УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг УИХ-аас нэр дэвшүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Ингэснээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон юм.
УИХ-ын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг УИХ-ын даргын санал болгосны дагуу УИХ томилж, чөлөөлнө” хэмээн заажээ. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргад Д.Энхбатыг нэр дэвшүүлжээ.
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигч Д.Энхбатын товч намтрыг танилцуулъя.
Нэр дэвшигч Д.Энхбат "126 гишүүнтэй УИХ-ын түүх эхлэх гэж буй чухал, хариуцлагатай үед УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу УИХ-ын арын албыг дааж ажиллах хүндтэй, хариуцлагатай үүрэгт ажилд нэр дэвшиж байна. УИХ дэлхийн парламентуудаас анх удаа хүний эрхийн мэдрэмжийн өөрийн үнэлгээгээ амжилттай хийсэн. Жендерийн мэдрэмжтэй парламентын үнэлгээ дэлхийн 10-аад оронд өмнө нь хийгдсэн юм билээ. Олон улсын парламентын холбоонд өндрөөр үнэлэгдэж, дэлхий дахины анхаарлыг татсан энэхүү ажлыг гүйцэтгэхэд УИХ-ын өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан маш хичээл зүтгэл гарган ажилласан. Тамгын газрын удирдлагын баг УИХ-ын Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж энэ том ажлын ард гарлаа. Үндэсний болон олон улсын экспертүүд ч үнэтэй чухал зөвлөмжүүдийг өгсөн. Томилогдвол тэдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, УИХ-ын холбогдох ажлын хэсэгтэй хамтарч ажиллана" гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэн юм. Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Энхбаярыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.