Хууль тогтоох байгууллагад ард түмнийг төлөөлж сонгогдоод эрх мэдлээ хэрэгжүүлж байгаагийн хувьд УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь хууль хэлэлцэн батлах. Тэгвэл хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаагаас тэдний ажлын үнэлгээ хамаарна гэхэд хилсдэхгүй. Гэтэл УИХ-ын гишүүд хуралдаанд суудаггүй, ирц бүрддэггүй асуудал үеийн үед байсаар ирсэн. Гэхдээ энэ удаагийн парламентын гишүүдийн идэвх зүтгэл илүүтэй муу байгааг сүүлийн үеийн хуралдааны ирцээс илт харагдана.

Жишээ 1. Улсын төсвийн төслийг "унагах" дөхөв

Өнгөрсөн сарын 19-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дуусаад санал хураалт явуулахад чуулганы танхимд ердөө найман гишүүн байсан нь төсвийн төслийг унагах дөхсөн. Тодруулбал, хуралдааны ирц 72 хувь харагдаж байгаа ч, найман гишүүний дэмжсэн санал 50 хувьд хүрэхгүй учраас төслийг Засгийн газарт буцаах нөхцөл үүссэн юм. Улмаар санал хураалтыг маргааш нь үргэлжлүүлэхээр болж, ажлын цаг дууссан шалтгаанаар хуралдааныг хойшлуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар арга ядан тайлбарласан.

Тухайн үед УИХ-ын даргын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэх асуудал өндөрлөгөө авч, төсвийн төсөлд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар маргаан өрнөж байлаа. Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын даргын санаачилгыг эрс эсэргүүцсэн тул УИХ санал хураалтаараа бойкот хийснийг үгүйсгэхгүй. Хэдий тийм байлаа ч УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал энд давхар яригдана. Даргын томилгоонд бүгдээрээ суучихаад хуулийн хэлэлцүүлэгт картаа шургуулаад хаяад гарчихдаг байдал газар авсны илрэл.

Жишээ 2. 15.45 цагт ирц бүрдээгүй тул санал хураалтыг хойшлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн танилцуулгын дараа төслийн талаар ажлын хэсгийнхнээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулах гэсэн боловч гишүүдийн ирц хангалтгүй байв. Тиймээс 15.45 цагт чуулганы хуралдааныг хойшлуулж, санал хураалтыг маргаашийн чуулганаар үргэлжлүүлэхээр тогтлоо.

Ойрын хоёр жишээг дурдахад л ийм байна. Улсын төсөв бол тухайн жилдээ хэлэлцэх хамгийн чухал хуулиудыг нэг. Жилийн орлого, зарлага хэр байх вэ, юунд хэдэн төгрөг зарцуулах вэ, хаанаас хэдэн төгрөг цуглуулах вэ гэдгээ шийддэг нэн чухал асуудал. Гэрийн тэжээвэр амьтны хууль ч анхаарахгүй байх аргагүй сэдэв. Амьтан хамгааллыг сайжруулах төдийгүй анхдагч хуулийн төсөл гэдгээрээ гишүүдийн анхаарах ёстой л асуудал. Гэвч УИХ-ын гишүүд хэлэлцүүлэгтээ суух нь байтугай, хуулийн төслийн агуулгад анхаарч байгаа нь ч алга. Сонгуулийн жил эхлэх дөхөж, тойргоо услах цаг хугацаа гэж хүлээн зөвшөөрч болох ч үндсэн ажлаа цалгардуулахгүй байх нь тэдний үүрэг. Нөгөө талаар тойрогтоо хэрхэн бэлэг сэлт тарааснаар нь бус үндсэн ажлаа хэрхэн хийснээр нь дүгнэдэг сонгогчид болъё.