
“Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй”
(Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 22 дугаар зүйл)
“Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”
(Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйл)
Монгол Улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар 364.6 мянган ахмад настан амьдарч байна. Тэдний зарим нь нийгэмдээ, үрдээ хаягдсан. Тиймдээ ч өдөр хоногийг арга ядан өнгөрүүлж, гундуухан алхаж явна.
Тэтгэврийн хэдэн төгрөг нь хүрэлцдэггүй, шаардлагатай эм тариа хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжгүй гээд олон бэрхшээлтэй тулгардаг. Мөн тэдний цөөнгүй нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, доголон нулимсаа ханцуйгаараа шударч суугаа нь харамсмаар.
Үр хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад ханддаггүй

Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүгийн гэмт хэрэгт 187, зөрчлийн хэрэгт 2358 ахмад настан өртөж хохирсон гэх мэдээлэл цагдаад бүртгэгджээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2020-2022 онд нийт 8092 хүн хандаж, зөвлөгөө үйлчилгээ авсны 690 нь ахмад настан байна. Ахмадуудын олонх нь цагдаагийн байгууллагад ханддаггүй бөгөөд шалтгаанаа үр хүүхдийнхээ нэр төрийг бодсон, дарамт шахалтаас айсан, хандаад нэмэргүй байсан, өвчтэй, хэвтэрт гарах боломжгүй гэж тайлбарлажээ. Тэд маш цөөн тохиолдолд цагдаад ханддаг. Эдгээр тохиолдол нь амь насанд нь аюул учирсан, эсхүл хүнд, хөнгөн гэмтэл учирсан тохиолдолд л цагдаагийн байгууллагад ханддаг байна. Харин бусад тохиолдолд буюу сэтгэл санааны болон үл хайхрах, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүдэд хууль хяналтын байгууллагад тун ховор ханддаг.
Аюулд орсон эрэгтэй ахмадуудад очих газар алга

Ахмад настнууд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан долоон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм байна.
Гэсэн хэдий ч хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийн хувьд зарим төрлийн үйлчилгээг авах боломжгүй байна. Жишээлбэл, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг нэг байранд байлгах боломжгүйн улмаас амь нас нь аюулд учирсан тохиолдолд ч түр хамгаалах байранд хүлээж авдаггүй талаар ХЭҮК-ын 22 дахь илтгэлд дурджээ.

(ХЭҮТ-ийн хөтөлбөрийн менежертэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул
Гэрээсээ хөөгдөж, гудамжинд гарвал асрамжийн газарт очих боломжгүй

Түгээмэл учирдаг нэг асуудал нь тэжээн тэтгэх үр хүүхэдтэй боловч хүчирхийлэлд өртсөн, эсвэл хөөгдөж гудамжинд гарсан ахмад настан Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтад зааснаар асрамжийн үйлчилгээ авах боломжгүй байна.
Энэхүү заалт нь
19.2.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:
19.2.1.тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан ...
Тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл ахмад настанд хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон л бол асрамжид очно. Тиймээс энэхүү хуулийн заалтаар эрүүл саруул үр хүүхэд нь эцэг эхийгээ асрах чадвартай байж гудамжинд хөөж гаргасан түүнийг хүлээн авах боломжгүй.

(ХЭҮТ-ийн хөтөлбөрийн менежертэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Зөвхөн ахмадууд л бус
Одоогоор манай улсад эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах байр л байхаас бус эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх зэрэг зорилтот бүлгийнхнийг аюулд өртсөн тохиолдолд хамгаалах байр алга. Эрэгтэй хүн хүчирхийлэлд өртдөггүй гэсэн хууль байхгүй. Хүчирхийллийг эрчүүд л үйлдэж, эмэгтэйчүүд л хохирдоггүй.
Хамгаалах байрын асуудлыг нэн даруй шийдэхгүй бол амь насанд нь эрсдэл учирсан ч очих газар тэдэнд алга. Хуулийн зохицуулалтаа эргэн харахгүй бол гэрээсээ хөөгдвөл асрамжинд очиж чадалгүй гудамжинд гарах нь.
Тиймээс хүйсийн ялгаатай байдалд нийцүүлж хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг төрөлжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг ХЭҮК-оос онцолжээ.
Далд хүчирхийлэл

Бие махбодийн хүчирхийллээс гадна ахмадууд дараах хүчирхийлэлд үргэлж, цаг ямагт өртөж байна. Тодруулбал, хүүхдүүд нь тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах, үл хөдлөх хөрөнгийг нь өөрийн нэр дээр авах, байрнаас нь хөөх, хөрөнгөнөөс болж үр хүүхдүүд нь маргаж, сэтгэл санааг нь зовоох зэрэг асуудлуудад байнга тулгамддаг болжээ. Үүнтэй холбоотой сэтгэл өвтгөм жишээнүүдийг хүргэе.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд ахмад настны хүчирхийлэлтэй холбоотой дараах тохиолдлуудыг нэрлэжээ.
Хөдөөгийн ахмад хүмүүсийг навсайгаад гэж хэлж байгаа хүнийг би харсан. Үйлчилгээний байгууллагууд ахмадуудыг гаднах төрхөөр нь ялгаварлаж харьцаж байна. Их эмч хүн хүртэл ялгаварлаж байсан, надад их муухай харагдсан...
(Ховд аймгийн Жаргалант сумын ахмад настантай хийсэн ярилцлагын хэсгээс)
Жишээлбэл: нэг эмээ “эмнэлэг дээр байна, миний нуруу хугарсан гэж байна” гээд хүүхэд рүүгээ залгахад хүүхэд нь “Тэгээд би яах юм, завгүй байна” гээд ярьж байсан. Гэр хорооллын хөгжлийн бэрхшээлтэй нэг хөгшин тэтгэврээ авах гэж хоёр буудлын цаана байдаг банк руу өдөржин явдаг тохиолдол мэднэ. Биеийн хүчирхийлэлд өртөөд байгаа өрөвдөлтэй тохиолдолтой бас таарч байсан. Тэр хүн хүүхэдгүй, хамаатныдаа байдаг. Нүүр амыг нь хөх эрээн болтол нь зодчихсон “Энэ хүмүүс намайг зодоод байдаг юм, тэгээд би одоо яг яах ёстой юм бол. Хорооны цагдаа дуудах ёстой юм бол уу” гэдэг. Дараа нь дахиад намайг дуудахад тэр хүн харваад нас барчихсан байсан. Мөн хүүхэд хараад ч гэдэг юм уу эсвэл үл хайхрах, санхүүгийн хүчирхийлэл бол маш их...
(Геронтологийн үндэсний төвийн эмчтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
... Манай охин дээд боловсролтой, нийслэлийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд багшийн ажилтай. Миний тэтгэврийн картыг ашигладаг боловч намайг гэрээсээ хөөж, хог түүж траншейгаар амьдрахад хүргэж байсан...
(Сонгинохайрхан дүүргийн ахмад настантай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Манай хорооны нэг ахмад настан насаараа хөдөлмөрлөсөн, үр хүүхдээ өсгөсөн. Хүүхдүүд нь байгаа хэр нь хайхардаггүй. Өөрийнх нь амьдарч байсан газар дахин төлөвлөлтөд ороход хүүхдүүд нь эрхийг нь нэр дээрээ шилжүүлээд, баригдсан барилгад нь ороод суучихсан байх жишээтэй...
(Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нийгмийн ажилтантай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)