн нь боловсролын тогтолцоондоо өөрчлөлт хийх боломж хэмээн үзэж ул суурьтай, нарийн шинжилгээ, дүгнэлт хийж өөрчлөлтийг эхлүүлдэг байна.