Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Монгол хүн” хэмээх гурван цуврал ном уншигчдын гарт очиход бэлэн болжээ.
“МОНГОЛ ХҮН: ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БОДОЛ” хэмээх бүтээл
Монгол хүн гэж хэн бэ. Үүх түүх, уг удам, үндэстний хуваагдал, түүнчлэн өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсийг ч үндэсний үзэл санаатай холбож, үндэстнийхээ оршихуйн тухайд сэтгэл зовниж явдаг хэн бүхэнд зориулсан эл номыг 2022 оны хавар бичжээ.
“МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ЧАНАРУУД “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-Д" хэмээх бүтээл
Монголчуудын эрхэм сайхан зан чанарууд түүхэн сурвалжид хэрхэн туссан тухай энэхүү номыг 2019 оны хавар бичсэн бөгөөд “Нууц товчоон” бол монгол үндэстний “ёс зүйн библи” гэсэн санааг дэвшүүлсэн болно. Монгол Улс бүх талаараа дэлхийд тэргүүлж явсан үеийн сэтгэлгээгээр л бид үр удмаа хүмүүжүүлэх учиртай билээ.
“МОНГОЛ ХҮН: ХУДАМ БИЧГЭЭС ГҮН СЭТГЭЛГЭЭ РҮҮ” хэмээх бүтээл
Монголчуудын бичиг үсгийн түүхийг арай өөр өнцгөөс харж, басхүү шинэ таамаг дэвшүүлэх гэж оролдохын хамт монгол туургатнаас төрсөн сэхээтнүүдийн тухай бичвэрүүдээр дамжуулан манай үндэстэн эрдэм боловсролыг эрхэмлэдгээрээ бусад нүүдэлчин ард түмнээс илт ялгарч байсан онцлогийг бахархан сануулахыг хичээжээ. Энэ номыг 2022 оны зун бичсэн байна.
Эдгээр гурван номыг “Талын язгууртан” сан ивээн тэтгэсэн байна. Номуудын хавтсыг гэрэл зурагчин О.Баярсайханы бүтээлээр чимэглэжээ.