
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулахаасаа өмнө мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараахь байдлаар хариуллаа.
-Баянгол дүүрэгт нэр дэвшигч П.Бямбачулуун гэдэг хүн нэрээ сольж Лүндээжанцан гэдэг нэрийг сонгосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ нэрээр нь бүртгэсэн үү?
Ц.Болдсайхан:
-П.Бямбачулуун гэдэг хүн нэрээ сольж Лүндээжанцан гэдэг нэр авсан тухай гэрчилгээг төрсний гэрчилгээнийхээ хамт бидэнд ирүүлсэн. Үндсэн материалтай нь танилцахад намаасаа П.Бямбачулуун гэдэг нэрээрээ нэр дэвшсэн байсан. Мөн намынх нь хурлын тэмдэглэлийг үзэхэд өөрийгөө П.Бямбачулуун гэж танилцуулсан байсан. Тиймээс СЕХ-ны гишүүд хэлэлцээд П.Бямбачулуун гэдэг нэрээр нь бүртгэсэн. Үүнээсээ өмнө Чингэлтэй дүүргийн Засаг даргаас тодруулга авсан. Овог, нэр солих асуудал нь дүүргийн Засаг даргын захирамжаар шийдэгддэг. Дүүргийн Засаг дарга нь “Ийм захирамж гараагүй. Харин ийм төсөл явж байсан” гээд тухайн төслийг нь бидэнд ирүүлсэн. Иргэний бүртгэлийнх нь ажилтан нэрээ сольсон тухай бичгийг нь хийж өгсөн юм билээ. Тухайн ажилтнаа цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гэсэн.
-АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр төлөвлөж байсан Б.Батбаатар Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшихээр СЕХ-нд хандсан ч бүртгээгүй гэсэн. Харин ИЗНН-аас нэр дэвшигчээр бүртгэсэн юм уу?
Ц.Болдсайхан:
-Б.Батбаатар Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшихээр хүсэлтээ ирүүлсэн. Гэтэл АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр даргаас “Б.Батбаатар нь манай намаас гараагүй” гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу бид шалгаж үзсэн. Чингэлтэй дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга түүнийг тавдугаар сарын 27-нд намаасаа гарсан болохыг баталсан. 27 бол намаас нэр дэвшүүлэх сүүлийн өдөр байсан. АН-ын ҮЗХ тухайн өдрийн 23.52 цагт нэр дэвшигчдээ тодруулж дууссан. Харин Иргэний хөдөлгөөний нам нь 18.40 цагт нэр дэвшигчдээ тодруулж дууссан байсан. Тэгэхээр нэгэнт л Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшихээр болчихсон байсан бол АН нэр дэвшигчдээ тодруулж дуустал ҮЗХ-д суух шаардлагагүй байх нь ойлгомжтой. Гэтэл АН-аас ирүүлсэн баримт материал, ҮЗХ-ны видео бичлэгийг үзэхээр Б.Батбаатар Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшигчдээ тодруулж дууссанаас хойш ҮЗХ-ны хуралд сууж байсан нь батлагдсан. Харин тэрээр өөрөө “ҮЗХ-ны гишүүн учраас намаасаа гарч байгаагаа хэлэх гэж очсон юм” гэж тайлбарласан. Гэсэн хэдий ч бид түүнийг Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигчээр бүртгээгүй.
СЕХ хамгийн анх ИЗНН-ыг бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Анхан шатны шүүх манай шийдвэрийг зөв гэж үзсэн. Харин Дээд шүүх “Хэдийгээр СЕХ ИЗНН-ыг зөрчилтэй гэж үзэн бүртгээгүй нь зөв боловч засч болох алдаанаас хамаарч иргэдийн сонгох, сонгогдох эрхийг нь зөрчиж болохгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна. Тиймээс СЕХ-нд ИЗНН-ыг бүртгэхийг даалгаж байна” гэсэн утгатай шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу ИЗНН-ыг бүртгэсний дараа тус нам нэр дэвшигчдээ тодруулсан. Ирүүлсэн нэр дэвшигчдийнх нь дотор Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшихээр материалаа ирүүлээд байсан Б.Батбаатарын нэр байсан. ИЗНН-д элссэн байсан. Тиймээс ямар ч татгалзах зүйлгүйгээр ИЗНН-аас нэр дэвшигчээр бүртгэсэн.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд түүний гэргий О.Цолмон нь нэр дэвшихээр болсон гэж үнэн үү?
Ц.Болдсайхан:
-МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъяан нарын ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэсэн цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд буюу 75 дугаар тойрогт О.Цолмон гэдэг хүнийг нэр дэвшүүлэхээр материалыг нь ирүүлсэн. Материалтай нь танилцахад ямар нэгэн дутуу зүйл байгаагүй, зөрчил илрээгүй. Тиймээс түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн.
-СЕХ хуульд заасны дагуу сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх үүрэг хүлээж байгаа. Энэ чиглэлдээ ямар ажил хийж байгаа вэ?
Ч.Содномцэрэн:
-Ирцийг нэмэгдүүлэх тал дээр СЕХ ажиллаж байгаа. Саяхан аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан семинар хийсэн. Энэ үеэр ирцийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажил хийх үүрэг өгсөн. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриална. Гуравдугаарт, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан урилгыг иргэдэд хүргүүлнэ.
Мөн ирц нэмэгдүүлэх чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын байгууллага гэх мэт төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Зарим улс орон сонгуульдаа идэвхтэй оролцсон иргэдээ урамшуулдаг. Жижигхэн гарын бэлэг өгөх гэх мэт. Харин манайд үүнийг зөвшөөрдөггүй юм.
Сонгуульдаа оролцоогүй бол торгодог систем ч байдаг. Тухайлбал, Австралид 20 доллараар торгодог. Манай хуулиар торгохыг зөвшөөрөхгүй. Сүүлийн үед ирц буурч байгаа тухай мэдээлэл их гарч байгаа. Анх сонгууль явуулж байсан үеийнхтэй харьцуулахад буурч байгаа нь үнэн. Харин бусад оронтой харьцуулахад буурсан гэхэд хэцүү. Ардчилал хөгжсөн, ардчилсан сонгууль зохион байгуулдаг улс орнууд бол 20 гаруй хувийн ирцийг хангалттай гэж үздэг юм билээ. Ирсэн ирцээр нь тооцдог гэсэн үг. Манайд бол нийт сонгогчдын олонхи гэж тооцдог. Цаашдаа үүнийг бас бодох л хэрэгтэй. Европын орнууд 20 гаруй хувийн ирцээ яаж сайжруулж байна вэ гэхээр интернэт, баталгаат шуудангаар санал авдаг болсон.