Цонх, хананы цаанаас утаа, тортог үнэртэж, орцны үүдээр гарахтай зэрэг нүд арган, хоолой хорсоно. “Энэ дүнсгэр бүүдгэр, дүнхийж сааралтсан орчинд бүхэл өдрийг, бүтэн улирлыг бүр цаашилбал бүх насаа өнгөрөөнө” гэх гунигт бодол тээсээр хүүхдээ хөтлөн, цэцэрлэгийнх нь зүг гэлдчив. Цэцэрлэгийн үүдэнд ээж, аавтайгаа хөтөлж, анги руугаа яарах багачууд холхино. Тэдний олонх нь бүгшиж ханиах бөгөөд эцэг, эхчүүд нь “Хүүхэд ханиадтай байгаа. Эмийг нь цагт нь өгөөрэй” гэж багшид нь учирлана. Ханиадтай хүүхэд авмааргүй байдаг ч ээж, аавынх нь ажил, албатайг мэдэх учир буцааж зүрхэлдэггүйгээ багш нь учирлана.  Ийм агаар, тийм орчинд амьсгалын зам эрүүл байж, ханиахгүй, ханиад хүрэхгүй байх боломжгүйг эцэг, эхчүүд ч ойлгосон нь илт. Ханиадтай хүүхдийг буцаа, боль гэж хажиглаж, хаширлах ч хүн байсангүй. Утаатайгаа, утаанаас үүдэлтэй өвчлөлтэйгөө хаа, хаанаа эвлэрч, дасан зохицож байх шиг санагдана.

Арга ч үгүй биз. Утаа шинэ сэдэв биш. Нийслэлийн иргэд жил бүхэн л утаагаар “утуулж”, багачууд өвлийн турш уушгины өвчлөлд өртөж, эмнэлгийн үүд татдаг.  Уг нь энэ байдлыг халах, өөрчлөх асуудлыг үе, үеийн эрх баригчид хөндөж, улсын төсвөөс ч шаггүй мөнгө зарцуулдаг. Гэвч өнөө хэр нь нөхцөл байдал сайжирсангүй, өнөөх утаа арилсангүй.

Харин ч утаа гэх сэдэв хэн нэгний хүслээ гүйцээх талбар, хүссэндээ хүсэх тасалбар, хөлжих, хөрөнгөжих боломж болж хувирчээ.

Өнгөрсөн хугацаанд улс, нийслэлийн төсвөөс утаа бууруулах нэрийдлээр хэчнээн төгрөг “салхинд” хийсгэсэн талаар мэргэжлийн байгууллага анх удаа гогцоодсон нь Үндэсний аудитын газрын хийсэн аудит юм. Тус байгууллага “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг олон нийтэд ил болгосон.

Эндээс харахад, тус дөрвөн жилд агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 456.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнээс өмнө буюу 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 тэрбум төгрөг, зарцуулжээ.

Харин түүнээс хойш 2021 онд 30.9 тэрбум төгрөг 2022 онд 34.5 тэрбум төгрөг байсан бол  2023 оны хувьд 39.2 тэрбум төгрөгийг зөвхөн нийслэлийн төсвөөс төсөвлөсөн байна. Улсын төсвөөс болон гаднын зээл, тусламжийн мөнгийг ч утаа бууруулах чиглэлд урсгаж байгаа. Ийн 10 гаруйхан жилийн хугацаанд утаа бууруулах чиглэлд нэг их наяд илүү мөнгө зарцуулжээ. Гэвч байдал бахь байдгаараа, харин ч бүр дордсон янзтай байгаа юм.

Шалгалтад “унасан” шахмал түлш

Утаа бууруулахын тулд иргэдэд яндан, зуух тарааж, тог, цахилгааных нь төлбөрөөс хөнгөлж, гэр, байшингаа дулаалахад нь дэмжлэг, тусламж үзүүлэх зэрэг элдэв аргаар додомдож ирсэн. Тэдгээрээс хамгийн цогц хийгээд дорвитой ажил нь түүхий нүүрсийг хэрэглээнээс халсан явдал байв. Тодруулбал, 2019 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрсийг оруулахыг хориглож, гэр хорооллын айл, өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Улмаар үйлдвэрийн аргаар гаргаж авсан шахмал түлш хэрэглэх болов.

Эхэндээ ч утааны харагдах байдал нь илт буурч, иргэд ч ам сайтай байв. Гэвч түүнээс хойш саарал унаа суунаглах урьдын байдалд шилжсэн. Сайжруулсан шахмал түлшний чанар жилээс жилд буурч, хотын утаа нэмэгдэх болсныг иргэд ч хэлж буй. Харин албаныхан өөр байр суурьтай байдаг. Түлшний чанар хэвийн, стандарт мөрдөгдөж байна гэх мэдэгдлийг удаа дараа илэрхийлдэг. Гэвч хоолой хоргом утаа өнөө ч өөрчлөгдөхгүй байгаагийн учрын тэд эрж дөнгөдөггүй. Нэрэн дээрээ тэд ийн хаацайлдаг ч нидэр дээрээ түлшний чанарт анхаарч, агаарыг чанарыг сайжруулах шаардлагатайг олж харж л байгаа. Үүнийг гэрчлэх ганц жишээг сийрүүлье, өнгөрөгч наймдугаар сард шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм.

Мөн үеэр шахмал түлшийг  хагас коксжсон нүүрсээр сэлгэх тухай асуудал сөхөгдөв. Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлинг буюу сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9%, хүхэр 57.7%, үнслэг 37.2%-иар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, азотын исэл 23.5%-иар тус буурсан үр дүн гарсан аж. Энэ гаргалгаагаа олон нийтэд танилцуулсан ч гээгдэхээсээ хаширсан түмэн эрс эсэргүүцсэн. Ийнхүү урьд урьдны урагшгүй ажил, үрсэн мөнгөний балгаар энэ ажил ч утаа болон замхарсан юм. Утаатай холбоотой замхарсан ажлуудаа эмхэлж, үрсэн төсвөө цэгцэлж, цэгнэхгүй бол улсаараа, хотоороо хордож, үр хүүхдээ өвчний "үүр" болгоход ойрхон байна.